Италид дахин газар хөдлөв

Хуучирсан мэдээ: 2012.05.30-нд нийтлэгдсэн

Италид дахин газар хөдлөв

Италид өнөөдөр 5.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Хүчтэй газар хөдлөлтийн улмаас 16 хүн амиа алдсан байна. Эрлийн багийнхан байшин барилгын нурангийг самнаж, амьд үлдсэн байж болох хүмүүсийг хайж байгаа гэнэ. Италийн Эмилия Романья мужид сүүлийн хоёр долоо хоногийн дотор хоёр дахь удаагаа хүчтэй газар хөдөлсөн нь энэ юм. Газар хөдлөлтийн улмаас гэмтэж бэртсэн хүмүүсийн тоо 350 хол гарчээ. Тус мужид энэ тавдугаар сарын 20-нд 6.0 магнитудын хүчтэй газар хөдөлснөөс долоон хүн нурангид даруулж, хэдэн мянган хүн орон гэргүй болсон. 6.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт Эмилия Романья мужийн соёлын үнэт өв, түүх дурсгалт сүм, дуганыг сүйтгэсэн  байна. Мужийн захирагчийн мэдээлснээр газар хөдлөлтийн улмаас орон гэргүй болсон хүмүүсийн тоо 6,000-14,000-д хүрчээ.

Италийн Ерөнхий сайд Марио Монти  Итали улсын хувьд маш онцгой, маш чухал, маш хэрэгтэй энэ бүсийг урьдын адил тайван байдалд нь оруулахын тулд шаардлагатай арга хэмжээг нэн даруй авахыг үүрэгджээ. Марио Монтигийн Засгийн газар гамшигт нэрвэгдсэн тус мужид яаралтай тусламж үзүүлэхээр цэргүүдийг илгээсэн бөгөөд маргааш яаралтай хуралдах аж. Газар хөдлөлт өнөөдөр Италийн хойд хэсэгт орших Болоньягаас 9.6 км-ийн зайд орон нутгийн цагаар 09:03 үед болжээ. Газар хүчтэй чичирхийлж, доргиж эхлэхэд мужийн оршин суугчид байшингаас гүйн гарсан аж. Чичирхийлэл бүр Венец хот  болон Австрийн хил дээрх оршин суугчдад ч мэдрэгдсэн байна. Эмилия Романья муж нь Италийн хөдөө аж ахуйн томоохон бүс нутаг бөгөөд жуулчдын очих дуртай газруудын нэг гэнэ.

Н.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж