Тайпэй хотын бизнесменүүдийг хүлээн авч уулзав

Хуучирсан мэдээ: 2012.05.30-нд нийтлэгдсэн

Тайпэй хотын бизнесменүүдийг хүлээн авч уулзав

Монгол-Тайванийн эдийн засгийн форум маргааш Улаанбаатар хотноо эхэлнэ. Тус форумд оролцохоор хүрэлцэн ирсэн Тайпэй хотын бизнесменүүдийн төлөөллийг өнөөдөр Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг хүлээн авч уулзлаа.

Сүүлийн жилүүдэд Улаанбаатар, Тайпэй хотуудын харилцаа жилээс жилд өргөжин хөгжиж, хоёр талын худалдаа эргэлт 70 сая ам.долларт хүрчээ. Төрийн албан хаагчид, эмч нарыг мэргэжил дээшлүүлж, давтан сургах, монголын бизнес эрхлэгчдийг Тайпэй хотноо зохион байгуулагдаж буй эдийн засгийн форум, уулзалтуудад хамруулах гээд хамтын ажиллагаа өргөжиж буй. Тайванийн их, дээд сургуулиудад манай улсаас 40 гаруй цагдаа, 60 гаруй шүүх байгууллагын ажилтныг давтан сургажээ. Мөн одоо манай улсаас 500 гаруй оюутан суралцаж байгаагийн 3-ны нэг орчим нь Тайванийн Засгийн газар болон их, дээд сургуулиудын тэтгэлэгээр суралцаж байна.

Ази тивд тэргүүлэх хөгжилтэй Тайпэй хотоос Улаанбаатар хот суралцах зүйл их бий гэдгийг Улаанбаатар хотын нэгдүгээр орлогч онцлоод ялангуяа үйлдвэрлэл технологийн парк байгуулах, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх талд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ. Улаанбаатар-Тайпэй хотын эдийн засгийн форумд оролцохоор автомашины сэлбэг үйлдвэрлэл, мах боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмж, хүнсний сав баглаа боодол, бодис, түүхий эдийн үйлдвэрлэл, цэвэрлэх байгууламж, байгаль хамгаалал гээд төрөл бүрийн бүрийн салбарынхан хүрэлцэн иржээ.

Эх сурвалж: www.ulaanbaatar.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж