Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар өнөөдөр
Орхон аймгийн Засаг дарга асан Д.Оюунбатад холбогдох хэргийг хянан
хэлэлцэж, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж, хэрэгсэхгүй болгожээ.
Д.Оюунбат нь Орхон аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа албаны эрх
мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэгт
холбогдсон бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүхээс түүнд Эрүүгийн
хуулийн 263 дугаар зүйлийн 263.2-д зааснаар тодорхой албан тушаал
эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг нь хоёр жил хасч, 3,6 жилийн хорих
ял оноосон юм. Харин Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн
шүүх хуралдаанаас Д.Оюунбатад холбогдох хэргийг гэмт хэргийн
бүрэлдэхүүнгүй гэж үзэж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр
зүйлийн 24.1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, цагаатгасан байна.
Гэмт хэргийн бүрэлдэхүүн гэдэг нь дөрвөн шинжээс бүрддэг бөгөөд аль нэг
нь байхгүй тохиолдолд гэмт хэрэг гэж үздэггүй гэнэ. Дээрх дөрвөн шинжид
обьект, обьектив тал, субьект, субьектив тал гэж заажээ. Чухам аль шинж
нь байхгүй учир хэргийг хэрэгсэхгүй болгосон эсэхийг шүүгч мэдээлэх
учиртай гэнэ.