“Цэцээ гүн”-ий оргилыг эзлэх уг аялал спортын сэтгүүлчдийг нэгтгэж чадсан гэдгээрээ онцлог байсныг дурдах хэрэгтэй болов уу. Далайн төвшнөөс дээш 2258 метрийн өндөрт орших уг оргилд авирахад гурван цагийн хугацаа зарцуулсан. Монголын спортын сэтгүүлчид анх удаа ийм өргөн бүрэлдэхүүнтэй аялал зохион байгуулсан бөгөөд үүнийг үндэсний үйлдвэрлэгч “Мах импекс”, “Талх чихэр” хувьцаат компаниуд ивээн тэтгэсэн юм. “Цэцээ гүн”-ий аялалд оролцогчдоос хамгийн ахмад нь 53 настай холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Отгонбаатар байсан бол залуу нь 22-той “Шууд” телевизийн сэтгүүлч А.Одбаяр байв. Дашрамд сонирхуулахад, спортын сэтгүүлчдийг хамарсан энэхүү аяллыг уламжлал болгон зохион байгуулахаар боллоо.
Үзэгтэй тамирчид “Цэцээ гүн”-д авирлаа
Монголын төдийгүй дэлхий дахинд болж буй спортын үйл явдлыг цаг алдалгүй хүргэж байдаг сэтгүүлчид нэг өдрийг ууланд өнгөрөөлөө. Монголын спортын сэтгүүлчдийн холбоонд данстай хэсэг нөхдийн санаачилгаар зохион байгуулсан энэ удаагийн аялалд 34 сэтгүүлч оролцсон юм. “Богдхан уул”-ын ноён оргилд гарах болсон шалтгаан нь зуны спортын XXX наадамд эх орноо төлөөлөн оролцох гэж буй Монголын шигшээ багийнхан байлаа. Тэдэнд сэтгэл санааны дэм үзүүлж, спортын сэтгүүлчид төдийгүй Монголын ард түмэн та бүхний араас байнга залбирч байгаа гэдгийг энэ удаагийн спорт аялал илтгэсэн юм. “Цэцээ гүн”-ий зүг Монголын спортын сэтгүүлчдийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Отгонбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цагаанбаатар, “Үндэсний шуудан” сонин “Sport box”, “Боловсрол”, ТV9, NTV, “Шууд”, MN 25 телевизээс гадна News.mn, Assa.mn, shuud.mn сайт, “Таван цагариг”, “Ардын эрх”, “Ардчилал”, “Зууны мэдээ”, “Өдрийн шуудан” зэрэг сонины спортын сэтгүүлчид оролцсон юм.
“Спортын шуудан” сонин