Угаадсаа гаргаад хашаан дотроо цацчихна, бие засах газраа ухах нүхгүй болтол сэлгэнэ гээд амьдарч байгаа орчноо тохижуулах биш бохирдуулж байгаа хүмүүс яаж эрүүл амьдрах билээ. Шарилжтай тэмцэх эхний алхам нь өөрсдийнхөө амьдрах орчинг тохижуулах. Учир нь шарилж, төдийгүй бүх төрлийн харшил бохир орчноос үүдэлтэй. Манайхан бие засах газар орсон гуталтайгаа гэр дотроо явдаг. Гэтэл тэр бохир гутлаар гишгэсэн шалан дээр хүүхэд нь тоглоод сууж байдаг. Бид гэр хороололд амьдардаг гээд бохир заваан байж болохгүй. Тэнд цэвэрхэн амьдарч болдог. Тухайлбал, Хөвсгөл аймагт л гэхэд хашаа нь цэмцгэр, айл бүр муу усны нүхтэй, тэндээ угаадсаа хийдэг. Түүнийг нь ариун цэврийн байцаагч нар нь устгал хийж өгдөг байна. Гэтэл нийслэлд тийм биш. Ядаж л амьдарч байгаа орчноо цэвэрхэн байлгавал бид бүх төрлийн өвчнөөс ангид байх боломжтой юм.
Шарилжийг ургамал судлаачид шимэгч ургамал хэмээн нэрлэдэг. Учир нь шарилж, ургасан газрынхаа бүхий л шим тэжээлийг өөртөө “сорж” амьдардаг байна. Тиймээс хогийн ургамалтай газарт ногоон байгууламж бий болох, жимс жимсгэнэ, тариалангийн талбай үр өгөөжөө өгөхөд тун төвөгтэй. Хүнд үзүүлэх хор нөлөө нь үүнээс ч дутахааргүй. Хамраас нь нус гоожно, найтайна, нүд улайна гээд хүн болгонд янз бүрээр илэрнэ. АӨСҮТ-д жилд дунджаар 68 мянга гаруй хүн ханддаг байна. Үүний 35-45 хувь нь ургамлын тоосжилтын харшилтай.
Шарилжийг зөвхөн зулгаан авснаар нийгмийн эрүүл мэндийг сахин хамгаалж байгаа хэрэг биш гэсэн. Нэгэнт тоосоо хүртээж байгаа үед нь зулгаагаад ч нэмэргүй. Ингэснээр шарилжны тоосыг агаарт илүү ихээр дэгдээх аюултай юм байна. Үүний оронд уг ургамлыг цэцэглэхээс нь өмнө зургаагаас долоон см-ийн таналтыг олон дахин хийх ёстой. Таналтыг зургадугаар сарын сүүлийн долоо хоногоос долдугаар сарын эхний долоо хоногт, наймдугаар сарын 15-30-нд хийх хэрэгтэй аж. Энэ арга хэмжээг эмнэлэг, эрүүл мэндийн мэргэжилтнүүдээс зөвлөгөө авч хийвэл нийгмийн эрүүл мэндийг сахин хамгаалах нэг гарц болж чадах юм байна. Түүнчлэн хогийн ургамал нь өглөөний 04:00-09:00, оройн 17:00-22:00 цагт тоосоо гөвдөг аж. Энэ үеэр харшилтай хүмүүс салхивчаа хааж, гадагшаа гарахгүй байх хэрэгтэй. Мөн тухайн ургамлын тоосноос сэргийлэх тарилга хийлгэх нь харшлаас өөрсдийгөө хамгаалах нэг арга гэсэн.
Харшлын өвчний талаар зарим зүйлийг ЭХЭМҮТ-ийн амьсгалын эрхтний эмгэг судлалын тасгийн их эмч Ө.Солонгоогоос тодруулсан юм.
-Харшлын өвчин ихэссэн нь юутай холбоотой вэ?
-Харшлыг оношлохын тулд тухайн хүний биеийн онцлог чухал. Ялангуяа хүүхдэд тохиолдож байгаа харшлын өвчнүүдийг харахад дийлэнх нь удамшсан байдаг. Эцэг эхийнх нь аль нэг нь харшилтай байгаа учраас хүүхэд харшилтай төрдөг. Харшилтай хүүхдүүд өвдөхөд бэлэн байдалтай эмгэгшилтэй байдаг. Ийм хүүхдийг харшилд өртүүлэхгүй байх боломж нь орчны ариун цэвэр. Түүнчлэн идэж ууж байгаа хоол хүнс, хэрэглэж буй саван, угаалгын нунтаг, замбараагүй эмийн хэрэглээ зэрэгт анхаарах хэрэгтэй. Харшил ганцхан шарилжнаас үүсдэггүй. Гэхдээ эхлээд оношлогоо чухал. Заавал харшилтай эцэг эхээс төрлөө гээд тухайн хүүхэд харшилтай болохгүй. Хүүхдийг эрүүл өсгөх нь маш чухал.
-Ямар эмчилгээ хийвэл үр дүнтэй юм?
-Эмчилгээ ярихын өмнө орчны ариун цэвэр, агаарын бохирдлын асуудлыг ярих хэрэгтэй. Ер нь харшлын эмгэгийг харшилд нөлөөлөгч хүчин зүйл, хөрсний бохирдол гарахаас өмнө эмчлэх ёстой. Улиасны цагаан хөвөн хийсээд ирэхээр хамраас нь нус гоожсон, хамар нь битүүрсэн хүн ихэсдэг. Жил бүр л мод нахиална. Тиймээс угтаж эмчилгээ хийлгэж байх ёстой. Гэтэл зөвхөн өвдөхөөр нь хэдэн эм уугад болчихдог. Харшлын эмгэгийг эмчийн хяналтад, тухайн харшилд мэдрэмтгий бодисоор дарангуйлах эмчилгээ хийлгэдэг.
-Хэрэв шарилжны харшилтай бол ямар эмчилгээ хийлгэх вэ?
-Шарилжны аллергинаар нь тарьдаг. Дөрөвдүгээр сарын 1-нээс долдугаар сарын 1-нд эмчлүүлэх хэрэгтэй. Өвдчихсөн хойно нь эм эмнэлэг хөөцөлдөд явах биш, өвдөхгүйн төлөө би яах ёстой вэ гэдгийг анхаарч байх нь чухал.
-Харшлын өвчин их байгаа нь нэг талаараа орчны бохирдолттой холбоотой юу?
-Зөвхөн өнөөдөр агаарын бохирдол гээд л яриад байна. Хамгийн гол нь өөрсдөөс нь шалтгаалах зүйлийг хийх хэрэгтэй. Гараа сайн угааж, орчноо цэвэр байлгах нь чухал. Өдөрт тогтмол цэвэрлэгээ хий. Манайхан сүүлийн үед дэндүү техникжээд тоосоо соруулчихдаг болсон. Тэр тоос нь бидний нүдэн үзэгдэхгүйгээр дээшээ босч байгаа шүү дээ. Тиймээс агаарын солилцоо хийх хэрэгтэй. Хүний наад захын эрүүл ахуйн дэглэм алга. Хүүхдээ зургаан сар хүртэл хөхөөр нь хооллох, гэртээ ээж нь хоёр нас хүртэл нь харах ёстой гээд эрүүл чийрэг өсгөх алхамуудыг ч хийхгүй байна. Дархлаа сайтай хүүхэд харшилд өртөөд байх нь бага.
-Харшил эм уугаад эмчлэгдчихнэ гэсэн ойлголттой хүмүүс байдаг. Харшлын эмийг эмчийн зөвшөөрөлгүй хэрэглэж болох уу?
-Буруу ойлголт. Эм нь химийн бүтээгдэхүүн. Харшилтай хүн эмийн замбараагүй хэрэглээтэй байж болохгүй. Эмэнд тус хүний хувийн үзүүлэх нөлөө гэж бий. Харшлын өвчин дотроо өөр өөр эмчилгээтэй. Таамгаар эмчилгээ хийж болохгүй. Харшлын гаралтай шок ч бий. Эмийг маш замбараатай бөгөөд мэдлэгэтэйгээр хэрэглэнэ.
-Энэ эмгэг хүндэрвэл ямар байдалд хүргэх вэ?
-Хүчилтөрөгчийн дутагдалд орж, эндэгдэлд ч хүргэх нь бий. Өөрөө өөртөө эмч хийж явсаар байгаад хүндрэхээр нь эмнэлэг рүү буруугаа чихдэг хүн олон.
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин