Тэрээр дууны үг, аяыг өөрөө зохиож, мэргэжлийн бүжигчнээс дутуугүй бүжиглэдэг ч энэ бүхнээс илүүтэй гоо сайхан нь анхаарлын төвд байсаар ирсэн юм. Шерил 2006 онд Английн хөлбөмбөгийн шигшээ багийн тоглогч Эшли Коултай гэрлэж, Британийн хамгийн атаархам хосоор шалгарч байв. Гэвч тэрээр дөрвөн жилийн дараа нэрт хөлбөмбөгчөөс салахаас өөр замгүй болсон юм.
Үзэсгэлэнт эхнэрээ удаа дараа хуурч, өөр бүсгүйчүүдтэй амраглаж байсан Э.Коулын паян Британийн шар сонинуудаар дэлгэгдсэнээр хосууд хоёр тийш болжээ. Шерил нөхрөө нэг бус удаа уучилж байсан ч засаршгүй Коул бүр гурван ч нууц амрагтай байсан нь илэрч дуучин бүсгүйн "санаа шулуудсан" юм.
Шерилийн дуулсан дуу нэг их хит болоод байдаггүй ч түүний хувцаслалт, үзэсгэлэн гоо үргэлж "дээгүүр давхисаар" иржээ. Ямар сайндаа Британийн хамгийн дур булаам, хамгийн гоё хувцасласан, орчин үеийн нүүр царай, халуухан эмэгтэй зэрэг номинацид удаа дараа тэргүүлж байх вэ.
Эдүгээ ганц бие байгаа Шерил алхам тутам бүртээ папараци нарын дуранд өртөж, ямар залуу түүнийг өөрийн болгох вэ гэдэг нь бүхний анхаарлын төвд байдаг. Энэ хооронд экс нөхөр Эшли Коул нь байнга гуйж, гувшиж, эргээд нийлье гэдэг ч тэрээр хавьтуулдаггүй аж.
Коул Шерилийн төрсөн өдрөөр үнэтэй бэлэг явуулдаг хэвээрээ. Дуучин бүсгүй шалиг нөхрөөс ангид, ганцаар байх сайхан байна хэмээн хэвлэлд ярьсан юм.
Шерил саяхнаас моодны ертөнцөд хүчээ сорьж эхэлжээ. Stylist Pick фирмтэй хамтран өндөр өсгийтэй гутал, сандал зах зээлд гаргасан нь муугүй амжилттай байна. Шерил 2010 онд "X-Factor" шоуны шүүгч хийж байхдаа тэмцээний гол фаворитын нэг, зимбабве гаралтай бүсгүй Гаму Нхенгуг хассанаас болж бөөн заналхийлэлд өртсөн юм. Нэртэй продюсер Саймон Коул түүнийг ятгасан ч тэрээр дахиж шоуны шүүгч хийсэнгүй.
Хэд хоногийн өмнө Шерил Британид шинэ концертоо тоглож "зад авчээ". Харин нэрт дуучин Элтон Жон түүнийг бичлэг тавьж дууллаа хэмээн шүүмжилжээ. "Бичлэг тавьж дуулдаг хүмүүс хөгжмийн ертөнцийг алж байгаа юм. Take That, Westlife-ийг хар, хичнээн удаа "амьдаар" дуулж байна. Бичлэг тавьж дуулахыг хэн ч чадна" хэмээн Элтон Жон ярьжээ.
Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин