Италийн шигшээ баг болон алдарт “Милан” клубийн ХХ зууны шилдэг тоглогч Франко Барези Монголд хоёр дахиа ирээд буцлаа. Тэрбээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн санаачлагаар хэрэгжсэн “Милан клубийн өсвөрийн зуслан Улаанбаатар-2012” төсөл хөтөлбөрт оролцсон юм. Энэ үеэр монголчууд түүнд гайхалтай бэлэг барьж, 15 дугаар хороололд сүндэрлэх битүү дээвэртэй цэнгэлдэх хүрээлэнгээ Барезигийн нэрэмжит болгосон билээ.
Алдарт “Милан”-ын хүүхдийн багаас тамирчны замналаа эхлүүлсэн тэрбээр насанд хүрэгчдийн багт нь 1977-1997 оны хооронд 20 жил үнэнчээр хүчин зүтгэж, 719 тоглолтод оролцохдоо 31 гоол хийж байв. Энэ хугацаандаа “Аваргуудын лиг”-т гурав, Тив хоорондын цомд (Одоогийн Клубүүдийн ДАШТ) хоёр, Европын супер цомд хоёр, Италийн “Сери А”-д зургаа, Супер цомд дөрвөн удаа түрүүлж, 1989 оны Европын шилдэг хөлбөмбөгчийн шалгаруулалтад хоёрдугаар байр эзэлж, “Мөнгөн бөмбөг” хүртсэн. Домогт ахлагчийгаа 1997 онд зодог тайлахад “Милан” клуб 6 дугаарыг нь мөнхөлсөн түүхтэй. Барези Италийн шигшээ багийн 1980, 1990-ээд оны супер амжилттай салшгүй холбоотой. Тэрбээр ДАШТ-ээс 1982 онд алт, 1994 онд мөнгө, 1990 онд хүртэл медаль хүртэж, иж бүрэн цуглуулгатай болсон цорын ганц хөлбөмбөгч юм.
-Удахгүй сүндэрлэх битүү дээвэртэй цэнгэлдэх хүрээлэнг таны нэрэмжит болголоо. Манай эх оронд хоёр дахиа ирсэн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Энэ цэнгэлдэх хүрээлэнг миний нэрээр нэрлэсэнд гэхээсээ Монголын хүүхэд, залуучууд өвөл, зунгүй бэлтгэл сургуулилалт хийх болсонд илүү их баярлаж байна. Надад маш том хүндэтгэл үзүүллээ. Миний нэрээр нэрлэсэн цэнгэлдэх хүрээлэн Монголоос өөр хаана ч байхгүй. Би Монголд хоёр дахиа ирлээ. Танай улсын ард түмэн намайг их зочломтгой, сайхан хүлээж авдаг шүү.
-Жилийн дотор Улаанбаатар хэр өөрчлөгдсөн байна вэ?
-Бараг хэвээрээ байна. Монголд ирэх сайхан байдаг. Би Монголын ард түмэнд хайртай. Танай оронд гэртээ байгаа юм шиг л байдаг. Монгол Улс их эрчимтэй хөгжиж байгааг харж байна.
-Та “Милан”-д насаараа үнэнч зүтгэсэн. Харин таны төрсөн ах Жузеппе Барези “Милан”-ы мөнхийн өрсөлдөгч “Интер”-т гялалзаж явсан. Ах, дүү хоёрыг өөр замаар замнахад юу нөлөөлсөн юм бэ?
-(Инээв). Төрсөн ах, дүү ч гэсэн хүн бүр өөрийн гэсэн хувь тавилантай шүү дээ. Бурхны заасан замаар л явсан байх. Жузеппе намайг “Интер”-ийн бэлтгэлд дагуулан очсон ч би дасгалжуулагч нарт гологдсон. Үүний дараа “Милан”-ы хүүхдийн багийн шалгаруулалтад орж тэнцсэн дээ. Ах маань “Интер”-т тоглож, зодог тайлаад багтаа дасгалжуулагчаар ажиллаж байсан. Бид хоёрыг хөлбөмбөг тоглохыг эцэг, эх маань харж чадаагүйд харамсдаг.
-1990-ээд оны үед “Милан”-ы арын шугамыг алдарт Паоло Мальдини, Алессандро Костакурта, Мауро Тоссати та дөрөв бүрдүүлж, төмөр мэт хамгаалалт цогцлоосон. Түүнээс хойш үүнд дөхөж очихуйц хамгаалалтын шугамтай баг танд харагдсан уу?
-“Барселона” зэрэг олон сайн баг бий. Гэхдээ бид дөрөв шиг нэг цул болж чадсан нь үгүй. Бид олон жил хамт тоглосон болохоороо бие биеэ харцаараа ойлгодог байлаа.
-“Милан”-д ирсэн тоглогч олон жил тоглодог. Үүний нууц юунд байна вэ?
-Аливаа клуб тоглогчоо зөв сонгож авахаас их зүйл шалтгаалдаг. “Милан” энэ тал дээр маш сайн ажилладаг шүү.
-Та бол ДАШТ-ээс алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн цорын ганц хөлбөмбөгч. Эдгээр тэмцээнээ эргээд нэг дурсаач?
-Би эдгээр ДАШТ-ийг одоо ч тодхон санадаг. Манайхан 1982 онд Испанид түрүүлэхэд би талбайд гарч чадаагүй. Харин 1990 оны тэмцээн Италид болсон гэдгээрээ сэтгэлд минь тод үлджээ. Харамсалтай нь хагас шигшээд Диего Марадона тэргүүтэй Аргентинд торгуулийн цохилтоор хожигдож, дараа нь хүрэл медаль хүртсэн. Харин 1994 онд АНУ-д болсон ДАШТ-д бид түрүүлэх тун дөхсөн.
-Шигшээ тоглолтод Бразилтай 0:0-ээр тэнцээд 11 метрийн цохилт хийхэд Бажо, та хоёр алдсан. Энэ таны сөхөх дургүй дурсамж мөн үү?
-Тийм ээ. Хөлбөмбөгт 11 метрийн торгуулийн цохилт бол сугалаатай адил аз сорьсон явдал. Хэдийгээр бид аваргалж чадаагүй ч гэсэн ДАШТ-ий мөнгөн медаль гэдэг том амжилт шүү дээ.
-Таны 1986 оны ДАШТ-д оролцоогүй шалтгааныг дасгалжуулагч Энцо Бэарцоттой таагүй харьцаатай байсантай холбон тайлбарладаг. Энэ тухай юу хэлэх вэ?
-Тийм зүйл байхгүй ээ. Тухайн үед Гаэтано Ширеа надаас илүү тоглож байсан болохоор ДАШТ-д оролцож, миний байрлалд тоглосон хэрэг. Түүнээс биш Бэарцоттой ямар ч холбоогүй юм шүү. Харин ч би түүнд баярлаж явдаг. Тэр намайг 1982 онд “Сери B”-д тоглож байхад шигшээ багт дуудаж, ДАШТ-д авч явсан.
-Тэгвэл хамтран ажиллаж байсан дасгалжуулагчдаас тань хамгийн шилдэг нь хэн бэ?
-Миний хөлбөмбөгчийн замналд чухал нөлөө үзүүлсэн гурван дасгалжуулагч байдаг. Эхнийх нь Нильс Лидхольм. Хүмүүс цагтаа “Милан”-д гялалзаж байсан Гуннар Грен, Нильс Лидхольм, Гуннар Нордаль гэсэн Шведийн гурвалын нэг гэдгээр нь сайн мэдэх байх. Хоёр дахь мэдээж Арриго Сакки. Тэр хөлбөмбөгийн шинэчлэлтийн тал дээр ихийг хийсэн гавьяатай. Харин гурав дахиар нь Фабио Капеллог хэлнэ.
-Италичууд хөгширсөн ч урьдын адил сайн тоглолтоо үзүүлж чаддаг нь юутай холбоотой вэ?
-Миний бодлоор идэж уух юм, нарийн дэглэм, аль багт тоглож байгаа зэрэг олон зүйлээс хамаардаг. Яг энэ гээд хэлчихэж чадахгүй нь.
-Турины “Ювентус” “Сери А”-гийн 2011-2012 оны улирлын аварга цолыг нэг ч ялагдалгүй хүртлээ. Хэдэн жилийн өмнө доод лигт унаж байсан тэдний ялалтыг та хэрхэн хүлээн авав?
-Хэдэн жилийн өмнөөс санхүүжилтээ сайн хийж, олон тоглогч худалдан авч бэлтгэсний үр дүн. “Ювентус”-ын тоглолт тогтмол, чанартай байсан болохоор аваргалсан нь зүйн хэрэг. Шинэ цэнгэлдэх хүрээлэн барьж, ашиглалтад оруулсан нь ч нөлөөллөө.
-Тэгвэл “Милан”-ы өнөөгийн амжилт, нөхцөл байдалд ямар дүн тавих вэ?
-Үнэнийг хэлэхэд амжилт сайнгүй байгаа. Ирэх жилээс илүү сайжирна гэдэгт итгэлтэй байна. Одоогийн “Милан” довтолгоо, хамгаалалт гээд бүх талаа сайжруулах хэрэгтэй. Энэ бол зөвхөн миний л бодол шүү.
-Алессандро Неста, Филиппо Инзаги, Женнаро Гаттузо нарын алдарт тоглогч багаа орхилоо?
-Үнэхээр харамсалтай зүйл болсон. “Милан”-д шилжилтийн үе тохиож, цөөнгүй шилдэг хөлбөмбөгч багаа орхилоо. Түүхийг бүтээсэн тамирчдаа үдэн явуулсан. Амьдралын хууль гэж байдаг. Багийн удирдлага тэдний орон зайг авьяаслаг залуу тоглогчдоор нөхөж байж амжилт үзүүлнэ.
-Италийн шигшээ багийг 2008 оны ЕАШТ, 2010 оны ДАШТ-ээр чирээд явчих довтлогч харагдсангүй?
-Чезаре Паранделли шигшээ багийн дасгалжуулагч болсноос хойш сайн ажиллаж байгаа. Италийн шигшээ баг дээд зэрэглэлийн тоглогчид дээр суурилсан тоглолт хийж байна. Жишээлбэл, Антонио Кассано, Риккардо Монтоливо. Гэхдээ ямар ч довтлогчид том тэмцээнд багаа аваад явчих хэмжээний тоглолт хийх хүнд байдаг.
-Та олон шилдэг довтлогчийн эсрэг тоглож байсан. Тэднээс хамгийн шилдэг нь хэн бэ?
-Диего Марадона, Мишель Платини, Антонио Карека болон Италийн олон шилдэг довтлогчтой нүүр тулж байсан. Бүгд л өөр өөрийн онцлогтой.
-Удахгүй ЕАШТ эхэлнэ. Та “Скуадра Аззура”-г хэр хол явна гэж бодож байна вэ?
-Италийн шигшээ баг ДАШТ-д дөрвөн удаа түрүүлж байсан арвин түүхтэй. Амжилт, туршлагаар баялаг баг. Тиймээс боломжийн амжилт үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Медаль хүртчих болов уу. Болж өгвөл түрүүлээсэй.
-Таны бодлоор аль баг амжилт үзүүлэх өндөр боломжтой вэ?
-Гол өрсөлдөөнийг Герман, Испани, Нидерланд үзүүлэх болов уу. Гэхдээ хөлбөмбөг хөгжиж буй олон орны баг байна. Тоглолт яаж ч эргэж мэднэ. Хөлбөмбөгт түрүүлэх багийг урьдчилж хэлэх боломж байдаггүй.
-Та “Евро-2012”-ын зохион байгуулалтад санаа зовж байна уу?
-Тийм ээ. Украин улс хэцүү байдалд байгаа. Тиймээс аюулгүй байдлыг дээд зэргээр хангах хэрэгтэй. Би ХБНГУ-ын канцлер Ангела Меркельтэй санаа нэг байгаа. ЕАШТ-ийг зохион байгуулах эрхийг Украинд өгөх хэрэггүй байсан юм.
-Италийн хөлбөмбөгтэй холбоотой муу зүйл их сонсогдох боллоо. Энэ юутай холбоотой вэ?
-Сүүлийн үед шүүгч, үзэгч, тоглогч зэрэг олон зүйлээс шалтгаалж байна. Үүнийг таслан зогсоохын тулд муу хүмүүсийг бүгдийг зайлуулах шаардлагатай. Энэ цэвэрлэгээг хийхийн тулд хүн бүхний хичээл зүтгэл чухал.
-Сүүлчийн асуултын танд үлдээе?
-“Милан”-ы болон миний ирж байгаа аялал Монголын хөлбөмбөгт маш том хөрөнгө оруулалт болох байх. Хөлбөмбөгт дуртай, хайртай энэ олон хүүхдийг хараад миний сэтгэл маш их хөдөллөө. Монголын хөлбөмбөгт хөрөнгө оруулалт хэрэгтэй. Тэгвэл өсөн дэвжих боломжтой. Монголын хөлбөмбөгийг илүү өндөр түвшинд гаргахын тулд өөрийнхөө зүгээс шаардлагатай болгоноор туслахаа дахин хэлье.
-Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин