Нэрт зохиолч, сурган хүмүүжүүлэгч Шри-Чинмойн санаачилсан “Даян дэлхийн эв найрамдлын гүйлт”-ийн галт бамбарыг хүлээн авах ёслол өчигдөр /05.30/ Сүхбаатарын талбайд боллоо. Тус гүйлт анх 1987 онд зохион байгуулагдсан бөгөөд энэ жил 25 дахь удаагаа болж байгаа юм. Энэ жилийн дөрөвдүгээр сард АНУ-ын Нью-Йорк хотод албан ёсны нээлтээ хийсэн энэхүү галт бамбарт буухиа гүйлтэд дэлхийн 140 гаруй орон хамрагдаж байгаа аж. Дэлхийн эв нэгдлийн бэлэг тэмдэг болсон бамбарыг гар гараасаа дамжуулан эв нэгдэл, хайр хүндлэл, найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэх зорилготой тус гүйлтийн бамбар хүлээн авах ажиллагаанд Даян дэлхийн эв найрамдлын гүйлтийн зохицуулах хорооны ерөнхий зохицуулагч, тэргүүн Салил Уилсон, БТСГ-ын дарга Ч.Наранбаатар, Нийслэлийн БТСГ-ын дарга Ж.Ганболд, Гадаад харилцааны яамны хөрш орнуудын газрын захирал О.Энхтөр нар оролцов.
Б.ЗҮЧИ
“ӨДРИЙН ШУУДАН” сонин