С.Саранцацралт: Би цэцэг улаан өнгөтэй, иштэй, таван дэлбээтэй гэж мэдээж зурахгүй шүү дээ

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

С.Саранцацралт: Би цэцэг улаан өнгөтэй, иштэй, таван дэлбээтэй гэж мэдээж зурахгүй шүү дээ

Төрийн шагналт зураач С.Саранцацралтын  “Time”  нэртэй үзэсгэлэн өнөөдөр “ХААН” банкны “Арт Галлерей”-д нээлтээ хийлээ.

“Цаг
хугацаа” хэмээх ухагдахууныг өөрийн дотоод сэтгэлээрээ илэрхийлсэн
зураач бүсгүйн 30 орчим бүтээлийг энэхүү үзэсгэлэнд дэлгэн тавьсан
байлаа. Цаг хугацааг өнгөрсөн, одоо, ирээдүй цагийн хэмнэлтэйгээр
дүрслэн гаргасан шинэ бүтээл бүрийнхээ тайлбарт тэрээр тухайн зургийг
гүйцэтгэсэн хугацааг минут, секундын нарийвчлалтай бичиж үлдээсэн байв.
Түүний бүтээлийн нэг нь тав хоног, дөрвөн цаг, 57 минут, 31 секундэд
төрсөн бол нөгөө нь 93 хоногийн дараа эзнийхээ гараас гарсан байх
жишээтэй.

ДУДС, СУИС-ийг төгссөнөөсөө хойш 30
гаруй жил Монголын уран зургийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрхөөрөө
ялгарч чадсан нэрт зураач энэ удаа 25 дахь бие даасан үзэсгэлэнгээ
толилуулж буй нь энэ ажээ. Харин энэ хугацаанд уран бүтээлийн хамтарсан
64 үзэсгэлэнд оролцсон байна.

“Time”
үзэсгэлэнгийн нээлтэд “Пентатоник” академийн ерөнхийлөгч Б.Долгион,
“Донж” төвийн тэргүүн, имижмейкер Б.Төгөлдөр, “Hero” энтертайментийн
найруулагч Б.Баатар нарын урлагийн салбар бүрийн төлөөллүүд хүрэлцэн
ирсэн байв. Уламжлал ёсоор Цацаагийн үзэсгэлэн гадаадын зочин ихтэй
байлаа. Үзэсгэлэнг нээж, Хаан банкны гүйцэтгэх захирал Петр Морроу үг
хэлсэн бөгөөд тэрбээр өөрийн уран зургийн цуглуулгад нь зураач
С.Саранцацралтын бүтээл цөөнгүй байдгийг онцлов.  

           
“Time” үзэсгэлэн энэ сарын 28-ныг дуустал “ХААН” банкны Арт галерейд
үргэлжилнэ. Үзэсгэлэнгийн үеэр бид С.Саранцацралттай уулзаж, цөөн
асуултад хариулт авсан юм.

-Шинэ үзэсгэлэнгийн нээлтэд ирсэндээ баяртай байна. Танд баяр хүргэе. Маш сайхан зургууд байна?

-Баярлалаа. Миний үзэсгэлэнд хүрэлцэн ирсэн та бүхэнд ч гэсэн баярлалаа.

-Энэ удаагийн үзэсгэлэнгээ “Time” гэж нэрлэсэн юм чинь мэдээж та цаг хугацааны тухай л хүмүүст харуулахыг хүссэн байх?

-Тийм
ээ. Цаг хугацаа бол хүний амьдралын хамгийн гол зүйл шүү дээ. Хүмүүс
цаг хугацааны эрхээр, цаг хугацаа элэгдэхийн хэрээр амьдрал нь
үргэлжилж, хөгширч гундаж, амьдрал нь төгсгөл болж, мөн шинэ амьдрал
эхэлж байдаг. Хүмүүс цаг хугацаа л нисэн одож байна, нэг л мэдэхэд
хөгширлөө гэж ярьдаг боловч үнэндээ цаг хугацаа байрандаа байж, хүмүүс
өөрсдөө л хөгширч байна гэдгээ ойлгодоггүй, цаг хугацаагаа мэдэрдэггүй
гэх үү дээ. Тиймээс сайн анзаарах юм бол энэ удаагийн үзэсгэлэн цаг
хугацааны талаар олон мессеж өгөх байх. Та анзаарсан байх, би энд
тавигдсан бүх зурагны хажууд зургаа хэдий хугацаанд бүтээснээ цаг
минуттай нь тавьсан байгаа. Аливаа зүйл цаг хугацаагаар хэмжигдэж, цаг
хугацаатай байдгийг харуулахыг хичээсэн. Мэдээж, энэ бүх бүтээлийг
хийхийн тулд би цаг хугацааг өөрөө илүү сайн судаллаа. Үзэсгэлэнгээ
гаргахын тулд нэг жил зургаан сарын хугацаа зарцуулсан байна.

-Үзэсгэлэнд нийт хэдэн зураг тавигдсан бэ. Багц зургийн утга санаа зөвхөн цаг хугацааны илэрхийлэл үү?

-Үзэсгэлэнд
30-аад зураг тавигдсан байгаа. Цаг хугацаанаас гадна бүтээл бүрээс
хүний дотоод сэтгэлийн илэрхийлэл харагдаасай гэж хүсч байна. Хүмүүс
тэр талаас нь олж харвал илүү ойр тусах байх.

-Үзэсгэлэнд
авчирсан бүтээлүүд дунд эмэгтэй хүний зураг хэд хэд байна. Өмнө нь та
тэр бүр эмэгтэй хүнийг ингэж зурдаггүй байсан. Зарим нь таньтай ч
төстэй юм шиг…?

-Зурган  дээр байгаа
эмэгтэй би өөрөө биш л дээ. Гэхдээ намайг орлож, энэ үзэсгэлэнг миний
оронд та бүхэнд үзүүлж, нэг ёсондоо хөтөч болох байсан юм. Би уг нь
өнөөдөр нээлтийн ажиллагаанд оролцож амжихгүй байж магадгүй байсан.
Харин азаар өөр ажлаа зохицуулчихлаа. Тэр зургийг хөрөг гэж арай хэлж
болохгүй л дээ. Миний өөрийн хөрөг бол биш. Яахав надаар дамжиж, миний
гараас гарч байгаа болохоор надтай адил болсон юм байлгүй дээ. Бүтээл
бүртээ би өөрийн дотоод мэдрэмжийг л илүү харуулахыг хичээдэг.

-Та хамгийн анх хэзээ бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байсан бэ?

-Энэ
их урлагт орж, зураг зурж эхлээд 30-аад жил болж байна. Хамгийн анх
1991 онд бие даасан анхны үзэсгэлэнгээ гаргаж байлаа. Би юмыг тоогоор
хэмжихийг нэг их хүсдэггүй л дээ.

-Энд бас нэг
зүйл миний анхаарлыг татлаа. Таны уран бүтээлийг сонирхож байхдаа бараг
анх удаа цэцэг зурсан байхыг тань харж байна, миний хувьд. Энэ удаад
цэцэг зурж, юуг илэрхийлэх гэсэн тань их сонирхол татаж байна?

-Цэцэг
бол амьд байгалийн илэрхийлэл. Би одоо цэцэг улаан өнгөтэй, иштэй,
таван дэлбээтэй гэж мэдээж зурахгүй шүү дээ. Харин хүнд яаж
харагдахаасаа илүүтэйгээр ямар мэдрэмж төрүүлж байна вэ гэсэн
сэтгэгдлийг нь зургаар харуулахыг хүссэн юм.

-За танд баярлалаа. Цаашдын уран бүтээлд тань амжилт хүсье.

Г.УЯНГА /2009 оны 4 сарын 9/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж