Захиа байтугай гутлаа шидэж болдог юм

Хуучирсан мэдээ: 2012.05.31-нд нийтлэгдсэн

Захиа байтугай гутлаа шидэж болдог юм

Би их атаархуу хүн. Тиймдээ ч үүнийг бичиж сууна. “Нью-Йорк таймс” сонинд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвалын захиа гарчээ. АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обамад хан­даж намын дарга Н.Энхбаярыгаа өмөөрсөн байна. Н.Энхбаярыг баривчилчихаад байхад АНУ дуугарахгүй байгаад нь Монголын ард түмэн эгдүүцэж байгаа гэнэ. Ус балгасан юм шиг дуугуй байгаад нь их гутарч байгаагаа ч дурджээ. За энэ утга санаа яахав ээ, яахав. Б.Обамаг “Манайд ирж банш чимхэлцээгүйд  ихээхэн гутарч байна” гэж бичсэн ч Н.Удвал хатагтайн дур юм чинь. Харин “Нью-Йорк таймс” сонин түүнийг нь хэвлэчихсэнд л би атаархаад байна. Нүүр талбайн үнэ нь хэд юм бол зайлуул. Ямар ч байсан “Улс төрийн тойм” сониноос үнэтэй байж таарна. Манай сонин төгрөгөөр төлбөр авдаг бол “Нью-Йорк таймс” ам.доллараар авдаг байх. Зөвхөн ханшийн зөрүүнээс бодоход л хөөрхөн юм болно. За тэгээд дэлхий дахинд мэддэг сонины талбайн үнэ өндөр. Гайхалтай нь саяхан л мөнгөгүй гээд байсан МАХН  алс холын  үнэтэй сонинд мөнгө төлөөд захиагаа хэвлүүлчихдэг. Уг нь манай сонинд тэр захиагаа аваад ирсэн бол хямдхаан  хэвлээд өгөх байлаа.

Ингээд бичихээр “Танай муу сонин юу вэ…. айн. Бид дэлхийн хэмжээнд ярьж байна” гэх биз. Үнээн. “Нью-Йорк таймс”-ын хажууд юу билээ, нээрээ. Гэхдээ орлогын хойноос явдгаараа адилхан юм биш үү. Хэдхэн хоногийн өмнө “Н.Энхбаяр даргыг шоронгоос гараад ирэхээр төлбөрөө төлье. Гэрээ байгуулья тэгэх үү” гээд явж байсан нам гэнэт дээшээ үсрээд явчихаар нь л монгол хүний атаархуу зангаа дийлсэнгүй би. “Тэр муу америк сонинд хэдэн төгрөгийн орлого ороо бол” гэхээс тайван сууж чадахгүй байна. Мэдээж сонгууль болж байгаа энэ үед Н.Удвалын сурталчилгааг америкийн сонинууд хийхээр болчихсон юм биш байгаа гэсэн хардлага төрнө. Үндэсний компаниуд болох монгол сонинуудаа дэмжиж сурталчилгаагаа байршуулахгүй өөдгүй хүн бэ тэр. Ингэж хэлсэнийхээ төлөө  нэр дэвшигчийн нэр хүндэд халдсан номинациар  СЕХ-нд баригдаад эрүү шүүлт тулгуулдаг юм болов уу. Ер нь Н.Удвал мундаг хүн байна шүү. Би дэлхийн томоохон хэвлэлд юм бичиж үзэхсэн гэж мөрөөддөг юм. Тэгэхийн тулд тэр хэвлэлд тоогдох хэмжээний сэтгүүлч болж байж л миний нийтлэл хэвлэгдэнэ гэж боддог байлаа. Тэрнээс бус мөнгө төлөөд хэвлүүлчихдэг гэж санасангүй явж. Дэлхийн хэмжээний сонинд бичигдэхийн тулд дэлхийн хэмжээний хүн байх шаардлага алга. Хэ хэ. Мөнгө төллөө. Маргааш нь гарлаа. Гүйцээ. “Хөгжим бол дэлхий нийтийн хэл” гэдэг шиг мөнгө бас дэлхий нийтийн хэл мөн байна. За алийн болгон атаархсанаа тоочих билээ. Эцэст нь хэлэх үг байна. Н.Удвал хатагтайн Б.Обамад хандаж бичсэн тэр захианд ач холбогдол бүү өг өө. Н.Энхбаярыг өмөөрсөнгүй гэж тулгалт хийсэн байна гэж шүүмжлэх хэрэггүй. Тэртээ тэргүй Америкийн Ерөнхийлөгч рүү захиа байтугай гутлаа шидэж болдог юм чинь, ккк.

Л.Мөнхбаясгалан

Эх сурвалж: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж