Олимпийн тамирчдыг үдэх ёслолын тов гарчээ

Хуучирсан мэдээ: 2012.05.30-нд нийтлэгдсэн

Олимпийн тамирчдыг үдэх ёслолын тов гарчээ

58 хоногийн дараа эхлэх “Лондон 2012” зуны спортын XXX наадамд манай улс спортын долоон төрөлд 29 тамирчнаа илгээхээр болсон. Харин энэхүү эрхээ нэмэгдүүлэх эсэх нь ирэх сарын дундуур тодорхой болох юм. Лондонд хүч үзэх жүдо, чөлөөтийнхөн өчигдөр эх орондоо иржээ. Тэгвэл боксынхон Булган аймаг дахь Сэлэнгэ баазад олимп хүртэл бэлтгэлээ базаахаар шийдсэн байна. Европын орнуудаар цуврал тэмцээнд оролцож, хамтарсан бэлтгэл хийсэн буудлагын шигшээ багийнхан маргааш эх орондоо ирэх юм. Марафончид урд хөршид бэлтгэлээ базааж байна. Байтынхан эх орондоо байгаа бол усчид хойд хөршид энэ сарыг дуустал бэлтгэлээ хийх гэнэ. Тэгвэл дээр дурдсан төрлүүдээр олимпод оролцох шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчдыг ирэх сарын 23-нд үдэж өгөхөөр урьдчилсан байдлаар төлөвлөжээ. Энэ өдөр манай улс жил бүр зохион байгуулдаг тамирчдын өдрийг тэмдэглэх юм. Уг нь зургадугаар сарын сүүлчээр зохион байгуулдаг уламжлалтай ч энэ жил сонгууль давхцсан учраас долоо хоногоор хугацааг нь наашлуулжээ.

“Спортын шуудан” сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж