Загаснууд цацраг идэвхт бодисоор хорджээ

Хуучирсан мэдээ: 2012.05.31-нд нийтлэгдсэн

Загаснууд цацраг идэвхт бодисоор хорджээ

Калифорнийн эрэг хавьд барьсан цэнхэр туна загаснаас Японы “Фүкүшима” атомын цахилгаан станцын өнгөрсөн жилийн ослын цацраг идэвхит бохирдлын ул мөрийг эрдэмтэд илрүүлсэн байна.

Туна загас Японы эрэг хавиас цацраг идэвхт бодисийг далай дамжуулан Америкт хүргэжээ. Гэхдээ уг загасыг хүнсэнд хэрэглэхэд өмнөхийн адил аюулгүй гэж эрдэмтэд хэлж байна.

Энэ тохиолдолд эрдэмтдийн сонирхлыг загасны төрлүүдийн нүүдлийн зай, далайн амьтад аюултай бохирдлыг зөөж чадах уу гэсэн асуудал л татсан байна. “Энэ сургамж нь хэдэн мянган км-ээр тусгаарлагдсан экологийн бүсүүд хоорондоо хэрхэн холбоотойг харууллаа” хэмээн Стоуни-Брукийн Их сургуулийн профессор Николас Фишер онцлов.

Фишер ба түүний хамтран ажиллагсад өөрсдийн судалгааны үр дүнг Үндэсний шинжлэх ухааны академийн сэтгүүлд нийтлүүлжээ.

“Фүкүшима” станцын ослоос таван сарын дараа 2011 оны наймдугаар сард Сан-Диегогийн ойролцоох уснаас барьсан 15 ширхэг цэнхэр туна загасны булчингийн махнаас авсан дээжийг эрдэмтэд судалсан байна. Шинжилгээгээр бүх 15 загаснаас цацраг идэвхит цезийн нэмэгдсэн төвшин илэрчээ.

Цезий-137 нь далайн уснаас илэрч байсан нь цөмийн бөмбөгийн усан доорх туршилтын ул мөр байлаа. Гэхдээ Цезий-134 бодисны хагас задрал нь хангалтай бага, хоёрхон жил байдаг учраас цезийн изотоп цэнхэр тунагаас илэрснийг зөвхөн Фүкүшимагийн ослоос үүдэлтэй гэж болох гэнэ. Ослоос өмнө барьсан туна загасанд байсан уг бодисийн төвшнөөс тэр 15 загасны Цезий-137 ба Цезий-134 бодисны хуримтлал даруй 10 дахин их байлаа.

Судалгааны давхар шалгалт болгон эрдэмтэд гол төлөв Номхон далайн зүүн хэсэгт байдаг шар сэлүүрт туна загасны булчингийн махны шинжилгээг давхар хийж харьцуулсан байв. Тэр загасны бие мах бодийн цезийн хуримтлал нь Японы ослын өмнөх үеийн хэмжээнд байлаа. Эрдэмтэд зах зээлд ихээхэн эрэлттэй далайн хүнсний хорхойтнуудын үнэлдэг цэнхэр туна загасыг сонгон судалсан гэнэ.

Өнгөрсөн жилийн ангийн туна загас идэж байгаа хүмүүс аюулгүй учраас эрүүл мэнддээ зовоод хэрэггүйг эрдэмтэд сануулав.

Эрүүл мэндэд хор хөнөөлгүй

Загасны цацраг идэвхт бодисын бохирдол нь зөвшөөрөгдсөн хэмжээнд байна. Тэр нь байгальд тохиолдох зарим изотопууд, тухайлбал калий-40 бодисийн бохирдлын төвшнөөс доогуур ажээ.

“Калий-40 бодисын цацраг идэвхжилт нь ойролцоогоор цезийнхээс 30 дахин их байдаг. Хэрэв та энэ бүсийн цацрагийн байх ёстой төвшнийг хараад үзвэл Калифорнийн эргээс агнасан цэнхэр туна цацраг идэвхийн бохирдлоор ердийн хэмжээнд байгааг ойлгож болно. Түүний цацрагийн бохирдол нь байгалийн үзүүлэлтээс ердөө л гуравхан хувиар дээгүүр байна” гэж Фишер өгүүлжээ.

Эрдэмтний хэлснээр эдгээр загаснууд нь далайг туулан ирэхийн өмнө тэдний цацрагийн бохирдлын төвшин ердийн хэмжээнээс 50 хувиар илүү байжээ. Тэр үед хүнсний аюулгүй байдлыг хангах хязгаарлалт байсан учраас тийм загас худалдаанд гараагүй гэнэ.

Эрдэмтэд ойрын саруудад хожим Калифорнийн эрэгт нүүн ирсэн туна загаснуудад шинжилгээ судалгаа хийхээр төлөвлөсөн байна. Мөн тэд нүүдлийн бусад ан амьтдад ийм талын судалгаа хийнэ. “Фүкүшима” станцын ослын жишээн дээр ямар зайд хэрхэн ямар замаар цацраг идэвхт бохирдол тархаж буйг нарийвчлан судлах боломж гарч ирлээ гэж эрдэмтэд дүгнэж байна. Энэ судалгаа нь байгаль хамгаалал, загасны аж ахуйд тустай гэж Фишер ярьж байна.

“Фүкүшима” атомын цахилгаан станцаас цацраг идэвхит бодисын хаягдал 2011 оны гуравдугаар сард газар хөдлөлт ба цунамийн улмаас гарчээ. Ослын ул мөрийг арилгах ажил өнөөг хүртэл үргэлжилсээр байна.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж