Үнэндээ өнгөрсөн арван жилд МИАТ болон “Кореан Эйр” хоорондын харилцаа тийм ч сайн байгаагүй. Нислэгийн компаниудын хоорондын харилцааны таарамжгүй байдал онгоцны том, жижигтэй холбоотойгоос биш үнэ болоод үйлчилгээний асуудлаар ямар ч хамааралгүй юм. Товчхондоо хоёр улсын монополь компаниуд нийслэгийн тийзний үнээр өрсөлдөөд байгаа юм биш. Суудлын тоо, онгоцны хэмжээнээс болж үе үе хэрүүл маргаан дэгдээснээ тэгсхийгээд л намжчихдаг билээ.
БНСУ-ын хэвлэлүүдэд гарч буй мэдээллийг сийрүүлэхэд “Кореан Эйр” компани өрсөлдөгч “Asiana Airlines”-ыг Монгол руу нислэг хийхэд санаатайгаар саад болж байсан гэнэ. Үүнийг нь тус улсын Шударга өрсөлдөөний хороо /Fair Trade Commission/ багагүй хугацаанд шалгалт явуулж, шалгалтаар энэхүү хууль бус үйлдлийг илчилсэн талаар www.english.chosun сайтад мэдээлсэн байна.
Шударга өрсөлдөөний хорооныхон өчигдөр “”Korean Air” болон МИАТ компани “Asiana Airlines”-ыг Монгол руу нислэг хийх эрх авахад саад болж, хууль бус аргаар Монголын Засгийн газрын гишүүдийг ятгаж байсан нь нотлогдсон” хэмээн мэдэгджээ. Тиймээс тус хорооныхон дээрх хуйвалдааныг илчилсний дараа “Korean Air”-ыг нислэгээ зогсоохыг үүрэг болгосон гэнэ.
1990 онд Монгол, Өмнөд Солонгосын хооронд иргэний агаарын тээврийн салбарт хамтран ажиллах гэрээг хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан цагаас хойш ”Korean Air”, MIAT компаниуд Инчеон-Улаанбаатарын хооронд долоо хоногт нэг талдаа зургаан удаа тогтмол нислэг хийх болсон юм. Дээрх чиглэлийн нислэгээс “Кореан Эйр” компани 29 хувийн ашиг олсон талаар мэдээлэл бас байгаа юм. БНСУ-ын Шударга өрсөлдөөний хорооноос “Өрсөлдөгч компанийг замаасаа зайлуулахаар зөвшилцсөн ”Korean Air”, MIAT компаниуд 2005 оны аравдугаар сараас хойш Монголын Засгийн газарт нөлөөлсөөр ирсэн” хэмээн албан ёсоор мэдэгдээд байгаа гэнэ. “Korean Air” өрсөлдөгчдөө боломж олгохгүйн тулд MIAT-тай байгуулсан гэрээг шалгаж буй бөгөөд тус хорооныхон бөгөөд Монголын Засгийн газрын гишүүдийг жил бүр БНСУ-д үнэгүй аялуулдаг тухай хангалттай материалыг гартаа оруулсан тухай ч мэдээлэл байна.
2010 онд ”Korean Air” Монголын Засгийн газрын 20 албан тушаалтныг байгалийн үзэсгэлэнт Чежү аралд аялуулахад 16 сая вон зарцуулсан байдаг. Ингэж ”Korean Air” Инчеон-Улаанбаатарын хооронд нислэг хийх монополь эрхтэй болсон бөгөөд нислэгийн захиалга ямагт их байдгаас гадна тийзний үнэ харьцангуй өндөр байгааг БНСУ-ын Шударга өрсөлдөөний хорооныхон судалж, энэхүү асуудалд анхааралтай хандахаа илэрхийлээд байгаа юм. Харин “Korean Air” үүнийг үгүйсгэж, “Хоёр орны Засгийн газрын аль алинд нислэгийн тоог хянах эрх байдаг. Агаарын тээврийн ямар ч компани эрх баригчидтай тохиролцох замаар нөлөөлж чадахгүй. Инчеон-Улаанбаатарын чиглэл дэх нислэгийн тоо дунджаар бусад чиглэлийнхтэй адил. Тийзийн үнэ өндөр ч биш” хэмээн мэдэгдсэн байна.
БНСУ-ын эдийн засгийн өрсөлдөөнийг зохицуулах газар зөрчилтэй компаниудад торгууль ноогдуулдаг боловч “Korean Air” компанид Монголын Засгийн газрын албан тушаалтнуудтай тохиролцож, монополь тогтоохоо зогсоохыг шаардсан байна. Харин МИАТ-ийнхан энэ талаар ямар нэгэн мэдэгдэл гаргахгүй байгаа бөгөөд албаны эх сурвалжийн хэлснээр “байдлыг харзнаж” байгаа бололтой. Гэхдээ тус компанийн хувьд монополь эрхээ хадгалж үлдэхийн төлөө ямар нэгэн мэдэгдэл хэзээ нэгэн цагт хийх нь тодорхой. Өмнөд Солонгос, Монголын хоорондын иргэний агаарын тээвэрт байгуулсан гэрээг дахин эргэж хэлэлцэхээр хоёр улсын Засгийн газар төлөвлөөд байгаа гэнэ. Энэ гэрээг шинэчлэх хуралд Монголын талаас Гадаад харилцааны яамны сайд Г.Занданшатараар ахлуулсан баг оролцох юм байна. Хурлын тов өнөө маргаашгүй тодрох бөгөөд хэрвээ хурлаар хоёр улсын агаарын тээвэрт бий болоод байгаа монополь байдлыг халж чадвал Инчон-Улаанбаатарын чиглэлд нисэх олон мянган иргэд хямд тийзээр нисэх боломж бүрдэж магадгүй л юм. Тиймээс ч Өмнөд Солонгосын хэвлэлүүд Одоо иргэний агаарын тээврийн “Asiana Airlines” Монгол руу нислэг явуулах боломж нээгдэх эсэхийг харах л үлдлээ. БНСУ-ын газар, тээвэр, далайн асуудал эрхэлсэн яам Монгол Улстай агаарын тээврийн салбарт дахин өөр гэрээ байгуулах нь зүйтэй” хэмээн бичиж байна.
Тиймээс БНСУ-д үүсээд байгаа асуудалд харин Монголын Шударга, өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар ямар нэгэн байдлаар анхаарлаа хандуулах цаг болсон байлтай. Нэг гараараа торгууль бичээд нөгөө гараараа тавьсан торгуулиа хүчингүй болгочихдог Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар үүрэг статусынхаа дагуу ажиллавал яасан юм бол. Татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж байгаа Монголын Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар БНСУ-ын Шударга өрсөлдөөний хорооноос суралцаж, агаарын тээврийн салбарт монополь эрхтэйгээр үйлчилж буй МИАТ-ын асуудалд ч бас анхаарлаа хандуулах нь зүйтэй болов уу.