
Үнэндээ хүмүүс хэрхэн хөгжим сонсч байна вэ гэдэг чанарын төвшинд нь үзвэл урагшлах биш, ухарч байгаа бололтой. Нарийн шахсан хөгжмийн файл нь баялаг биш харин тасхийсэн, ядмаг, нарийхан дуу гаргадаг бөгөөд тийм дууны файлын чанарыг CD болон винил пянзтай харьцуулах ч юм биш гэж дууны мэргэжилтнүүд үзэж байна. Ядаж байхад ядмаг чанартай болгосон дууг бусад дуутай ижил төвшинд сонсгохын тулд механикаар илүү чанга дуугаралттай болгодог.
Нэг талаасаа хөгжмийн салбар технологийн дэвшлийн золиос болсон гэж үзэж болно. Хэн дуртай, сонирхсон хүн нь дуугаа компьютер юм уу “iPod”-онд хуулж сонсч чадна. “Хэрвээ хүмүүс илүү чанартай хөгжим сонсохыг хүсвэл олон арга ашиглаж болно” гэж Zimmer ярьж байна. Гэвч олон хүн чанар сайтай хөгжим сонирхох эсэхээ ч хэлж мэдэхгүй байна.
2000-2009 онд Америкчуудын хөгжмийн стерео хэрэгсэлд зориулсан зарцуулалт бараг гуравны нэгээр буурч 960 сая ам.доллар болсон. Харин энэ хооронд дижитал хэрэгслүүдэд зарцуулсан төсөв 50 дахин нэмэгдэж 5.4 тэрбум ам.доллар хүрсэн гэж АНУ-ын цахилгаан хэрэгслийн холбоо мэдэгдсэн.
Одоогоос 10 жилийн өмнө “DVD-audio”, “SACD” гэсэн хоёр формат бий болж, аудио CD-нээс ч илүү чанартай дуугаралт амалж байсан боловч төдийлөн газар авч нийтийн хэрэглээ болж чадаагүй. Гэвч сүүлийн үед аудио файлны онлайн худалдааны дэлгүүрүүд хөгжмийн форматын чанарт илүү анхаарч байна. Өнгөрсөн жилээс “iTunes” хөгжмийн онлайн дэлгүүр стандарт дууны дуугаралтын чанар 128 килобит байсныг 256 килобит болгосон. Зарим онлайн хөгжмийн дэлгүүрүүд түүнээс ч илүү чанартай дуугаралтыг санал болгож байна. “Mog” онлайн хөгжмийн үйлчилгээ хэрэглэгч сард 10 ам.доллар төлөөд бүтэн сарын турш 320 кб секунд дуугаралттай аудио дууны чанар санал болгож байна.
“Хөгжимчид амьдралаа хөгжмийн ноот зөв сонсч, зөв дуугаргахын төлөө зориулдаг. Хэрвээ гурван сая ам.долларын үнэтэй “Stradivarius” хийл хэрхэн дуугарахыг сонсохыг хүсвэл тийм дуугаралт гаргаж чадах хөгжим, хөгжмийн файл сонгох хэрэгтэй” гэж “HDtracks.com” дэлгүүрийн үндэслэгч David Chesky ярьж байна. Тэдний дэлгүүр CD-нээс илүү чанартайгаар дууг ялгаруулж сонсгож чадах “HD” форматтай дуунуудыг нэгийг нь 2.49 ам.доллараар зарж байгаа бөгөөд одоохондоо зөвхөн жазз, классик хөгжим л зах зээлд нийлүүлж байна.
Чанартай хөгжмийн зах зээл одоогоор нийтийн хүртээл болоогүй байгаа бөгөөд цаашид хэр хөгжихийг нь гагцхүү цаг хугацаа л харуулах болно.
Т.Санаа