Б.Цог: “Элькондор” хоёр долоо хоногийн дотор л нэрд гарсныг би одоо хүртэл гайхдаг

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

Б.Цог: “Элькондор” хоёр долоо хоногийн дотор л нэрд гарсныг би одоо хүртэл гайхдаг

 1990-ээд
оны үед Монголын рок, поп урлагт “Шигтгээ” хамтлаг өөрийн гэсэн өнгө
төрх нэмж байсан билээ. Тус хамтлагийн дуучин Б.Цог энэ сарын 10,
11-ний өдрийн 19.00 цагт уран бүтээлийн бие даасан анхны тоглолт болох
“Жирийн Монгол охин”-оороо үзэгч фэнүүдтэйгээ уулзах гэж байна.  

Тоглолт
“Аса” циркэд болох бөгөөд тоглолтын зохион байгуулагчаар түүний
хариуцдаг “Эмма” агентлаг ажиллаж байгаа аж. Тоглолтын мэдээллийн ивээн
тэтгэгчээр Монголын бүхий л телевизүүд ажиллаж байгаа бөгөөд тоглолтын
сурталчилгааг өөрсдийн сувгаар үнэгүй цацаж, сэтгэлээрээ дэмжиж тусалж
байгаа найз, нөхөддөө баярлан талархаж буй сэтгэлээ тэрбээр илэрхийлж
байлаа. Мөн хөгжим, техникийн асуудлыг “Бодь групп” хариуцаж байгаа
гэнэ. Дуучин Б.Цог урлагт 23 жил зүтгэж байгаагаа тэмдэглэн анхны бие
даасан тоглолтоо хийж байгаа бөгөөд тоглолтод “Харш”, “Болор” “Маршал”
хамтлагийн анд нөхөд нь болон “Цэцэг” хамтлагийн дуучин Батболд нар
оролцох ажээ. Дуучин Б.Цогтой ярилцлаа.


-“Жирийн Монгол охин” гэж тоглолтоо нэрлэсэн талаараа сонирхуулаач.
Өөрийг чинь олонд таниулсан анхны уран бүтээл гэдэг утгаараа энэ нэрийг
сонгосон уу?

-Жирийн монгол охин гэж
гудамжинд явж байгаа жирийн монгол охин, эцэг эхийн хайртай охин, хүний
сайхан хань, үр хүүхдийн элбэрэлт эхийг л хэлнэ дээ. Миний ээж хэлдэг
юм. “Энэ дэлхий дээр муухай эмэгтэй, муу хань гэж байдаггүй” гэж.
Үнэхээр эмэгтэй хүн бол байгаль ертөнц, хүмүүн төрөлхтөнд бэлэглэсэн
үнэт бэлэг юм. Тиймээс ч би эмэгтэй хүн гэдэг байгаль эхийн бэлэг
гэдгийг бэлгэдэж, хоёрдож энэ дуугаараа би олны танил болсон гэдэг
утгаараа өөрийн тоглолтыг нэрлэсэн байгаа. Энэ дуу чинь бараг миний
нэрийн хуудас болсон, намайг хүмүүст илэрхийлж байдаг дуу шүү дээ.

-Тоглолтын
үеэр та шинэ уран бүтээл олныг толилуулна гэлээ. Гэхдээ магадгүй хүмүүс
таны шинэ дуу гэхээсээ хуучны дуунд чинь илүү татагддаг байх?

-Шинэ
дуунуудаа хүрнэ л гэж найдаж байна даа. Миний хувьд зарим нэгэн уран
бүтээлчид шиг дуугаа FM радиогоор өгч, өдөр бүр хэд хэдэн давтамжтай
явуулахын тулд мөнгө төлдөггүй. Сүүлд дуулсан “Харц”, “Амлалт” гээд
сайн дуунууд байгаа. Миний уран бүтээл олонд таалагдаж, “Жирийн Монгол
охин” шиг хүмүүст хүрч, одоог хүртэл дуулагдана гэдэг цаг хугацааны
шүүлтүүрээр л болох асуудал шүү дээ.

-Тоглолтын онцлог ч юм уу сюрприз гэхээр зүйл юу байгаа вэ?

-Онцлог
гэвэл, 100 хувийн амьд тоглолт болно. Тэгээд гурван хэсгээс бүрдэж
байгаа. 1990-ээд оны үе, дараагийн үе, орчин үе гээд. Тайзны засал,
сценари ч их өвөрмөц. 1990 ээд оны гудамж талбай, байрны гадаа, орцонд
хүүхэд залуус хэрхэн дуулж хөгжимддөг байсан тэр л амьдралын талаар
дурсамж маягаар өгүүлж харуулах юм. Тэр үеийн залуусын үг хэллэг,
проблем гээд олон зүйлийг одоо харахад сонин шүү дээ. Бидний үеийн
залуус “Шанхай кейт”, “чанамал жийнс” гээд л ярьдаг байлаа. Энэ бүхнийг
л харуулж, үеийн залуустаа яг л тэр үед очсон мэт сэтгэгдэл төрүүлэхийг
хүсч байна. Ийм л сюрприз барихаас азтай үзэгч шалгаруулна, машин өгнө
эд нар гэсэн юм байхгүй ээ. Би бас бүжигчин хүн шүү дээ. 1980-аад оны
үед брейк бүжиглэдэг байлаа. Барууны үзэл суртлыг нэвтрүүлж байна гээд
сургуулиасаа хүртэл хөөгдөж байсан. Тэр үеийн брейк бүжиглэдэг байсан
залуу, гучин хэдэн насандаа яаж бүжиглэж байна гэдгийг харах бас нэгэн
сонирхолтой сюрприз байх болов уу гэж бодож байна.

-Тоглолтоо хийж байгаа цаг үе тань хямралын үетэй давхцаж байна л даа. Урьд өмнө нь яагаад хийж байгаагүй юм бэ?

-Хийе
гэж боддог байсан л даа. Гэхдээ цаг нь болоогүй гэж боддог байсан юм.
Найз, нөхөдтэйгээ ярилцаж байгаад тоглолтоо хийхээр шийдсэн. Энэ бол
ашгийн бус тоглолт, зүгээр л өөрийн уран бүтээлээ ард түмэндээ
тайлагнах үүднээс л хийж байгаа. Тэгээд ч урлаг ямар ч үед оршин
тогтнодог гэдгийг харуулж чадах байх. Кино бүтээлүүдээс харахад тэртээ
дэлхийн хоёрдугаар дайны үед байлдаан болж, буун дуу сүнгэнэж байхад ч
хүмүүс үүнийг тоолгүй хөгжмөө тоглож л байдаг байсан шүү дээ. Тэгээд ч
одоо харахад тоглолтоо хийх гэж яараад хэрэггүй байсан юм байна гэдгийг
ойлгож байна. Одооны хүүхдүүдийг харж байхад яараад л адгаад тоглолт
хийдэг,  олон дуу гаргадаг. Нэг дуугаа сайн сурч амжаагүй байхад нөгөө
дуу нь гараад, дуугаа тогтоож чадахгүй байна ш дээ. Тэгээд л хэдэн
жилийн дараа гэхэд аан тийм нэг тиймэрхүү дуу байсан л гэж яригдаж
байна. Залуучууд ийм байдлаар биш ард түмэнд тогтох, цөөн тооны алтан
дуу хийхийн төлөө байх хэрэгтэй.

-Таныг бас загвар өмсдөг байсан гэж сонссон?

 -Тийм.
Би 1984-92 оны хооронд загвар өмсч байсан. Болормаа,Туяацэцэг, Одгэрэл
гээд л топуудтай партнер болоод л загвар үзүүлдэг байлаа. Одоо
талийгаач болсон үсчин Болдхуяг гээд л загварын хэдэн залуучууд байлаа.
Тэр үед би их өндөр, туранхай янхигар залуу байсан. Анх намайг загварын
ертөнцөд дизайнер Соёлмаа эгч оруулж байсан юм шүү дээ. Хананд юм хадах
гээд зогсч байсан чинь араас хүн хараад л зогсоод байх юм. Би ч гайхаад
ямар сонин юм бэ? Хүн араас нь хараад байх юм гэж бодож байсан. Харин
Соёлмаа эгч чи ер нь загвар өмсвөл яасан юм бэ гэж санал тавиад л
загварын ертөнцөд хөл тавьж байсан даа.

-Та нэг хэсэг чимээгүй болж, ард түмэн бараг Б.Цогоог мартах шахаж байсан. Хаагуур юу хийж байв?

-Загвараас
болиод 1992 онд Соёл урлагийн их сургуульд орсон. Манай сургууль чинь
их хатуу, тоглолтод оролцож болохгүй, хичээлээ хоёр удаа таславал
хөөдөг байлаа шүү дээ. Тиймээс нэг хэсэг сураг тасарсан. Харин дараа нь
Эрдэнэтэд хэсэг амьдарсан. Яг үнэнийг хэлэхэд, урлагийг орхиё ч гэж
бодож байсан. Гэхдээ сурсан, дуртай зүйл минь болохоор, хамт тайзан
дээр зэрэгцэж дуулж байсан нөхдөө харахаар буцалдаг юм байна. Тэгээд л
нэг мэдсэн микрофоноо барьчихсан байсан.

-“Элькондор” хамтлаг тоглолтод оролцох уу?

-Жагаа
маань урд хөршид дуулж байгаа. Тоглолтоос өмнө ирвэл оролцоно. Үгүй бол
ганцаараа л дуулна даа. Элькондор хоёр долоо хоногийн дотор л нэрд
гарсныг би одоо хүртэл гайхдаг юм. Магадгүй мэргэжлийн дуучдаас
бүрдсэн, сонгодог урлагийг орчин үеийн урлагтай анх холбон дуулсан
гэдгээрээ онцлог байсан юм болов уу даа. Одоо бол тэгж дуулдаг хүүхдүүд
олон болжээ. Ньюанс гээд л.

-Таны шүтээн хэн бэ?

-За
миний хувьд “Соёл-Эрдэнэ”, “Харанга” хамтлагийн дуунд дуртай. Анх
“Харанга” хамтлаг байгуулагдаж байсныг нь би санадаг юм аа. Би тэр үед
тайзны засал хийдэг жаахан хүүхэд тайзан дээр л юм хийгээд гүйдэг
байлаа. Тэр үед “Харанга”-ынхан дор бэлтгэлээ хийдэг байсан. “Шүүдэр
цэцэг”,”Амьдрал ” гээд анхны дуунуудаа гаргаж байхад нь л сонсдог
байсан даа. Би анх дууны уралдаанд орж байхдаа гитар барьсан жаахан
хүүхэд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн ах нартайгаа бэлтгэл хийснээс хойш тэд
нарыг хүндлэн биширч, сонссоор өнөөг хүрлээ.

-Дуучин хүний ар гэрийг хүмүүс их сонирхдог?

-Гэр бүлтэй. Сайхан амьдарч байна. Өөр юу ч ярьмааргүй байна. Миний хувийн амьдрал шүү дээ.

-Гэхдээ хүмүүс нууцлах тусам илүү сонирхдог шүү дээ?

-Тэр
ч тийм л дээ. Гэхдээ хүмүүс миний гэр бүрийн талаар, эхнэрийн минь
талаар эхнэр нь тийм , эхнэр нь тэгдэг гээд л ярихаар гэр бүлд маань
сөрөг энерги хүрээд байх шиг санагддаг юм. Таны амьдрал руу тань хүмүүс
өнгийвөл ямар санагдах вэ…Яахав, гэргийг маань Дамдины Отгонзаяа
гэдэг. UBS  телевизэд программын албанд ажилладаг. Өөрөө уран бүтээлч
удамтай болохоор энэ талын ажил мэргэжил хийдэг гэх үү дээ.

-За баярлалаа эцсийн үгийг танд үлдээе?

-1990-ээд
онд бидний дуу хуурыг сонсдог байсан үе тэнгийн залуусаа тоглолтдоо
урьж, хамтдаа тэр л сайхан үеэрээ аялъя л гэж хэлэх байна.


Г.Уянга /2009 оны 4 сарын 9/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж