Тахрир хувьсгалчгүй байдаггүй

Хуучирсан мэдээ: 2012.05.31-нд нийтлэгдсэн

Тахрир хувьсгалчгүй байдаггүй

Египетийн хувьсгалыг хийгчид энэ мягмар гаригаас эхлэн Тахрирын талбайд эсэргүүцэл хийж байна. Тэд ерөнхийлөгчийн сонгуулиар унасан дэглэм ба исламистуудаас сонголт хийх болсондоо дургүйцэж байна.

Жилийн өмнө үүний тулд тэд 18 хоногийн эсэргүүцлийн ажиллагааг хийсэн үү? Тэд Хосни Мубаракийн дэглэмийн унаган улс орондоо ардчиллыг хүсэцгээсэн улс. Тэд үүний төлөө 800 гаруй хүнийхээ амийг өгсөн юм. Гэтэл ардчилал нь хувьсгалчдаар тогложээ. Ардчилсан сонгууль нь энэ цагаар хувьсгалчид цөөнх байсныг харуулж өглөө. Тахририйн талбай нь Египет биш байжээ. Олон хүн тийм гэж итгэхийг хүсэхгүй байна.

“Одоо бүгд талбайдаа гарцгааж байна. Би ч тэдэнтэй хамт. Бид ямар нэгэн намд харьяалагдахгүй. Би зүгээр л манай орон сайхан болоосой гэж хүсч байна. Хуучин дэглэмийн үлдэгдэл улс төрийн тавцанд гарахыг бид эсэргүүцнэ” гэж хувьсгалчдын нэг хэлэв.

Зургадугаар сарын 11-нд Египетийн шүүх Мубаракийн хуучин хамсаатнуудад засгийн эрхийн төлөө тэмцэхийг хориглохоор бэлтгэж байна. Одоогоор тэдний нэг, экс ерөнхий сайд Ахмед Шафик ерөнхийлөгчийн суудлаас алхам зайд ирээд байна. Үүний өмнөхөн эсрэг талынхан сонгуулийн штабыг нь шатаасан хэрэг ч түүний оролцоог зогсоохгүй бололтой. Ахмед Шафик нь Мубаракийн дэглэм унах сарууд ба дараах үед хэсэг хугацаанд ерөнхий сайд байлаа. Үүнээс өмнө тэрээр маршал ба сайд болсон  Мубаракийн хамт цэргийн нисгэгч байжээ. Шафик өөрөө “дэглэмийг эргүүлэн авчирна” гэж огт амлаагүй ч хувьсгалч нар түүний нэр дэвшсэнийг огтхон ч хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа билээ.

Үүний хажуугаар сонгуулийн нэгдүгээр шатнаас хасагдсан иргэний болон либерал намын төлөө байсан нэр дэвшигчид бүгд л “Мусульман ахан дүүс” хөдөлгөөний нэр дэвшигч Мохаммед Мурсийн төлөө санал өгөхийг өөрсдийн дэмжигчдэд уриалаад байна. Шафикийн төлөө санал өгөхгүй байснаар тэд хуучин дэглэмийг буцаан сэргээх ганц боломжийг хаана гэж үзжээ. 

Сонгогчдын оролцоо дөнгөж 50 хувийн орчим байсан нь хоёрдугаар шатанд  Арабын лигийн  экс ерөнхий нарийн бичгийн дарга Амар Муса, төв үзэлтэй исламист Абдель Футух нарыг гарч ирнэ гэж хэлж байсан шинжээчдийн дүгнэлтийг унагав. Сонгуулийн дараагийн шатанд сонгогчдын оролцоо улам бага байх хандлагатай. Египетчүүдийн ихэнх нь хувьсгалыг тэднээс хулгайлсан учраас “дахиад жил эсвэл хоёр жилийн дараа бид өөр том хувьсгалыг эхлүүлнэ” гэж ярьцгаах болжээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж