Хаврын чуулганаас хасагдсан хууль

Хуучирсан мэдээ: 2012.05.31-нд нийтлэгдсэн

Хаврын чуулганаас хасагдсан хууль

Давхар компани байгуулахгүйгээр олон улсын биржид хувьцаа гаргаж болно

Хаврын чуулганаар хэлэлцэгдэх болов уу  хэмээн багагүй хүлээлт үүсгээд байсан Үнэт цаасны зах зээлийн тухай хууль намрыг хүлээхээс аргагүйд хүрлээ. Хэдийгээр  хаврын чуулганы завсарлага авахын өмнөхөн парламент  багц хуулиудыг бөөндсөн ч тэдгээр “бөөний бараан” дотор  Үнэт цаасны зах зээлийн тухай хууль багтаж чадсангүй. Хууль зүй, дотоод хэргийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хөрөнгийн биржийн мэргэжилтнүүдээс бүрдсэн ажлын хэсэг Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж УИХ-д өнгөрсөн өвөл өргөн барьсан.  Монголын хөрөнгийн биржийн үйл ажиллагааг шинэчлэх ажлуудаас хамгийн чухал нь Үнэт цаасны зах зээлийн тухай хууль юм. Үнэт цаасны зах зээлийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль,  Иргэний хууль, Компанийн тухай хууль, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан  бусад хууль тогтоомжоос бүрдэж байгаа.

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийг анх 1994 онд баталж, 2002 онд шинэчлэн найруулсан хэдий ч өнөөгийн шаардлагаас хол хоцорсон, эрх зүйн орчин дутмаг. Мөн анхдагч, хоёрдогч зах зээлийн арилжаатай холбоотой харилцааны тодорхой зохицуулалт байдаггүй юм байна. Тиймээс үнэт цаасны зах зээлд томоохон хэмжээний хөрөнгө оруулалтыг богино хугацаанд, зардал багатай татах боломжгүй болчихоод байгаа аж. Шинэ хууль, журам батлагдвал хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын шалгуурыг өндөрсгөж магадгүй байна.

Тиймээс шинээр боловсруулж, УИХ-д өргөн бариад байгаа хуулийн гол зорилт нь үнэт цаасны зах зээлд оролцогчдын үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавих, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалахад чиглэгдэж байгаа аж. Хуулийг баталж, хэрэгжүүлснээр үнэт цаасны зах зээлийн тогтолцооны эрсдлийг бууруулах, шударга, ил тод, үр ашигтай байдлыг хангах юм. Хуулийн шинэчилсэн төсөлд зохицуулалттай зах зээл, биржийн бус зах зээл, үнэт цаасны анхдагч зах зээл, үнэт цаасны анхдагч зах зээл, опцион гэрээ, фьючерсийн гэрээг тодорхой болгож өгснөөс гадна  давхар бүртгэлийн асуудлыг тусгажээ. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд давхар бүртгэлийн асуудал тусгаагүйгээс гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд хэдийгээр сонирхол нь байвч Монголын хөрөнгийн биржид хувьцаагаа гаргаж чаддаггүй байна.

Тэрчлэн өнөөдрийн мөрдөгдөж байгаа Үнэт цаасны зах зээлийн тухай  хуульд хувьцааны ханшийг зохиомлоор өсгөсөн, унагасан, арилжаанд дотоод мэдээлэл ашиглаж оролцсон этгээдэд хариуцлага тооцох субьект байдаггүй.  Шинэчилсэн хуулийн төсөлд Монголын компани давхар компани байгуулахгүйгээр олон улсын биржид хувьцаагаа гаргах, кастодиан, депоситари банк гээд өнөөгийн хуулинд байхгүй олон шинэ ойлголтын зохицуулалтыг суулгаж өгчээ. Мөн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, бенефилциар өмчлөгч, номиналь эзэмшигч гэж хэн бэ гэдгийг ч хуулийн төсөлд тодорхой зааж.

“Эрдэнэс Тавантолгойн” IPO гаргах асуудал дахиад хойшлох нь

Үнэт цаасны зэх зээлийн тухай хууль хаврын чуулганаар батлаг­даж чадаагүй учраас  “Эрдэнэс Тавантолгой” компанийн IPO ч энэ жилдээ амжиж олон улсын хөрөн­гийн биржүүдээр гарах нь эргэлзээтэй болоод байна.  Коксжих нүүрснийхээ чанараар дэлхийд тэргүүлж, их гүрнүүдийн шуналыг хөдөлгөөд байгаа Тавантолгойн нүүрсний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажил ийнхүү хэсэг хугацаанд хуулийн гацаанд орох дог. “Эрдэнэс Тавантолгой” компани  хувьцааны 29 хувийг Лондон, Хонконгийн Хөрөнгийн биржид гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд шинжээчид Тавантолгойн IPO гурван тэрбум ам.долларын ашиг авчирна гэж таамаглаж байгаа юм.  Гэвч парламент Үнэт цаасны  зах зээлийн тухай хууль батлахаас нааш Тавантолгойд IPO хийх ажил бүтэхгүй. Тавантолгойн IPO-г хийх, баруун Цанхийн стратегийн хөрөнгө оруулагчдыг сонгох шалгаруулах процесс төмөр зам тавих яриа хэлэлцээр бүгд уг хуулиас болж хойшилсоор байгаа.

Тавантолгойд IPO хийх ажил хойшлогдсоноос уурхайн үйл ажил­ла­гааг хэвийн явуулахад багагүй хөрөнгө шаардагдах болж. “Таван­тол­гойн IPO-г төлөвлөгөөний дагуу энэ оны эцсээр гаргалаа ч гэсэн бусад зардлаа нөхөхөд дор хаяж 400 сая ам.доллар шаард­ла­гатай юм байх. Хэрэв парламент хаврын чуулганаар Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахгүй бол олон улсын хөрөн­гийн зах зээлээс мөнгө босгох ажил бас хойшилно. Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахгүйгээр “Эрдэнэс Тавантолгой”-г Хонконгийн хөрөн­гийн биржид бүртгүүлж чадахгүй” хэмээн”Эрдэнэс Тавантолгой” ком­­­­­па­нийн Уул уурхай асуудал эрхэл­­сэн гүйцэтгэх захирал Грем Ханкок нэгэнтээ мэдэгдсэн байгаа. “Эрдэнэс Тавантолгой”-н IPO гаргах асуудал ийнхүү хойшлох болсон нь Монголын иргэн бүрт олгохоор шийд­­­­вэрлэсэн 1072 ширхэг хувьцаа нэг хэсэгтээ үнэ цэнэд хүрч чадахгүй нь гэсэн үг.

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийг шинэчлэхгүйгээр  “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг бүртгэх боломжгүй гэдгээ Хонконгийн бир­жээс Монголын Засгийн газарт мэдэгдэл хүргүүлсэн байдаг. Мон­голын Засгийн газар гурван биржээр дамжуулан “Эрдэнэс Таван­толгой”-н хувьцааг олон улсын хөрөнгийн зах зээлд гаргахаар шийдвэр­лэсний нэг нь Хонконгийн бирж юм. 

Ж.ЭРХЭС
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж