Биеийн тамир, спортын газар зуны спорт XXX, паралимпийн XV наадамд оролцох шигшээ баг тамирчдадаа зориулж Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг дахь Алтан овооны дэргэд Номын хүрдэн суварга босгож, ногоон төгөл байгуулжээ. Суваргын нээлтэд оролцохоор нийслэлээс БТСГ-ын дарга Ч.Наранбаатар, дэд дарга Д.Сүрэнхорлоо, ардын багш, хөдөлмөрийн баатар, гавьяат дасгалжуулагч Ч.Насантогтох, олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин Н.Энхбат, гавьяат багш Ц.Даржаа, уулын спортын олон улсын хэмжээний мастер О.Заяа, ардын жүжигчин М.Явгаан тэргүүтэй 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг Сүхбаатар аймгийг зориод ирсэн байна. Суваргын нээлтэд 100 орчим хүн оролцсон бөгөөд Номын хүрдэн суваргыг “Бодь буян“ компанийн ажилтан С.Тунгалаг, Н.Анхбаяр нар босгожээ. Энэ үеэр Дарьганга сумын сургуулийн дэргэд тамирчдын ногоон төгөл байгуулж, мод тарьсан байна. Алдрын суваргын нээлтийн үеэр БТСГ-ын дарга Ч. Наранбаатар хэлэхдээ ““Лондон-2012” зуны олимпийн наадамд оролцох баг тамирчдынхаа амжилтын төлөө сайн үйлс бүтээж байгаадаа баяртай байна. Дөрвөн жилийн өмнө Алтан овоог зорин ирж, хүсэл сэтгэлээ илэрхийлэн залбирч байсан. Тэр хүсэл маань ч биелсэн. Монголчууд олимпийн аваргатай болсон нь энэхүү ариун дагшин хайрханы ерөөл гэж бодож байна. Юутай ч билэгт сайн өдөр ахин ирж хүндэтгэлийн суварга босгож, цэцэрлэгт хүрээлэн байгууллаа. Лондоны олимпод Монголын 29 тамирчин өрсөлдөнө. Бээжингийн олимпод үзүүлсэн амжилтаа бататгах нь бидний гол зорилт байх болно. Тамирчид маань монгол зоныхоо итгэл, сэтгэлийг дааж арвин амжилт авч ирнэ гэдэгт итгэлтэй байна. Олимпийн төгөл маань сайхан цэцэглэж эх дэлхийдээ болон олимпийн тамирчдад үр шимээ хайрлах нь дамжиггүй биз ээ” гэв.
Суварга равнайлах ёслолд өсвөрийн 32 бөхийн барилдаан болж Дарьганга сумын ЕБС-ийн сурагч Б.Ганхүрэл түрүүлж, О.Пүрэвдорж үзүүрллээ. Харин дааганы уралдаанд Онгон сумын уяач Сайнбаярын хонгор даага түрүүлж, Дарьганга сумын С.Яруутунгалагийн хүрэн даага аман хүзүүдэж, Борхүүгийн шарга даага гуравт хурдалсан байна.
“СПОРТЫН ШУУДАН” сонин