Тус тоглолтод 50-иад хүний бүрэлдэхүүнтэй бүжигчид, уран бүтээлчдээс гадна АНУ-ын “Бостон балет” компанийн гоцлол бүжигчин, Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг мөн түүний анд, АНУ-ын Бостон хотын Фестиваль балет театрын гоцлол бүжигчин Эмили Локоссо урилгаар оролцоно. Олон улсын чанартай энэхүү тоглолтыг хамт олон, оюутан сурагчид, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хямдралтай үнээр үзэх боломжтой аж. Тоглолтыг “Нүүдэл трэйд”, АПУ ХК, “Таван богд” групп, “On&Off” продакшн, “МСS” групп, МИАТ, Нийслэлийн төр захиргааны олон компани ивээн тэтгэж байгаа юм.
“Комаки балет” тоглолт нь Японы үндэсний балет Мадарена, Н.Римски Корсаковын Шахерезада бүжгэн жүжиг гэсэн хоёр хэсэгтэй. Мадарена бол 400 жилийн тэртээх Японы түүхэн бодит үйл явдлаас сэдэвлэсэн бүтээл юм. Харин Шахерезада нь 1946 онд Японы тайзнаа анх тоглогдсон ба саяхан Д.Алтанхуяг тус улсад энэхүү бүжгэн жүжгийн гол дүрийг бүтээж, урлаг судлаачдаас өндөр үнэлгээ авчээ. Харин тэрбээр энэ удаа эх орныхоо тайзнаа Шахерезадагийн гол дүрдээ дахин тоглох гэж байна.
Өнгөрсөн жил “Комаки балет”-ыг үүсгэн байгуулагч Масахиде Комакигийн мэндэлсний 100 жилийн ой тохиосон бөгөөд уг ойн арга хэмжээнд одоогийн “New National Theater”-ын захирал УДБЭТ-ын захирал Б.Сэргэлэнг урин орцуулж байжээ. Түүнчлэн хамтын ажиллагааны хүрээнд УДБЭТ-аас олон уран бүтээлч урилгаар очин тус театр тоглож байгаа аж.
Сонирхуулахад, Комаки балетын уран бүтээлчид таван жилийн өмнө манай уран бүтээлчидтэй хамтран УДБЭТ-ын тайзнаа “Хунт нуур”, “Гала концерт”-ыг толилуулж байсан юм.