Цагдаагийн албаны хууль хэрхэн шинэчлэгдэх вэ?

Хуучирсан мэдээ: 2012.05.31-нд нийтлэгдсэн

Цагдаагийн албаны хууль хэрхэн шинэчлэгдэх вэ?

“Замын цагдааг зодсон тул гурван сарын хорих ял оноолоо”, “Цагдаагийн хувцас өмсөн дээрэм хийлээ” “Баянзүрх дүүрэгт эргүүл хийж явсан цагдааг дээрэмдэж”. “Цагдаагийн экс дарга нарын шүүх хурал хойшиллоо” зэрэг мэдээлэл хэвлэл мэдээллээр хангалттай гарч байгаа. Энэ бүх мэдээлэл цагдаагийн албаныханд хууль эрх зүйн нэлээд асуудал буйг хэлж буй юм. 1990 онд Монголын цагдаагийн байгууллага анх удаагаа өөрийн хуультай болсон. Дараагаар нь 1993 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдөр УИХ-ын дарга Н.Багабандийн гарын үсэгтэйгээр шинэчлэн баталж байжээ. Уг хуулийг мэргэжилтнүүд сайн хууль болсон хэмээн үздэг ч нийгэм, цаг үе өөрчлөгдөхтэй уялдаад тус хуульд 1995 оны аравдугаар сарын 7-ноос 2003 оны арваннэгдүгээр сарын 17-ны хооронд нийт 13 удаа нэмэлт засвар хийж байжээ. Өнгөрсөн оны хавар Цагдаагийн байгууллагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барьж. Гэвч тэрхүү шинэчилсэн найруулгад цагдаагийн нийгэм, эрх зүйн баталгаа, үйл ажиллагааг нь сайжруулах шинэлэг заалтууд байгаа боловч дахиад л нөгөө сууриар нь харах асуудал орхигдсон байлаа. Цагдаа өөрөө иргэн байх, иргэдийнхээ төлөө ажиллах, цагдаагийн алба бүхэлдээ ардчилсан нийгэмд зохицсон хариуцлагатай, ил тод, иргэний байх үзэл санаанууд хангалттай тусаагүй байв.

Мөн Цагдаагийн байгууллагын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарын өргөн барьсан хуулийн төсөл ч бий аж. Энэ төсөл нь иргэдийн жагсаал, цуглааны үед үүссэн эмх замбараагүй байдлыг зохицуулахад зэвсэгт хүчнийг татан оролцуулах, галт зэвсэг хэрэглэхтэй холбоотой. Гэвч энэ нь “иргэдийн эсрэг зэвсэг хэрэглэх нь” гэх хардалт төрүүлэхээр хэмжээний зохицуулалт болжээ. Иймд Ерөнхийлөгчийн Тамгын газраас “Цагдаагийн албаны тухай” болон “Цагдаагийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай” хуулийг мөн боловсруулжээ. Ийнхүү гурван тусдаа хуулийн төсөл боловсруулалтын болоод хэлэлцүүлгийн шатанд байна.

ГАРЧ БУЙ САНАЛУУД

Цагдаагийн албаны хуулийг шинэчлэхийн тулд дараах асуудлыг шийдсэн байх ёстойг олон нийт, цагдаагийн албан хаагчид хэлцгээж байлаа. Тухайлбал, Цагдаагийн байгууллага, цагдаа улстөрөөс хараат бус үйл ажиллагаа явуулж байх, хэн нэг даргын журмаар бус, хуулиар үйл ажиллагаа нь зохицуулагддаг байх зэрэг юм. Мөн одоогийн хуульд олон эрх, үүрэг заасан ч түүнийгээ яаж хэрэгжүүлэхийг тусгаагүй байдгийг өөрчлөх хэрэгтэй гэнэ.

Тодруулбал, бусад хүчний байгуул­лагуудтай харилцан яаж ажиллах нь хуульчлагдаагүй. Үүнээс болж өөр өөрийн хууль, журмаар ажиллаж, үйл ажиллагаагаа нь авцалддаггүй аж. Цагдаагийн албан хаагчдын зүгээс ажиллах нөхцөлийг хангахад анхаарч, орчин үеийн техник, технологийг өргөн хэрэглэх, албан хаагчдын тэдгээртэй харьцах чадавх, боловс­ролыг дээшлүүлэх сургалт тогт­мол явуулдаг болох тухай хэлцгээж байв.

Цагдаагийн алба хаах насыг 45 гэж хязгаарласныг өөрчилж, ажил гүйцэтгэх ийм оргил насанд нь халахгүй байх санал олонхийн дэмжлэг авч байлаа. Үүнийг “энэ нас бол бүх салбарт ажилд ороход ялгаварлагддаг нас. Халлаа гэхэд иргэншүүлэх, өөр ажилд орох нөхцлийг бүрдүүлж эртнээс сургалтад хамруулахыг төсөлд заах хэрэгтэй” гэж байлаа. Хэлэлцүүлгээр гарч байсан голлох саналд “Цагдаа нарын цалин бага. Ажил үүргээ гүйцэтгэж яваад бэртэж гэмтэж байна, амь насаараа хохирч байна. Энэ тохиолдолд олгодог нөхөн олговор, тэтгэмжийн хэмжээ бусад орнуудынхтай харьцуулахад хэтэрхий бага. Нөгөө талаас ажил үүргээ гүйцэтгэхдээ хэрэглэдэг тусгай хэрэгсэл тааруу” зэрэг байв.

ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ТАНДВАЛ

Ерөнхийлөгчийн санаач­лагаар боловсруулсан Цагдаа­гийн албаны тухай хуулийн төслийг харвал энэ хууль байгууллагын тухай хуулиудаас өөр бүтэц, зохицуулалттай аж. Цагдаагийн байгууллага дотор хэв журам сахиулах, эрүүгийн хэргийн, замын хөдөлгөөний гээд олон албадтай. Төслөөр тэдгээр албадын чиг үүргийг нь ялгаатайгаар тодорхойлоод албадад нь тохирсон эрхийг нь өгөх хууль болох аж. Цагдаагийн байгууллага нийгмийн хэв журмыг сахиулах, гэмт хэрэгтэй тэмцэх хоёр үүрэгтэй. Гэтэл гэмт хэрэгтэй тэмцэх эрүүгийн цагдаагийн газарт цөөхөн хүн олон асуудал хариуцан ажилладаг. Өөрөөр хэлбэл, хүний наймаа, мөнгө угаах, терроризмтэй тэмцэх, үндэстэн дамнасан том хэргүүд, албан тушаалын гэмт хэргүүд гэхчлэн маш олон том хэргүүдийн араас цөөн хүн хөөцөлдөж байна. Иймд мөрдөх албыг тэр чиг үүрэгтэй нь уялдуулаад эрхийг нь бүрэн өгье гэж хуульд тусгажээ. Ингэснээр мөрдөх алба нь үндэсний хэмжээнд өргөн цар хүрээтэй ажиллах, хэв жур­мын цагдаад орон нутагтайгаа ойр­хон ажиллах боломж бүрдүүлэх аж.

Түүнчлэн төслөөр цагдаагийн дэргэд иргэний зөвлөл байгуулахаар хуульд тусгасан нь нэлээд шинэлэг зохицуулалт болжээ. Үүний зорилго нь цагдаа, иргэн хоёрыг холбох тогтолцоог бүрдүүлэх гэнэ. Мөн цагдаа ямар дүрэм журам мөрдөх ёстойг иргэд мэдэхгүй байгааг өөрчлөхийн тулд зарим дүрэм журмуудыг хуульчлахаар тусгажээ. Ингэснээр цагдаагийн албан хаагч үүргийнхээ дагуу ажиллаж байна уу, үгүй гэдгийг мэдэх боломжтой болж цагдаа, иргэн хоёрын хоорондох үл ойлголцол үгүй болох бололтой. Мөн Цагдаагийн алба хаагчийн эрх зүйн байдлын хуулиар цагдаа гэдэг хэн юм бэ гэдгийг тодорхой болгон, гүйцэтгэх үүрэг нь тодорхой байхаар боловсруулжээ. Үүргээ биелүүлэх явцдаа “Би ийм зүйл хийчихвэл хэрэгт орчих болов уу, яах бол” гэж айж эргэлзэлгүйгээр ажиллах орчныг нь бүрдүүлэхийг зорьсон аж. Мөн үүрэг даалгавар өгсөн бол төр цагдаагаа хамгаалалтдаа байлгадаг эрх зүйн тогтолцоог хуульчлах гэнэ. Ийн цагдаагийн албаны хууль хэрхэн шинэчлэгдэх вэ гэдэгт төслүүд дээрх хариултыг өгч байна. Одоо дараагийн асуулт гарч ирнэ. Цагдаагийн алба хэзээ шинэчлэгдэх вэ?

Б.МАНДАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж