Иргэн Б.Лхагважав хаачив?

Хуучирсан мэдээ: 2012.05.31-нд нийтлэгдсэн

Иргэн Б.Лхагважав хаачив?

“Одоо бүгдийг Миний дэлгүүрээс авдаг болсон” гээд нэг реклам залхтал зурагтаар явна. Гэхдээ мэдээж хэрэг удахгүй эхлэх улстөрчдийн уйдам, аймаар сурталчилгаанаас хамаагүй дээр л дээ.  Өнөө маргаашнаас таны хайгаад олохгүй байсан гишүүн чинь гэнэт зурагтан дотроос малийтал инээгээд гараад ирвэл гайхаж хэрэггүй шүү. Дөрвөн жилийн өмнө гарыг чинь атгаад амлалт авч байсан хэн нэгнийг “хайх” л гээгүй бол бараг зурагтаа асаахгүй байсан нь ч дээр. Ер нь тэгээд үхсэн амьдын сураг үгүй дөрвөн жил болчихоод сонгуулиар гэнэт гарч ирж айлгадаг нөхөд олон бий.

Удахгүй гэгээн дүр нь тодоос тод гарч ирэх зарим нөхдийг урьдчилаад нэг сураглая байз.

Тээр жил эдийн засаг ярьж, хувийн хэвшлийнхнийг төрийн дарамтаас ангид байлгах ёстой гэж хамгийн чанга тодоор дуугарч байсан нүдний шилтэй залууг санаж байна уу? Тэр бол “Урбанек”-ийн гэдэг тодотголтой иргэн Б.Лхагважав. Аль нэг намд хамаардаггүй гэдгээ илэрхийлж, эдийн засгийн талаар арай л илүү мэдлэгтэй мэтээр харагддаг байсан учраас түүнийг иргэн хэмээх тодотгож, жинхэнээсээ “иргэн” Лхамжав гуайн орыг залгах шийртэй заргач гарч ирэв гэж зарим хүн баярлаж байсан даа. Улстөржиж, хийрхэлгүйгээр эдийн засгийн талаар дорвитойхон дуугарчихдаг гэдэг нь түүний гол үнэлэмж, давуу тал байлаа. Бас иргэний хөдөлгөөний гэх тодотгол

Харин одоо иргэн Лхагважав хаачсан бэ? Иргэний хөдөлгөөн гэж сэвж, дэвж явсан нөхдүүд эцэс сүүлдээ аль нэгэн намыг барааддаг нь Монголд бараг жам болчихож. Тэр тусмаа элбэг дэлбэг, бийлэгжүү нам бараадвал бүр good. Одоо Лхагвжав МАН-ын хүн болсон.  Тэр тусмаа Ерөнхий сайдын зөвлөх. Харин эдийн засгийн эрх чөлөө гэж дуугарахаа больсон. Засгийн газрын эсрэг заргач нөхөр яг эсрэгээрээ засгийг өмөөрөх ажилтай болсон. Өнгөрсөн 2008 оны сонгуулиар түүнийг бие даан нэр дэвшээд ялагдахад зарим хүн харамссан. Харин өөрөө бол аль нэг нам бараадсан бол гэж харамссан биз. Одоо Лхагважав МАН гэсэн том ар талтай, болсон. Басхүү зарим хүмүүст эрх чөлөө ярьж, иргэний хөдөлгөөний гэсэн тодотголоо сануулж, зарим хүмүүст олон жилийн түүхтэй, тулхтай түшигтэй намын шалгагдсан манлай улстөрч гэсэн ойлголт төрүүлж солигддог тэмдэг шиг гялалзаж яваа биз. Иргэний хөдөлгөнөө эрх баригч намын тэмдгээр сольж чадсан юм чинь.

“Бусад худалдан авагчид хаачсан бэ, Тэд сугалаанд оролцохоор явсан” гэж эхэнд өгүүлсэн рекламны ролик төгсдөг юм.

Иргэн Б.Лхагважав хаачсан бэ? Тэр сугалаанд оролцохоор явсан, бүр бүхнийг өгч чадах МАН гэдэг дэлгүүрийн сугалаанд. Тэр азтай байгаа. Хэрвээ энэ сонгуульд Хан-Уул дүүргийнхэн түүнийг бүдрүүлчихгүй л бол бүр ч од шүүрнэ биз ээ. “Одоо бүгдийг миний дэлгүүрээс авдаг болсон…” юм чинь.

А.Шархүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж