Үндсэн хуулийн цэцийн даргыг сонголоо

Хуучирсан мэдээ: 2012.05.30-нд нийтлэгдсэн

Үндсэн хуулийн цэцийн даргыг сонголоо

Үндсэн хуулийн цэцийн даргыг Үндсэн хуулийн цэцийн гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ байлцаж өнөөдөр сонголоо. Үндсэн хуулийн цэцийн даргаар сонгох хүний нэрийг Цэцийн гишүүд дотроосоо дэвшүүлэн хуралдаанаараа хэлэлцэж, саналыг нууцаар хурааж нийт гишүүний олонхийн санал авсан хүнийг сонгоно гэсэн хуулийн заалттай билээ.

Үүний дагуу Үндсэн хуулийн цэцийн даргын сонгууль болж, Цэцийн даргад Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Амарсанаа, Н.Жанцан, Д.Сугар нарын нэрийг тус тус дэвшүүлсэн бөгөөд Үндсэн хуулийн цэцийн даргыг нэг удаа улируулан сонгож болно гэсэн Үндсэн хуулийн заалтыг үндэслэн Үндсэн хуулийн цэцийн даргаар өмнө нь хоёр удаа сонгогдон ажиллаж байсан Н.Жанцан нэрээ татаж авсан юм.

Ийнхүү нууц санал хураалтын дүнгээр Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн олонхийн саналыг  Жүгнээгийн Амарсанаа авч улмаар  Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргаар сонгогдлоо.

Тэрээр  Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр гурав дахь удаагаа томилогдон ажиллаж байна.  Монгол Улсын гавьяат хуульч Ж.Амарсанаа нь сүүлийн 30 шахам жил 400 орчим хуулийн төсөл, олон улсын 20 орчим гэрээний төсөл бэлтгэх, гэрээнд нэгдэн ороход оролцсон  туршлагатай юм. Мөн тэрээр Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн жинхэнэ гишүүн, академич, профессор ба  хууль зүйн ухааны болон шинжлэх ухааны докторын эрдмийн зэргийг тус тус хамгаалжээ.

Үндсэн хуулийн цэцийн даргын бүрэн эрхийн хугацаа гурван жил байх бөгөөд түүнийг нэг удаа улируулан сонгож болдог ажээ гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж