Хүүхэд дайрсан этгээдийн бие мууджээ

Хуучирсан мэдээ: 2012.05.30-нд нийтлэгдсэн

Хүүхэд дайрсан этгээдийн бие мууджээ

Ш.Алтанхуягийг түр хугацаагаар суллажээ

10 настай хүүг дайрсан этгээд 13 жилийн ял эдэлж байжээ

Өдрийн цагаар өөрийгөө хянах чадваргүй болтлоо согтож, гурван согтуу хүүхэн машиндаа суулган дарвиж яваад 10-хан настай хүүгийн амийг хөнөөсөн этгээд Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож буй билээ. Сэжигтэн Ш.Алтанхуяг нь “Хишигтэн нүүдэлчин” компанийн гүйцэтгэх захирал бөгөөд тэрээр өмнө нь 13 жилийн хорих ял эдэлж байжээ.

Цагдан хорих 461 дүгээр ангид нэг сар гаруй хугацаанд хоригдож буй Ш.Алтанхуягийн бие муудсан тул энэ сарын 29-нд цагдаагийн хоёр ажилтны хамт хорих ангиас түр хугацаагаар гарчээ. Энэ талаар Замын цагдаагийн газрын Олон нийттэй харилцах тасгийн байцаагч Б.Сүрэнжаваас тодруулахад, “Сэжигтэн Ш.Алтанхуягийг өчигдөр Цагдан хорих 461 дүгээр ангиас эрүүл мэндийн шалтгааны улмаас түр хугацаагаар гаргасан. Үзлэг, шинжилгээ хийлгэх шаардлага гарсан байгаа. Одоо бол хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа. Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр түүнийг сулласан гэх ташаа мэдээлэл гарч байна.  Ш.Алтанхуягийн хэрэг одоогоор мөрдөн байцаалтын шатанд байгаа. Тиймээс дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэв.

Хэргийг сануулахад, Ш.Алтанхуяг нь нийслэлийн Баянгол дүүргийн VI хороо, 25 дугаар эмийн сангийн урд замд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-нд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад гарцаар зам хөндлөн гарч явсан 10 настай хүүг дайрч, амь насыг нь хөнөөсөн юм. УНИ 09-66 улсын дугаартай “Toyota Land Cruiser” маркийн автомашин хөлөглөж явсан тэр хүүхдийг дайраад, 15 метр орчим зайд чирсэн нь Замын хөдөлгөөний удирдлагын төвийн хяналтын камерт бичигдэж үлдсэн байдаг. Ш.Алтанхуяг нь “Мон дулаан трейд” компанийн охин компани болох “Хишигтэн нүүдэлчин” компанийн гүйцэтгэх захирлаар ажилладаг. Осол гаргах үедээ 70 хувийн согтолттой, өөрийгөө хянах чадвараа алдсан байсан нь тогтоогджээ.

Түүний гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол Эрүүгийн хуулийн  215.3-т зааснаар хэргийн улмаас бусдын амь нас хохирсон бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь дөрвөн жил хүртэл хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 151-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 3-5 жил хүртэлх хугацаагаар хорих ял оноох хуультай юм байна. Харин машинд хамт сууж явсан гурван эмэгтэйн тухайд хариуцлага тооцох боломжгүй бололтой. Осол гарах үед машинаас нэгэн согтуу эмэгтэй гарч ирэн, газар хэвтэж байсан хүүхдийн биеийг өшиглөсөн байдаг. Гэвч ийм үйлдэл гаргасных нь төлөө түүнд ямар нэг хариуцлага тооцох эрх зүйн акт байдаггүй аж.

Д.Жаргалсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж