Иран нефтийг усаар солилцож байна

Хуучирсан мэдээ: 2012.05.31-нд нийтлэгдсэн

Иран нефтийг усаар солилцож байна

Иран улс Тажикистанаас жил бүр нэг тэрбум куб.м ундны усыг Афганистаны газар нутгаар дамжуулан импортлохоор болж байна.

Төв Азийн цэвэр усны нөөцийн гуравны хоёр нь Тажикистанд байдаг. Душанбе
хариуд нь нефть болон нефть боловсруулах үйлдвэртээ тусламж дэмжлэг
авах ажээ. Тажикистаныг Афганистанаар дамжуулан Ирантай холбох автозамыг
барих яриа хэлэлцээ ид үргэлжилж байна хэмээн Лалын бүгд найрамдах
улсын Эрчим хүчний сайд Мажид Нахри ярилаа.

Автозам барих санамж бичигт гурван улсын төлөөлөгч гуравдугаар сарын
26-нд Душанбе хотноо гарын үсэг зурсан юм. Энэ зам ашиглалтад орвол
нефть, хий, усыг зөвхөн Иран, Афганистанд бус мөн Персийн булангийн хэд
хэдэн оронд ашиг тусаа өгөх нь ойлгомжтой.

"Тегеран олон улсын хориг арга хэмжээнээс гарах арга зам хайж байгаа.
Нөгөө талаар, Төв Ази дахь гол холбоотон Душанбег дэмжихийг хүсч байна.
Иран, тажикууд гарал угсаа нэгтэй байдаг нь ихээхэн нөлөөлж байгаа"
хэмээн Дорно дахины судлалын хүрээлэнгийн мэргэжилтэн Владимир Сажин
өгүүлэв.

Сэжигтэй цөмийн хөтөлбөрийнхөө улмаас олон улсын хориг арга хэмжээнд
ороод байгаа Иран улс олборлож овоорсон нефтиэ хааш нь борлуулахаа
мэдэхгүй байна. Нефтийг усаар солих төсөл нь эдийн засгийн гэхээс илүү
улс төрийн шинжтэй алхам ажээ. Тегеран, Душанбегийн солилцоо, хамтын
ажиллагаа Тажикистан, Узбекистаны хоорондох "усны мөргөлдөөн"-ийг улам
хурцатгаж магадгүй байна. Иранууд энэ маргаанд үргэлж тажикуудын талд
зогсож ирсэн юм.

"Тегеран өөрийнх нь эсрэг хориг арга хэмжээнд нэгдээгүй улс орнуудтай
хамтын ажиллагааныхаа төвшинг хадгалж уян хатан байдлаа үзүүлэх хэрэгтэй
болж байна. Энэ хамтын ажиллагаанаас эдийн засгийн ашиг олохгүй бол
иранууд нефтиэ улс төрийн ногдол ашиг болгон хувиргахыг эрмэлзэж байна"
хэмээн тоймч, шинжээчид өгүүлж байна.

Иран тавдугаар сарын эхээр Хятадад нийлүүлсэн нефтийнхээ төлбөрт юань
авч эхэлжээ. Сүүлийн үед хятадууд жил бүр Иранаас 30 тэрбум долларын
нефть авч байгаа юм. Үүний зарим хэсгийг бартераар төлж байна. Эдүгээ
Тегеран бэлнээр авсан юанаараа Хятадын бараа үйлчилгээг худалдан авахаар
шийдэж байх шиг.

Энэтхэг улс мөн Иранаас нефть авахдаа үндэсний валют рупигээр төлбөрийг
нь хийж байна. Өнгөрсөн жил гэхэд л Дели Ирантай 8.2 тэрбум долларын
наймаа хийсний дийлэнх хэсэг нь нефть, хий байгаа юм. Харин Энэтхэг
нефть боловсруулах тоног төхөөрөмж, цагаан будаа, металл, автомашины эд
анги, эм бэлдмэл, химийн бодис, цай болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн
нийлүүлж байгаа аж.

"Одоо нөхцөл байдал өөрчлөгдөж байна. Хориг арга хэмжээний улмаас Ираны
зах зээл Энэтхэгийн бараа бүтээгдэхүүнд нээгдэх шаардлагатай болно.
Энэтхэгийн экспортлогчдод шинэ боломж гарч ирж байна гэсэн үг" хэмээн
Энэтхэгийн Олон улс судлалын төвийн мэргэжилтэн Закир Хуссейн ярилаа.

Иранууд нефтийн төлбөрт авсан энэтхэг рупийг Энэтхэгийн бараа
бүтээгдэхүүн худалдаж авах, Энэтхэгийн компаниудыг Ираны газар нутаг
дээрх томоохон төсөлд татан оролцуулахад ашиглаж болох юм. Жишээ нь,
Иран-Пакистан-Энэтхэгийн хий дамжуулах хоолойн төсөл, Ираны Фарси муж
дахь нефть, хийн орд, Чабар боомтыг шинэчлэх, Чабар-Заранж төмөр зам
барих төсөл зэрэгт зарцуулах боломж гарч ирж байгаа аж. Ийнхүү иранууд
хориг арга хэмжээний улмаас овоорч хуримтлагдаад байгаа нефтиэ борлуулах
зах зээлийг амжилттай байлдан дагуулж эхэлжээ.


Н.Мөнхжин
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж