Инновацийн шинэ эрин эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2012.05.30-нд нийтлэгдсэн

Инновацийн шинэ эрин эхэлнэ

Манай улсад мэдлэгт суурилсан эдийн засгийг түлхүү хөгжүүлж, шинэ санаачилга, шинэ бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах хэрэгцээ шаардлага бий. Тэгвэл үүнийг хэрэгжүүлэх гол хууль  болох Инновацийн тухай хууль таван жил дуншсаны эцэст өнгөрсөн сарын 22-нд баталлаа. Тус хууль нь эдийн засгийн төрөлжилт, экспортод чиглэсэн үйлдвэрлэл явуулдаг техник технологи, инновацийн компаниудыг олноор бий болгох хууль эрх зүйн орчныг  шинээр бүрдүүлж өгөхөөрөө ач холбогдолтой. Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос тус хуулийн онцлог, танилцуулгыг эрдэм шинжилгээний байгууллагууд, их  дээд сургуулийн төлөөлөл, судлаачид, эрдэмтдэд зориулан хийлээ. Энэ үеэр хууль боловсруулахад ажилласан хүмүүс  болон үйлдвэрлэгчдийн төлөөллөөс санал, бодлыг нь сонслоо.

Шинжлэх ухааны таван парк байгуулна

С.Бямбацогт  /УИХ-ын гишүүн/

Манай улс  арьс  шир, ноос ноолуур зэрэг малын гаралтай түүхий эд болон зэсийн баяжмал, нүүрс, төмрийн хүдэр зэрэг уул уурхайн бүтээгдэхүүнээ ч нэмүү өртөг шингээхгүй, түүхийгээр нь экспортод гаргаж байна. Бидний үйлдвэрлэж буй нийт  бүтээгдэхүний 98 хувь технологи бага шингэсэн буюу нам технологийг ашигласан байгаа юм. Тиймээс үүнийгээ боловсруулж, нэмүү өртөг шингээсэн технологийг өргөн ашиглахын тулд Инновацийн тухай хуулийг санаачлан хэрэгжүүлж буй юм. Өнөөдөр манайх шинжлэх ухаан, техник, технологийг шинэ бүтээл, амжилтаа үйлдвэрлэлдээ нэвтрүүлж чадахгүй байгаа юм. Учир нь, Шинжлэх ухааны академи, эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургууль, бизнес эрхлэгчид бүгд тусдаа үйл ажиллагаа явуулж, харилцан уялдаагүй байдгаас үүдэж буй. Тиймээс эдгээр байгууллага  хамтарч, шинжлэх ухааны болон эрдэм шинжилгээний байгууллагынхаа гаргаж буй шинэ  дэвшилт техник технологийг бизнес эрхлэгчид үйлдвэрлэлдээ ашиглаж эхлэх юм. Ингэснээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх горимд орж эхэлнэ. Түүнчлэн эрдэм шинжилгээ судалгааны  байгууллагууд дэргэдээ  гарааны компани байгуулж хөрөнгө босгох,  нөгөө талаас Шинжлэх ухааны нэгдсэн таван паркыг бий болгож салбарынхнаа  зангидаж өгснөөрөө бид мэдлэгээ оюуны эргэлтэд оруулж, баялаг бүтээх боломж нээгдэх юм. Энэ оны улсын төсөвт  инновацийн тогтолцоо бий болгох тодорхой хэмжээний төсвийг суулгаж өгсөн. Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооноос таван бүсэд нэг, нэг Шинжлэх ухааны паркыг бий болгохоор тооцож буй. Эхний ээлжинд 2016 онд хоёр, 2020 он гэхэд таван парк байгуулж, үйл ажиллагаагаа жигдрүүлсэн байхаар төлөвлөж байна. Гэхдээ  дээрх парк байгуулагдахыг хүлээлгүйгээр эрдэм шинжилгээ, судалгаа, сургалтын байгууллагууд гарааны компаниа байгуулж, үйл ажиллагаагаа явуулах эрх зүйн орчин нээлттэй болсон.

Санхүүгийн механизмыг цогцоор нь бий болгосон

Б.Ганбат /Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны Шинэтгэлийн бодлогын газрын дарга/

Инновацийн тухай хуульд санхүүгийн механизмыг цогцоор нь бий болгохыг зорьсон. Үүнд хэд, хэдэн эх үүсвэрийг зааж өгсөн. Хамгийн эхэнд Засгийн газрын тусгай сан болох Инновацийн санг байгуулсан. Энэ нь Засгийн газрын эх үүсвэрээр буюу гадаадын хөрөнгө оруулалтай компанийн хөрөнгө оруулалтын 0.5, ашгийн 0.5 хувиар бүрдүүлж буй аж. Тус санд хуримтлагдсан хөрөнгийг инновацийн төсөл хэрэгжүүлэхээр авсан зээлийн хүүгийн тодорхой хувийг санхүүжүүлэх, нийгэм, эдийн засгийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулсан инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээг шагнаж урамшуулах гэх мэт 10 орчим үйл ажиллагааг төрөөс дэмжихээр болсон. Дараагийнх  нь “Венч” сан байгуулах боломжийг эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, их дээд сургууль гээд  хүссэн бүх газар боломж буй юм. Тус сан нь зөвхөн инновацийн үйл ажиллагаа, төсөл явуулахад л хөрөнгө оруулалт хийх бөгөөд үйл ажиллагаа, хяналт тавих зэрэг бүх эрх зүйн зарчмыг нь Санхүүгийн зохицуулах хороо хариуцаж байгаа. Мөн одоо үйл ажиллагаа явуулж буй Засгийн газрын сангууд инновацийн үйл ажиллагааг тодорхой хэмжээгээр санхүүжүүлэхээр болсон. Түүнчлэн гааль, газрын, аж ахуйн нэгжийн зэрэг албан татвараас инновацийн үйл ажиллагаа явуулж буй байгууллагыг чөлөөлөхөөр зааж өгсөн нь шууд бус ч гэсэн эдийн засгийн хувьд томоохон хөшүүрэг болж өгнө.  Хуулийг  голлон хэрэгжүүлэх  Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо, БСШУЯ, Төрийн өмчийн хороо, хүрээлэнгүүд зэрэг яам, агентлагууд үүрэгт ажлаа яаралтай хийж эхлэх хэрэгтэй байна. Ингэхдээ Засгийн газраар батлуулах дүрэм, журмаа нэг нэгээр нь бэлтгэж, өргөн барих нь хамгийн эхний алхам. Манай уул уурхайн бус аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх, байгаль экологи хүн амын эрүүл мэндэд хэрэгтэй импортыг орлох бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг дэмжих хэрэгтэй. Тэгэхээр салбар тус бүр өөрсдийн инновацийн чиглэлд ямар салбараа түлхүү хамруулахаа шийдэж, тодорхойлох ёстой аж.

Агаарын бохирдлыг бууруулж, шинэ технологи нэвтрүүлэх төсөл боловсруулсан

Д.Дэмбэрэлнямба /”Монхимо” компанийн Эрдэм шинжилгээний төвийн захирал/

Инновацийн тухай шинэ хууль батлагдан гарсанд тун баяртай байна. Манай компани 15 жилийн турш шинжлэх ухааны технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх чиглэлээр ажиллаж байна. Бид эрүүл мэнд, мал ургамлын гаралтай түүхий эдийг иж бүрэн ашиглаж, био бэлдмэл үйлдвэрлэхээр ажилладаг. Бид байгаль орчин ялангуяа агаарын бохирдлыг бууруулж, шинэ технологи нэвтрүүлэх төслийг боловсруулсан. Тухайлбал, гал ноцож эхлэх үед их утаа ялгардаг учир хурдан асаах ноцоогчийг бий болгох боломжтой байна. Дараагийнх нь манай улсын газар нутгийн 70 орчим хувь цөлжиж буй үүнд уул уурхайгаас үүдэж зам газар талхлагдаж тоос ихэсч мөн хот суурин газруудад ч тоосжилт их байна. Тиймээс бид үүнийг шийдэх өндөр технологийн судалгааг хийчихсэн байгаа. Цаашдаа мөн аливаа жимс, хүнсний ногоо, ургамлыг хамгаалах химийн бодисыг манайх импортоор авдаг бид үүнийг өөрсдөө тодорхой хэмжээгээр үйлдвэрлэж эхлэх боломж ч бий. Тэгэхээр үүнийг улс орон даяар хэрэгжүүлэхийн тулд төсөв мөнгө, санхүүгийн дэмжлэг, зөв бодлого ихээхэн хэрэгтэй байна.

Б.Ууганбаяр

Эх сурвалж: WWW.MONGOLIANECONOMY.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж