Хуульч сонгон шалгаруулах ажлыг эрхлэх орон тооны бус зөвлөлөөс зарласан сонгон шалгаруулалтын тов ёсоор өнөөдрөөс эхлэн буюу тавдугаар сарын 30-ны өдрөөс долдугаар сарын 18-ны өдрийг дуустал Улаанбаатар хотод Хууль зүйн үндэсний хүрээлэн, орон нутагт Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтэст бүртгэл явагдах аж.
Сонгон шалгаруулалтад оролцохыг хүсэгчдийг бүртгэхдээ дор дурдсан материалыг бүрдүүлсэн байхыг шаардах бөгөөд үүнд, – Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөл, сонгон шалгаруулалтад оролцогчийн анкет, Монгол Улсын иргэний үнэмлэх, гадаад улсын иргэн, харъяалалгүй хүний хувьд гадаад улсын паспорт болон түүнийг орлох хууль ёсны баримт бичиг эх хувиараа болон нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, эрх зүйн бакалаврын болон түүнээс дээш боловсролын зэргийн диплом эх хувиараа болон нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, эрх зүйч мэргэжлээр хоёроос доошгүй жил ажилласан тухай ажил олгогчийн тодорхойлолт, Нийгмийн даатгалын дэвтэр, ял шийтгэлгүй болохыг нотолсон цагдаагийн байгууллагын тодорхойлолт, сонгон шалгаруулалтын нэг оролцогчид ногдох зардлыг тушаасан баримтыг авчрах аж.
Шалгалтын бүртгэлийн хураамж болох 20 мянган төгрөгийг Төрийн сангийн Хуульч сонгон шалгаруулах ажлыг эрхлэх орон тооны бус зөвлөлийн 900012019 дансанд тушаасан байх гэнэ.
Б.МАНДАХ