Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотод хөрөнгө оруулалт нэмэгдэж, бүтээн байгуулалтын олон ажил хийгдэж байгаа. Олон жил солиогүй шугам сүлжээг шинэчлэхээс авахуулаад орчны тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлууд ч ихээр хийгдэх болсон. Харин зарим газарт зассан зам талбай, явган хүний тохижуулсан замыг өвлийн бэлтгэл хангах үүднээс шугам солих гэж хуулах, эвдлэх явдал мэр сэр гарсан. Иймээс хотын даргын шийдвэрээр өнгөрсөн жилээс эхлэн эдгээр ажлуудыг нягт уялдуулж, хийгдэх ажлуудыг графикийн дагуу гүйцэтгэдэг болоод байгаа. Өнөө жил ч мөн энэ дагуу хотоо өнгөтэй тохитой байлгадаг болон өнтэй өвөлжүүлдэг албаныхан цугларч, хийх ажлуудаа бие биедээ мэдээлж, хугацаагаа тохирч, ажлаа хэрхэн уялдуулах тухайгаа нарийвчлан ярилцсан байна.
Хурлын төгсгөлд хотын даргын шийдвэрээр өнгөрсөн өвлийг өнөтэй давахад хувь нэмэрээ оруулсан байгууллага, аж ахуйн нэгжүүдийг шагнаж урамшуулжээ.