Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах болон иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилгоор Нийслэлийн мал эмнэлгийн газарт УАЗ-31512 автомашин нэгийг улсын нөөцөөс олгох, Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр байранд болсон дэлбэрэлтийн улмаас үүссэн хохирлыг арилгах, сэргээн засварлах, усанд осолдсон хүнийг авран хайх бүлэгт томилогдон албан үүргээ гүйцэтгэж яваад нас барсан Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Засаг даргын Тамгын газрын Хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтан Л.Ган-Одонгийн ар гэрт олгох тэтгэмж зэрэгт зориулан нийт 250 орчим сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо. Дархан суманд болон дэлбэрэлтийн улмаас үүссэн хохирлыг арилгах, сэргээн засварлахад гаргасан хөрөнгийг гэм буруутай этгээдээр төлүүлэх, улсын нөөцөөс олгосон автомашиныг гуравдугаар улиралд багтаан нөхөн бүрдүүлэхийг холбогдох сайд нарт даалгасан байна.
Б.ЭНХ