Монгол Улсын Засгийн газар болон Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран хэрэгжүүлж буй “Монгол төмс” хөтөлбөрийн эцсийн шат хэрэгжиж байна. Хөтөлбөр гурван үе шатаас бүрдэх ба эхний шатанд буюу 2004-2007 онд үндэсний хэмжээнд сайн чанарын үр үйлдвэрлэж түгээх сүлжээ бий болгосон ажээ. Хоёрдугаар үе шат 2008-2011 онд үргэлжилж, энэ хугацаанд төмсний үйлдвэрлэлийн хувийн жинг тасралтгүй нэмэгдүүлж, хүрэлцээг сайжруулах чиглэлийн ажил хийсэн байна. Харин одоо “Монгол төмс” хөтөлбөрийн сүүлийн үе шат эхлээд 2015 он хүртэл төмсний нутагшсан сортуудын элит үрийг дотооддоо бүрэн үйлдвэрлэж, импортоор төмс оруулж ирэх орон зайг хаахын тулд зорилт тавин ажиллах юм байна. Ингэхдээ вирусгүй, жижиг булцууны үйлдвэрлэлийг 200 мянган ширхэгт хүргэх, аймаг бүрт лицензтэй 1-2 үр үржүүлэгч бэлтгэх, боруулах үрийг сертификаттай болгох, хүнсний ногооны нэр төрлийг нэмэгдүүлэх, төмс хадгалах зоорийг автомат хөргөлтийн болон агааржуулалтын системээр тоноглох тал дээр анхаарч ажиллах ажээ.
Хүн амын өргөн хэрэглээний бүтээгдэхүүний нэг нь төмс бөгөөд нийт хэрэглээний тэн хагасыг импортоор оруулж ирдэг байна. Энэ нь сайн чанарын нутагшсан эрүүл үр хангалтгүй, усалгаатай төмсний тариалан эрхлэхэд бэрхшээлтэй, зоорины хүчин чадал муу, шинээр тариалан эрхлэх технологи хомс байдагтай холбоотой хэмээн тариаланчид тайлбарладаг юм. Тиймээс төмс тариалалтыг чанаржуулахын тулд ийнхүү хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж байгаа талаар хөтөлбөрийг хэрэгжүүлэх удирдах зөвлөлөөс мэдээлж байна.
У.БОЛОР