“Eurovision”-ы үеэр халдлага хийх гэж байжээ

Хуучирсан мэдээ: 2012.05.31-нд нийтлэгдсэн

“Eurovision”-ы үеэр халдлага хийх гэж байжээ

“Eurovision” олон улсын дууны тэмцээний үеэр халдлага хийхээр төлөвлөж байсан 40 сэжигтнийг Азербайжаны аюулаас хамгаалахын ажилтнууд баривчилж, зэвсгийг нь хураасан байна. Тус улсын Үндэснийг аюулаас хамгаалах яамны мэдэгдэлд “сэжигтнүүд тэмцээн болсон газар, гадаадынхан буусан зочид буудлуудад зэвсэглэн халдах гэж байсан гэжээ.

Аль-Кайда болон Ирантай холбоотой алан хядах бүлэглэлүүд тус улсад томоохон халдлага хийхээр төлөвлөж буй тухай мэдээ Азербайжаны аюулаас хамгаалах яаманд хэдэн сарын өмнө ирсэн аж. ОХУ, Ираны дунд оршдог Азербайжан улс нь газрын тосны асар их нөөцтэй, есөн сая хүн амтай аж. АНУ-тай сайн харилцаатай Азербайжан өрнөдийн холбоотон орнуудын хэрэгжүүлж буй алан хядагчдын эсрэг тэмцэх тэмцэлд чухал үүрэг гүйцэтгэсэн юм байна. 

Харин Азербайжаны улс төрийн ийм бодлого нь хүн амын багагүй хувийг Азери угсаатан эзэлдэг Ирантай тогтоосон дипломат харилцаанд сэв суулгажээ. Азербайжаны аюулаас хамгаалахын өчигдрийн мэдэгдэлд алан хядагчид өнгөрсөн дөрөвдүгээр сард Ерөнхийлөгч Ильхам Алиевийн амь насанд халдах гэсэн оролдлого, мөргөлийн газрууд болон цагдаагийн хэлтэсүүдэд халдах гэсэн оролдлогууд бүгд холбоотой гэжээ.

Азербайжаны албаны хүмүүсийн мэдээлснээр “Eurovision”-ын үеэр халдлага хийхээр завдсан 40 сэжигтнээс 13 буу нэг автомат, 12 гар буу, 3,400 гаруй сум, 62 гар бөмбөг, хэд хадэн кг тэсрэх бөмбөг хураасан байна.  Тэдгээр этгээдүүд “Eurovision”-ы тэмцээн зохиогдсон Баку хотын “Кристал Холл”, Марриот, Хилтон зэрэг зочид буудалд халдахаар зэхэж байжээ.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж