-Ямар тоглолтод оролцохоор бэлтгэл хийж байгаа юм бэ?
-Энэ чуулгаас санаачилсан “Монгол төрийн хөгжмийн их найрал, рок попчдын оддын хуралдай” нэртэй тоглолт ирэх сарын 10-нд СТӨ-нд болох юм. Үүнд намайг оролцооч гэж урьсан. Өнөөдөр бэлтгэлээ хийж эхлээд байна.
-Та дандаа завгүй явах юм аа?
-Харин тийм ээ. Өнгөрсөн шөнө шавь Л.Насанбуянгийнхаа бэлтгэлд зөвлөгөө өгөөд 03:00 цагт харьсан. Сая намайг дуулахад хоолой сэрээгүй байгааг сонссон биз дээ.
-Маргааш (өнөөдөр) “Universe Best Songs-2012”-ын Гран при шагналын эзэн тодорно. Шавьдаа хэр итгэж байна вэ?
-Түрүүлэх чадвартай уран бүтээлч. Чадахгүй байсан ч би зэмлэхгүй. Учир нь түүнийг урлагийн талбарт өөрийнхөө хэмжээнд бүх зүйлийг хийнэ гэж боддог.
-Зарим хүн “Гавьяатын шавь ийм уралдаанд оролцож багшийнхаа нэр хүндийг унагаах вий” гэж байгаа. Та юу гэж бодож байна вэ?
-Миний нэр хүнд хэчнээн уналаа ч шавийн минь үйлдлээс болохгүй. Тэгээд ч би айхгүй байна. Хэн нэгний нэр хүнд шүүгч хийснээр унадаг гэдэг. Тэглээ ч би үнэн эсэхийг нь харах гээд “Гэгээн алсын одод” шоуг гурав дахь жилдээ шүүж байна. Хэрвээ миний нэр хүнд унавал яаж сэргээхийг яруу тодоор харуулах асаалттай олон танк миний ард байна. Нэмж хэлэхэд чи миний шавийг хэрхэн дуулахыг сонсвол над руу сэтгэгдлээ мэссэжээр илгээгээрэй.
-Та саяхан Европын орнуудаар тоглоод ирсэн. Аян замынхаа сониноос сонирхуулаач?
-Гадаадад амьдарч байгаа монголчуудад тоглолт хийнэ гэдэг өөрийн улсын нийслэлд тоглохоос тэс өөр. Ялангуяа шинэ уран бүтээлээ дуулахаас илүүтэй хуучин дуугаа сонгодог. Тэд шинийг нь сайн мэдэхгүй болохоор тэгэхээс аргагүйд хүрч байгаа юм. Арваад жилийн өмнө дуулсан дуугаа сонгож дуулсан.
-Таны 1990-ээд оны сонсогчид тэнд олон байна уу?
-Олон. Би олон дуулсан дуугаа дахиж дуулах дургүй. Гэвч шаардаад байдаг болохоор ингэхээс аргагүйд хүрсэн. Гэхдээ зохион байгуулагчид шинэ уран бүтээлээсээ дуулахыг зөвлөсөн л дөө.
-Хэдэн хүний бүрэлдэхүүнтэй явсан бэ?
-Тав. Өмнө нь жуулчны визээр цөөхөн хүний бүрэлдэхүүнтэй явдаг байсан бол сүүлийн үед уран бүтээлчдийн визээр зорчдог болсон. Тэгэхээр олон хүнтэй явах боломжтой гэсэн үг. Харин Казахстан руу арвуулаа явсан. Ер нь би аль ч орны урлагийнхантай адилхан хамтарч ажилладаг. Ардын хөгжим, бүжгийн чуулга, драмын урлаг зэрэг аль ч байгууллага надад элэгтэй ханддаг.
-Нэг тоглолт хэдэн цаг үргэлжлэв?
-Хоёр цаг хагас. Цөөхөн үзэгчтэй муухан тайзтай газар ч оногдох юм. Тэглээ ч би хэдэн мянган хүний өмнө дуулж байгаа юм шиг ханддаг. Олон ч хувцас сольсон. Гэтэл үзэгчид маань “Ямар олон хувцас сольдог юм бэ” гэж байна билээ. Энэ байх ёстой зүйл шүү дээ. Цөөн хүн байгаа юм чинь гээд халтуурдаад өнгөрөлтэй нь биш.
-Ямар дууг тань илүү хүсч байна вэ?
-“Инээмтгий хүн” цомогт орсон дуунуудыг ихэвчлэн сонссон. Зарим нь уйлж байна билээ. Энэ цомогт “Санаж байна уу”, “Мартъя”, “Би жаргалтай” зэрэг дуу багтсан шүү дээ. Би өнгөрсөн шөнө эдгээр тоглолтоо зүүдэлсэн.
-Яаж байна гэж…
-Би өөрөө үзэгч болчихсон сууж байна гэнэ. Тэгснээ миний сонсох дуртай “Би жаргалтай”, “Миний аз жаргал” зэрэг дууг дуулахгүй байна шүү дээ гээд уурлаж босч ирсэн.
-Таныг өнгөрсөн ням гаригт тоглоход үзэгчид ам сайтай байсан шүү?
-Тийм бол сайн л байна. Түүгээрээ Европт тоглосон тоглолтоо базаж харуулсан юм. Үзэгчдэдээ “Босоо хүлээн авалт шиг болно” гээд хэлсэн чинь тэд намайг ундаа уугаад, хүссэн хүнтэйгээ ярьж инээлдээд, ариун цэврийн өрөө рүү хэзээ ч хамаагүй орно гэж бодсон гэсэн. Гэтэл би тайзнаас буулгүй гурван цаг дуулсан. Харин үзэгчид чөлөөтэй байсан.
-Та энэ жил ямар төлөвлөгөөтэй ажиллах гэж байна вэ?
-Долдугаар сарын эхээр АНУ-д амьдарч буй монголчууддаа ая дуугаа өргөнө. Мөн тус улсын театруудад тоглоно. Яваандаа төлөвлөгөө гарчих байх.
-Гадаадад хэдэн ам.доллараар тоглодог вэ?
-Янз бүр. Доод тал нь 50.
-Яруу найрагч, хөгжмийн зохиолчид онгодтой байна гэдэг. Дуучинд онгод байдаг уу?
-Онгодгүй байвал үзэгчид маань намайг өнөөдрийнх шиг хүлээж авахгүй шүү дээ. Гэхдээ олон жилийн өмнө заримдаа яаж ч гоё хувцаслаад, хамгийн сайнаар дуулаад ч хүмүүс сайхан хүлээж авахгүй үе байсан.
-Харин одоо өөр болсон байлгүй дээ. Таныг тайзнаа гарах бүрт үзэгчид алгаа хорстол ташдаг шүү дээ?
-Энэ бол үеэ мэдэрч, дуучнаа хүндэтгэдэг болсных. Би 20 гаруй жил дуулж байгаа болохоор гэгээрч байгаа ч юм билүү. Дуу гэдэг цагаан замтай байдаг болохоор түүнийхээ буянаар намайг ивээлгүүлж байна.
-Та 29 насандаа “Зууны манлай дуучин”-аар тодорсон. Тухайн үед дуучин болох л хүслээр жигүүрлэж байв уу?
-Тэгэлгүй яах вэ. Сайн дуучин л болчихвол бусад нь хамаагүй юм шиг боддог байж.
-Тухайн үед шантарч байв уу?
-Мэдээж. Наад зах нь цомог гаргах гэхээр ивээн тэтгэгч байхгүйд хамгийн их шантарч байсан. Тоглолтоо 80 мянган төгрөгийн ашигтай өндөрлүүлж байсан удаа бий. Хамтран ажилласан хүмүүс маань миний байдлыг мэдсэн болохоор мөнгө авъя гэж хэлж чаддаггүй байлаа. Тиймээс би тэднийг яаж шууд харь гэж хэлэх вэ “Найзынх нь тоглолтын орлого энэ” гээд бүгдээрээ караокед орж дуулж байлаа. Одоо ч уран бүтээлчид маань тоглолт нэг их ашигтай биш байвал мөнгө авна гэж улайрдаггүй. Тэгээд ч урлаг мөнгөөр үнэлэгддэггүй. Харин урлагийг мөнгөний ертөнц үнэлж болно.
-Олон жил дуулсан үеийн тань хамгийн сайхан мөч аль нь вэ?
-1995 он. “Аргагүй амраг” цомгоо гаргасан үе. Тэгэхэд манай улсад ганцхан FM байсан ч миний цомгийг ивээн тэтгэсэн. Магадгүй миний сэргэлэн зан тусалсан байх. Эсвэл авьяас маань тод байсан болохоор тэр биз. Тэр FM-ээр миний дуу хэзээ ч явж байдаг байлаа. Намайг хүндлэх хүн ч олширсон. Тиймээс би тэр үнэлэмжээ 20 гаруй жил алдахгүй юмсан гэж бодсон. Одоо ч гэсэн хэвээрээ байгаа биз дээ.
-Хэвээрээ байгаагийн мөн чанар нь юундаа байна вэ?
-Урлагтаа үнэнч явсных. Зарим хүн намайг “Ямар нэгэн арга хэмжээнд дуулахаараа амандаа орсон тоогоо хэлэх юм” гэдэг. Уучлаарай. Би үнэлүүлж чадаж байгаа болохоор тэгж хэлдэг юм.
-Дуучин болно гэсэн зорилгоосоо урваж байсан үе бий юү?
-Тайзнаас бууя гэсэн үе байсан л даа.
-Энэ бодолд тань юу нөлөөлөв?
-Шар хэвлэл. Хамгийн ихээр давшлуулсан дуучин нь би байсан. Үнэхээр өчүүхэн ч өрөвдөх сэтгэлгүй хүмүүс миний талаар болоогүй зүйлийг болсон мэтээр бичсэн. Жишээ нь эх орноосоо урвасан, элэг нэгтнээ худалдсан, Германы дотоод явдлын яамтай хамтарч ажилладаг зэрэг үлгэр домог шиг юм гарч байлаа. Хамгийн харамсалтай нь тэдгээр цуурхалд тухайн үеийн уншигчид итгэдэг байсан. Тэд намайг таарсан газраа луйварчин, янхнаар дууддаг байсан. Хэрвээ би тийм хүн байсан бол өдийд энэ зэрэгтэй явахгүй. Олон хүүхдийн ээж ч болохгүй шүү дээ.
-Гэр бүл салахад хүртэл нөлөөлсөн байлгүй?
-Яг үнэн. Ялангуяа хоёр дахь амьдралд. Шар хэвлэлийнхэн хатгасаар байгаад манай гэр бүлд хэл ам авчирсан. Болоогүй зүйлийг болсон мэтээр бичнэ. Олон ярихаар биеллээ олдог гэдэг дээ. Миний амьдрал ёстой л тэдний хүссэнээр болсон. Түүнээс хойш би өөрийнхөө аз жаргалаас татгалзаж, хувийн амьдралдаа нэг ч алдаа гаргахгүйн төлөө явж, тэдний өмнө баатарлагаар зогсч чадсандаа өөртөө баярладаг.
-Тухайн үед гомдол гаргаж байв уу?
-Шороог чулуугаар дарна гэж Оросын алдарт зохиолчийн үгнээс ишлэл татаад алж өгч байсан. Залуухан ч байж, мунхаг ч байж. Одоо бодоход тэднийг зөнд нь л орхичих байсан юм билээ. Эсэргүүцээд байхаар тэгж хэлж байгаа хүмүүсийн бах нь ханаж байгаа аятай улам ихээр бичдэг юм билээ.
-Та одоо ч эрч хүчтэй байдаг. Энэ нь тэгж бичүүлсний ач байх даа?
-Тийм шүү. Байнга толгойгоо илүүлээд байвал өдийд ийм хэмжээний дуучин болохгүй байсан. Би маш их хор шартай. Энэ маань намайг газарт унахаас илүүтэй сөрж харах боломжийг бүрдүүлсэн. Би нэг удаагийн “Алтан микрофон” наадмын шагнал гардуулах үеэр “Дуулианы эзэн”-ээр шалгарахдаа “Намайг энэ алдарт хүргэсэн шар хэвлэлийнхэндээ баярлалаа” гэж хэлсэн. Харин тэгж хэлсний дараа тэд надад сайхан ханддаг болсон. Одоо ч ялгаагүй.
-Та үргэлж шинийг эрэлхийлдэг. Таны санаа байдаг уу, эсвэл зөвлөгчтэй юу?
-Бусдаас нэг их санаа авдаггүй ээ. Миний дотоод сэтгэл л хэлж өгдөг юм. Гэхдээ тусалдаг хүн байлгүй яах вэ. Ялангуяа сүүлийн үед хүний үг их сонсдог болсон. Энэ нь нас ахиж байгаатай холбоотой байх.
-Энэ эрч хүчээ хэдэн нас хүртлээ хадгална гэж бодож байна вэ?
-45 хүртлээ. Одоо гурван жил үлдэж.
-Та өөрийгөө Монголынхоо рок поп урлагт хэр их хувь нэмэр оруулсан гэж боддог вэ?
-Нэлээд оруулсан шүү. Наад зах нь тайзан дээр бүжигчидтэй дуулах, хөгжмийн найруулга, анхны цомгийг ч гаргасан. Би дараагийн үеийнхэндээ ийм зүйл хийж болдог шүү гэдгийг биечлэн харуулсан гэж боддог. Туршилтын туулай ч болж явсан үе бий.
-Та өөртөө хэр их зав гаргадаг вэ?
-Гаргана аа. Найзууд маань заримдаа “Чи энэ их тоглолтын хажуугаар өөртөө яаж зав гаргаж чадаж байна аа. Хумс, нүүр чинь толийгоод л” гэдэг. Ер нь хүн аливаа зүйлд дасан зохицдог юм байна.
-Уран бүтээлийн талаар ийм байна. Таны хувийн тань амьдралын талаар сонирхох гэсэн юм. Болно биз дээ?
-Яруу найрагч Ш.Гүрбазар ах шиг “Та хариулахгүй ч байж болно” гэвэл болох л юм.
-Танд гэр бүлтэй болох бодол байгаа юу?
-Заяаны хань зам дээр гэдэг шиг таарах ёстой хүн байвал болохгүй гэхгүй. Түүнээс биш би хэн нэгэнтэй гэр бүл болж намайг “Гэр бүлтэй болох нь уу, яах нь вэ” гэсэн хүмүүсийн асуултад хариулахгүй.
-Хэрвээ гэр бүлтэй бол өнөөдрийнхөөсөө илүү амьдарна гэж боддог уу?
-Мэдээж. Хоёр хүний толгой зэрэг ажиллахаар амьдрал минь улам цэцэглээд байна биз дээ. Гэхдээ манай улсад гэр бүлтэй эмэгтэй дуучин олон байдаг ч надаас илүү эрч хүчтэй, сайхан амьдарч байгаа нь цөөн. Би ганцаараа амьдарсан ч хоёулаа мэт хөдөлмөрлөж, ухаанаа зарцуулж чаддаг.
-Гэхдээ өглөө бүр үнсэлтээр нь сэрэх хүнтэй болох юмсан гэж боддог байлгүй?
-Намайг хайрладаг хүн байдаг болохоор би нэг их тэгж боддоггүй юм аа.
-Хэн хайрладаг гэж?
-Миний сонсогчид.
-Таны тухай “Гэр бүлтэй болохоос илүү сайн гентэй хүний хүүхэд төрүүлэх хүсэлтэй байдаг” гэж ярихыг сонссон юм байна?
-Тэр хүмүүс миний дотор ороод үзчихээгүй байлтай. Юу гэж би тийм бодол тээж явах вэ дээ. Би хэн нэгний араас гүйдэггүй. Зав ч байхгүй. Харин намайг өөрийн болгох гэсэн хүн л миний араас гүйх байх.
-Бас биеийнхээ өөхийг соруулсан гэх юм билээ?
-Би “Нойр булчирхайны өвчтэй юу”, “Хамраа өндөрсгүүлсэн үү” гэдэг асуултад хариулах дургүй. Тиймээс энэ асуултыг ч орхимоор байна. Тэгээд ч найз бүсгүйтэйгээ кофе уунгаа буу халаад сууж байгаа биш. Энэ чинь миний хувийн асуудал. Хэрвээ та миний гоо үзэсгэлэнгийн талаар ярих гээд байгаа бол зөв хооллолт төвийн Анужин багш, “Туяарах” салон, Шилмэл загварын ордон, “Континенталь” зочид буудлын фитнес клуб зэрэг байгууллагын эздээс асуугаарай. Гэхдээ хэзээ нэгэн цагт намайг нэг мюзиклд дуулах гэхээр найруулагч нь “Хамрынхаа нэг угалзыг авахуул” гэвэл сайн авч чаддаг эмч хайж байгаад авахуулна. Гэхдээ бурхан надад сайхан бие заяасан. Миний насны эмэгтэй энэ хэмжээний харагдана гэдэг байж болох л зүйл. Тэглээ ч би өөрийгөө улам сайхан болгоно. Бусад хүмүүс намайг юу гэж хэлэх нь хамаагүй. Хамгийн гол нь өөрөө өөртөө таалагдах нь чухал. Охин маань намайг “Та миний амьд барби” гэдэг. Өдөр бүр үсээ янзлуулж, биеийнхээ гоо сайханд анхаарч барби шиг гуалиг болохын төлөө хичээж байгаа болохоор тэгдэг биз.
-Ээж тань залуу байхдаа тань шиг эрч хүчтэй байсан уу?
-Багш хүн болохоор над шиг сайхан хувцас өмсч үзээгүй. Даруухан хувцас л сонгодог байсан. Тэр үед миний ээж сайхан хувцас өмсөөсэй гэж бодогддог байлаа. Ээж маань өндөр настай болсон хойноо сайхан хувцас өмсөхийг хичээдэг болсонд нь би баярладаг. Би дээхнэ Лондон яваад ирэхдээ өмд, цамц, костюм авчирсан чинь яг таарсан. Би ээжийнхээ размерийг мэддэггүй хэрнээ тааруулсан байна гээд бод доо. Тэр хувцсыг ээж өмсөөд магадгүй хамгийн “S” эмээ болсон байх.
-Тэр үед ээж тань юу гэж байсан бэ?
-“Миний охин ээждээ маш их хайртай юм байна даа” гэж байсан. Ээж маань өөрийгөө намхан гээд байдаг юм. Тиймээс би “Европ эмээ нар тань шиг л нуруутай юм байна шүү дээ. Танд энэ хувцаснууд яг таарч байгаа биз дээ. Тиймээс та өөрийгөө намхан нуруутай гэж битгий бодоорой” гэж хэлсэн.
-Ээж тань тантай цуг байдаг уу?
-Би хэдэн метр квдрат байранд хэнтэйгээ амьдардгаа ярих дургүй. Аав, дүү хоёр маань бурхны орон руу залрахдаа эгч, ээж биднийг орхиод явсан болохоор тэр. Бусдад гэр бүлийнхнийхээ тухай тодорхой ярих дургүй. Гэхдээ таны асуултад хариулахад би ээжтэйгээ хамгийн ойрхон байдаг хүний нэг.
-Хүүхдүүд тань ямар сургуульд суралцдаг вэ?
-“Орчлон” сургуульд.
-Ирээдүйд ямар мэргэжилтэй болгохыг хүсч байна вэ. Томынх нь бараг тодорхой болчихсон байлгүй?
-Хоёр том хүүгээ өөрсдөө мэд гэж хэлсэн. Сонирхлынх нь дагуу явуулбал илүү амжилтад хүрнэ. Охин маань бүжиглэх дуртай, чадвартай юм билээ. “Щелькунчик” нэртэй балетийн сургуульд давхар хичээллэдэг. Саяхан ДБЭТ-т нэг балетад бүжиглэсэн. Үнэхээр гайхалтай харагдсан. Би нүдэндээ ч итгээгүй. Тэгээд ч би тэднийгээ онц сурлагатан болоосой гэж хүсдэггүй. Амьдрал дээр чадвартай мэргэжилтэн болох нь чухал. Хүн бүр математикч болох албагүй гэдэг биз дээ.
-Одоогоор танд болздог хүн байгаа юу?
-Энэ асуулт тань хувийн чанарынх байна. Тиймээс хариулахыг хүсэхгүй.
-Гавьяат жүжигчин Т.Ариунаа та хоёрыг хүмүүс дайсан мэтээр төсөөлдөг байсан. Одоо ч хэвээрээ гэх юм билээ. Та хоёр бие биеэсээ суралцдаг уу?
-Суралцалгүй яах вэ. Бас хэн хэнийгээ хурцалдаг. Харамсалтай нь бидэнд өөд өөдөөсөө хараад зөвлөлдөх боломж гардаггүй. Хааяа студид таарахдаа мэнд мэдээд л өнгөрдөг. Заримдаа “Харанга”-ын Лхагваа, Чука, Т.Ариунаа зэрэг “саак” уран бүтээлчидтэй нэг үе болж байгаадаа бахархалтай санагддаг. Өөрийн эрхгүй тэдэнд хайртай. Тэднийг хэн нэгэн дайрч давшилбал өмөөрөхийг хичээдэг.
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин