Эрх зүйн зохицуулалтыг сайжруулах шаардлагатай гэв

Хуучирсан мэдээ: 2012.05.31-нд нийтлэгдсэн

Эрх зүйн зохицуулалтыг сайжруулах шаардлагатай гэв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас зохион байгуулж буй  “Эдийн засгийн өгөөжтэй өсөлт, эрх зүйн шинэтгэл” эрх зүйн олон улсын чуулган өнөөдөр “Их Тэнгэр” цогцолборт хуралдаанаа үргэлжлүүлж амжилттай дууслаа.

Төр, хувийн хэвшлийн түншлэл дэд бүтэц рүү чиглэнэ

Чуулганы хоёр дахь өдрийн хуралдаан “Төр ба хувийн хэвшлийн түншлэл” дугуй ширээний яриагаар эхлэв. Ярилцлагыг Өрсөлдөх чадварын судалгааны төвийн гүйцэтгэх захирал Ч.Отгочулуу хөтөллөө.

Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуун, Монголбанкны дэд ерөнхийлөгч Н.Золжаргал, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн концессын газрын дарга И.Батхүү, Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Роберт Шоллхаммер, ”Хоган Ловэллс” компанийн ажилтан Алекс Вон нар төр, хувийн хэвшлийг дэмжих эрх зүйн зохицуулалт, бодлогын талаар саналаа хэлэв.

Төр, хувийн хэвшлийн түншлэл бол үйлчилгээг хүмүүст хүртээмжтэй болгох нэг хэлбэр юм. Гэхдээ эдийн засаг, эрх зүй тогтвортой нөхцөлд энэ түншлэл амжилттай хэрэгжих бүрэн боломжтой аж. Манайд тавдугаар цахилгаан станц анх удаа ийм түншлэлийн хүрээнд баригдах төсөл болж байна. Үүнээс гадна төмөр зам, нийслэлийн халаалтын асуудал гээд төр, хувийн хэвшлийн түншлэлээр шийдэх дэд бүтцийн олон асуудал бий.

Энэ түншлэлийг бий болгоход Концессын хууль их ач холбогдолтой юм байна. Гэхдээ хууль нь төгс зүйл биш учир түүнийг хэрхэн хэрэгжүүлэх нь чухал аж. Төрийн өмчийн хороо концессын эрх олгож, холбогдох чиглэлийн яам мэргэжлийн бодлого талаасаа гол үүрэг гүйцэтгэх бөгөөд түншлэл ил тод, тэгш, үр ашигтай байх зарчимд тулгуурлах юм байна. Тэгш гэдэг нь эрх үүргийн тухай боловч гол нь эрсдэлээ төр, хувийн хэвшил адил хэмжээгээр үүрнэ гэсэн үг. Монголын хувьд гадаад, дотоодын аль ч хувийн хэвшил нээлттэй тендерээр түншлэлд оролцох боломж байгааг оролцогчид ярьж байв.

Харин зарим оролцогч “Төсвийн зохицуулалт, бүртгэл Монголд хоцрогдсон хэлбэртэй байгаа. Иймээс хүндрэл их үүснэ. Нөгөөтэйгүүр төр ашигтай төсөл хэрэгжүүлэх зарчим барих юм байна. Уг нь ашиг, мөнгө харах бус ирээдүйн нийгмийн өгөөжийг бодолцох нь чухал. Бас бүтээгдэхүүнийг төр худалдан авч болно” гэж байлаа.

Хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчийг дэмжих баталгааны санг үүсгэн байгуулах, хоёр дах зах зээл дээр хөрөнгө босгох  боломж бүрдүүлэхийн чухлыг оролцогч нар онцлов.

Газрын тос, байгалийн хийн эрх зүйн зохицуулалт нэн даруй хэрэгтэй байна

 Дугуй ширээний ярилцлагын дараа дэд хуралдаан эхэллээ. Эхнийх нь “Газрын тос ба байгалийн хийн зохицуулалт” сэдэвтэй байв. Газрын тосны хувьд олборлолт тун бага. Газрын тос олборлодог улсынхтай жишвэл тийм орны хоёр өдрийн хэмжээнийхийг жилдээ гаргах юм байна. Нөөц ч бага. Батлагдсан нөөц 200 сая тонн. Эдийн засгийн үр ашигтай нь 20 гаруй сая тонн аж. Салбарын яам олборлолтыг жилдээ 1-1.5 сая тоннд хүргэх, газрын тосны үйлдвэр баривал Засгийн газар бүтээгдэхүүн хуваах гэрээгээр өөрт ногдох хэсгийг нийлүүлэх бодлого барьж байна. Үүний зэрэгцээ занар, нүүрснээс хий гаргах зорилго тавин ажиллаж байгаа юм.

 Хуралдаанд оролцогчдын зарим нь “Засгийн газраас газрын тос, хийн хайгуул, олборлолтыг нэмэгдүүлнэ гэдэг ч хууль, журам нь нарийн тодорхой бус, ялангуяа хийн талаар зохицуулалт байхгүйтэй адил. Одоогийн яригдаж буй хуулийн төслүүд байдлыг дордуулж ч мэдэх юм. Газрын тосны асуудлаар маргаан бараг гардаггүй нь бүтээгдэхүүн хуваах нууц гэрээтэй холбоотой. Тиймээс бүтээгдэхүүн хуваах гэрээг бизнесийн нууц гэлгүй ил тод болгох хэрэгтэй” хэмээн шүүмжлэлтэй хандаж байлаа.

ЭБЭХ-ний сайд Д.Зоригт “Газрын тосны тухай хууль бол хамгийн тогтвортой, дагаж мөрдөж буй цөөхөн хуулийн нэг” гэв. Петровис компанийн ТУЗ –ын дарга Ж.Оюунгэрэл “20 жил гар хүрээгүй газрын тосны тухай хуульдаа одоо л нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа. Эрсдэл бүхий энэ салбарт ажиллаж буй цөөхөн жижиг компанийг төр хэтэрхий их татвараар боомилох гээд байна. Бүтээгдэхүүнийхээ 65-75 хувийг төрд тушаахаар байгаа. Үүнээс илүү юу авах гээд байгаа юм” хэмээв.

Хуульч Д.Мөнхтуяа “Ерөнхийлөгчийн санаачилгаар олон хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар салбар бүрийн ажлын хэсэг ажиллаж байна. Үүний нэг нь Газрын тосны тухай хуулийг шинэчлэн найруулж байгаа явдал. Цаг үеэ дагаад нийгмийн байдалтайгаа уялдуулан шинэчилж буй хуулийн өөрчлөлтөд хувийн болоод бусад компани, аж ахуйн нэгжийг боомилсон зүйл байхгүй. Гэхдээ хуулийн шинэчлэлийн хэлэлцүүлэг хараахан болоогүй байна. Улс орны ирээдүйд хэрэгтэй, нийтийн эрх ашигт нийцсэн хууль төрүүлэх нь юу юунаас чухал” гэлээ.

Манай улсын хувьд газрын тос, хийн асуудлаар эрх зүйн зохицуулалт нэн даруй шаардлагатай байгаа нь ярилцлагаас илт байлаа.

 Үгсэн хуйвалддаг  нь илт ч одоогийн хуулиудаар шийдвэрлэх боломж хомс

  “Өрсөлдөөний бодлого ба зохицуулалт” сэдвээр дараагийн дэд хуралдаан өрнөв. Хуралдааныг Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Дашдорж хөтөллөө. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагва, Кемоникс Интернэшнл байгууллагын захирал Фернандо Бертоли, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүгч Т.Энхмаа, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш Б.Тэмүүлэн нар энэ талын эрх зүйн зохицуулалт ямар байгааг танилцуулав.

Манайд бизнесийн шударга өрсөлдөөн, ил тод байдал дутмаг, үгсэн хуйвалдаж үнээ тогтоодог байдал гарсаар байгааг Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Дашдорж баримтаар дурдан ярив. Үүний гол шалтгаан шударга бус өрсөлдөөнийг зохицуулах зах зээлийн гол хууль болох Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах хууль хэтэрхий ерөнхий, хоорондоо зөрчилдсөн, хариуцлагын тогтолцоо нь тодорхой бус байгаатай холбоотой ажээ.

Нөгөө талаас манай Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын судалгааны болон арга зүйн чадавхи, хүн хүчний хүрэлцээ, эрх зүйн статус нь хангалтгүй байгааг  тус газрын дарга Б.Лхагва хэлсэн. Аливаа нэг бүтээгдэхүүнээрээ тухайн зах зээлийн 40-ээс дээш  хувийг 3-4 байгууллага дангаараа эзэлж байвал монополь гэдэг аж. Манайд ийм байдал нэлээд бий бололтой. Гэхдээ тэдний үнээ үгсэн хуйвалдаж буйг хэн, хэрхэн  мэдэж тогтоох, шалгаж хариуцлага тооцох талаарх хууль эрх зүйн тодорхой зохицуулалт байхгүйтэй адил гэж оролцогчид ярилаа.

Ийм зохицуулалтаас гадна бүх байгууллага, иргэд оролцож байж шударга өрсөлдөөн, ил тод байдлыг бий болгоно гэж Б.Лхагва онцлон дурдлаа.

Арбитраар маргааныг шийдвэрлэх нь оновчтой арга боловч
манайд эхлэл төдий байна

Монголын үндэсний арбитрын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Гүнждавга “Энэ байгууллага байгуулагдсанаасаа хойш 211 маргаан шийдвэрлэсэн” гэлээ. Гэтэл АНУ, Европын орнуудад нийт маргааны 60-80 хувийг арбитраар шийдвэрлэдэг юм байна. Бизнес эрхлэгчдийн дундаас төрсөн арга учраас тэр аж.

Манайд өргөн хэрэглэхгүй байгаа нь арбитрын тухай ойлголт түгээмэл биш, бас хууль Монголын нөхцөлд төдийлөн тохирохооргүй болсонтой холбоотой гэж зарим оролцогч хэлж байв. Харин гадны хуульчид “Арбитрын эрх зүйн орчин монголд сайн юм байна. Бие даасан хуультай. Нью-Йоркийн конвенцэд 1995 онд нэгдсэн, одоо Вашингтоны конвенцэд нэгдэхээр ажиллаж буй юм байна. Улаанбаатарт олон улсын арбитр ч байгуулж болохоор байна” гэлээ. Гэхдээ тухайн улсын хөгжлөөс нэлээн шалтгаалдаг тухай тэд ярьсан юм.

Оролцогчид Монголын арбитрт шүүхийн оролцоо хэт их хэмээн шүүмжиллээ. Арбитрч томилох, татгалзуулах гэх мэт шүүхийн зарим оролцоог болиулж, төв арбитрт нь өгдөг туршлага гадны орнуудад бийг ч тэд анхааруулав.

Эдгээр нь арбитрын үйлчилгээ манайд эхлэл төдийн дээр эрх зүйн зохицуулалт хэрэгтэйг харуулж байна.

Оюуны өмчийн эрхийн хамгаалалт сайн ч зөрчлийг шийдвэрлэх
хуулийн заалт нарийн  тодорхой бус

“Оюуны өмчийн зохицуулалт” сэдэвтэй дэд хуралдаан боллоо. Оюуныг өмчийг хамгаалахад бас бүх нийтийн оролцоо чухал ажээ. Ингэх нь өмчийн эзнийг төдийгүй хэрэглэгч олон нийтийг ч хамгаалж буй юм байна. Оюуны өмчөө гадаадад ч, Монголдоо ч хамгаалах боломж бүрдсэн тухай хуралдааныг хөтлөгч Оюуны өмчийн газрын дарга Н.Чинбат тэмдэглэж байлаа.

Манай оронд оюуны өмчийн 30 гаруй мянган зөрчил маргааныг шийдвэрлэхэд давж заалдах нь мянгад нэг байгааг оролцогч дурдав. Энэ нь нэг талаар сайн үзүүлэлт. Нөгөө талаар эрхээ эдэлж чадахгүй байгаатай холбоотой байж болох юм.

Монгол Улс Оюуны өмчийг хамгаалахтай холбоотой 15 гэрээ, хэлэлцээрт нэгдсэн юм байна. Оюуны өмчийг хамгаалах талаар эрүүгийн болон иргэний хуульд орсон заалтуудыг илүү тодорхой болгох шаардлагатайг, бас энэ чиглэлээр ажилладаг хүмүүсийн тоог нэмэгдүүлэх хэрэгтэйг оролцогчид онцлон дурдав.

Компанийн хуульч эрсдэлийг 100 хувь даахаар зөвлөгөө өгөх ёстой

Чуулганы сүүлчийн дэд хуралдааныг “Ерөнхий хуульчийн байр суурь: Азийн орнуудтай хамтарч бизнес эрхлэх нь, хууль зүйн хувьд хийж болох, болохгүй алхмууд” хэмээн нэрлэжээ.

 “Азийн орнууд Европтой ойртож байна. Уг нь төрөө их шүтдэг, бизнес эрхлэх соёл нь ч их онцлогтой байсан. Тэдэнтэй харьцуулахад Монгол бол илүү нээлттэй орон. Оросын нөлөөтэй ч холбоотой байж болох. Гэхдээ хуулийн тогтолцоо, ёс заншлыг судлах, дасан зохицох гээд бэрхшээл бий” гэж Рио Тинтогийн хуульч хэлж байв.

Компанийн ерөнхий хуульч аливаа гэрээг тухайн орны хууль, бизнесийн ёс заншил, соёлыг сайн судалж баталгаатай болгон, эрсдэлийг 100 хувь даахаар зөвлөгөө өгөх ёстой. Ер нь аль ч оронтой гэрээ, хэлэлцээр байгуулахад амар биш байдаг. Том компанийн хувьд эрсдэл бага хэдий ч зарим оны нөхцөл байдлыг ойлгоход 5-6 жил шаардах нь бий. Харилцан суралцах, дасан зохицох, бизнесийн ур чадвар хурдан эзэмших явдал чухал. Гэрээ байгуулах нэг стандарт байхгүй. Тухайн орны онцлогт уялдуулах хэрэгтэй. Гэрээг  хоёр хэл дээр үйлдлээ гэхэд англи юм уу аль нэг хэл рүү орчуулахдаа санаа орхигдуулах тохиолдол гардаг. Энэ нь маргаан шийдвэрлэхэд бэрхшээл учруулах нь бий. Маргааныг хаанахын хуулиар шийдвэрлэхийг зааж өгөх, тухайн орноос хуулийн зөвлөх авах, мэргэшсэн хүнээр гэрээг бэлтгүүлэх, хугацааг маш тодорхой, бодит байдлыг тооцон тусгах, харилцагч улсынхаа эрх зүйн тогтолцоог мэдэх гээд анхаарах олон зүйл байдгийг оролцогчид дурдан ярилаа.

Чуулганы төгсгөлд “Компанийн нэгдэх зарчим, хандлага ба Due Diligence” сэдвээр семинар зохион байгуулав. Ийнхүү хоёр өдрийн эрх зүйн олон улсын чуулган амжилттай өндөрлөлөө.

http://www.president.mn/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж