Сүүлийн жилүүдэд Завхан аймгийн хэмжээнд мал хулгайлах гэмт хэрэг, тэр дундаа бод мал хулгайлах явдал өсч байгаатай холбогдуулан мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор аймгийн прокурорын газраас санаачлан Завхан аймгийн Алдархаан суманд “Айл гэрийн амь нэг, саахалт айлын санаа нэг” хууль сурталчлах өдөрлөгийг зохион байгууллаа. Энэхүү өдөрлөгт Улиастай, Алдархаан, Эрдэнэхайрхан сумын иргэд, малчид оролцсон ба “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай” хууль болон бусад хууль тогтоомжийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, иргэдийн санал хүсэлтийг сонсч ажилласан байна. Өдөрлөгийн ажиллагаанд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажилтан, аймгийн Цагдаагийн газрын олон нийттэй харилцах байцаагч нар оролцож малын хулгайн хууль тогтоомжийн хэрэгжилт, мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх талаар цагдаагийн байгууллагаас зохион байгуулж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн байна. Өдөрлөг уулзалтанд ороцсон иргэдийн зүгээс Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулан, “Мал хулгайлах” гэсэн зүйл ангийг нэмж, хүлээлгэх хариуцлагыг чангатгах, хууль хяналтын байгууллагаас сумын багуудаар явж хууль сурталчлах зэрэг саналуудыг гаргасан байна. Өдөрлөгийн үеэр малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хуулийг сурталчлах самбар гарган, “Санамж, зөвлөмж”, бусад гарын авлага, материалыг иргэдэд танилцуулах зэргээр хууль сурталчилан ажилласан байна.
ЗАВХАН АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА