Нэгэн эх сурвалжийн мэдээлснээр жүжигчин бүсгүйг Хятадаас явахыг хориглож, хууль сахиулагчид шалгаж байгаа юм байна. “Boxun” сайтад бичсэнээр тэднийг 2007 онд “Dalian Shide Group”-ын захирал Сью Мин танилцуулсан гэнэ. Тэрбээр Зянь Зитэй нэг шөнийг өнгөрүүлж, түүнд зургаан сая юань өгсөн бөгөөд түүнийг Бо Силайд 10 сая юаниар санал болгожээ. Зянь Зи коммунист намын гишүүнтэй арав гаруй удаа дээрх байдлаар уулзсан гэж “Boxun”-д бичжээ. Зянь Зи, Бо Силай нар Сьюгийн Бээжин дэх хувийн амралтын газар нууцаар уулздаг байсан бөгөөд жүжигчин Бо Силайгаас гадна Хятадын Засгийн газрын өндөр албан тушаалтай өөр хоёр эртэй ч уулздаг байжээ. “Boxun”-д мэдээлснээр маш баян зургаан найз залуутай Зянь Зи сүүлийн арван жилийн хугацаанд биеэ үнэлэх замаар 700 сая юанийн хөрөнгөтэй болсон бөгөөд Бо Силай түүнд 180 сая юань зарцуулсан гэжээ. Гэвч Хятадын нэрт жүжигчин Зянь Зи дээрх мэдээллийг үндэслэлгүй, гүтгэлэг хэмээн өөрийн албан ёсны вэб сайтдаа өнөөдөр хариу мэдэгдэл гаргажээ.
Зянь Зи 1999 онд “Гэртээ харих замд” хэмээх кинонд анх тоглосноос хойш “Хэвтээ бар, хүрхрэх луу” зэрэг олон арван кинонд тоглосон Хятадын чадварлаг жүжигчдийн нэг аж. Хятадын улс төрийн дотоодын хямрал олон улсад ч илт анзаарагдах болсон бөгөөд коммунист намын элит гишүүдтэй холбоотой хэргүүд гэнэт ар араасаа сөхөгдөж эхэлснээс “Time” сэтгүүл “Скандалын Бүгд найрамдах улс” хэмээн тусгай дугаар хүртэл гаргасан билээ. Хятадын коммунист намын өндөр албан тушаалтнуудтай холбоотой дээрх хэргийн үнэн, худлыг тогтоох боломжгүй боловч арван жилд нэг удаа болдог удирдагчийн томилолттой ямар нэг сэжмээр холбоотой гэж ажиглагчид бичиж байна.