“Хослохуй” үзэсгэлэн үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2012.05.30-нд нийтлэгдсэн

“Хослохуй” үзэсгэлэн үргэлжилж байна

УБДС-ийн Зураг, хөдөлмөрийн ангийг 40 жилийн өмнө төгссөн найман уран бүтээлчийн хамтарсан “Хослохуй” үзэсгэлэн өнгөрсөн амралтын өдөр Монголын урчуудын эвлэлийн “Арт галерей”-д нээлтээ хийсэн юм. Уг үзэсгэлэнд Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Г.Дунбүрээ, Э.Сүхээ, Ард түмний гавьяат багш, сийлбэрч, дэд професор Ц.Ядамжав, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт зураач, багш Ч.Бизьяа, ШУТИС-ийн багш дэд профессор, дизайнер зураач Н.Нямжав, Монгол Улсын Гавьяат багш, сийлбэрч, доктор Н.Бавуужав, ДУА-ийн академич, доктор, зураач, багш С.Батчулуун, МУЭ-ийн шагналт зураач Н.Адъяабазар нарын бүтээлээс дэлгэжээ.

Үзэсгэлэн тавдугаар сарын 31-нийг дуустал үргэлжлэх бөгөөд дээрх уран бүтээлчдийн уран зураг, сийлбэр, бар зураг, пастель зэргээс бүтсэн 100 шахам өвөрмөц хэллэг бүхий бүтээл тавигдсан юм.

Үзэсгэлэнгийн үеэр ШУТИС-ийн багш дэд профессор, дизайнер зураач Н.Нямжавтай ярилцлаа.

-Хамтарсан үзэсгэлэнгээ нээсэнд тань баяр хүргэе. Үзэсгэлэнгийн талаар сонирхуулахгүй юу?

-Анх Монгол Улсын багшийн дээд сургуулийн дэргэд 1958 онд Зураг, хөдөлмөрийн багшийн анги нээгдсэн. Үүнээс хойш 50 гаруй жил болж байна. Энэ хугацаанд төгссөн зургийн багш нар олноороо мэргэжлийн зураачид хүч үзсэн байгаа юм. Түүний нэг хэсэг нь бид нар. Бид бол тэр байгуулагдсан мэргэжлийн ангийн анхны 10 төгсөгч байгаа юм. Энэхүү үзэсгэлэнг арвуулаа хийх байсан боловч өнөөдөр наймуулаа нээлээ.  

Энэ бол бидний багш, зураачийн ажил хослуулж хийсний үр дүн. Миний хувьд 1972 онд сургууль төгсөөд улсад 42 жил багшилсан. Дандаа инженер, архитектор бэлтгэсэн багш байна. Багшийн ажлынхаа хажуугаар уран бүтээлээ хийж, нэлээн олон бие даасан болон дотоод, гадаадын хамтарсан үзэсгэлэнд оролцлоо. Үүнийхээ үр шимийг хүртэж, сэтгэл хангалуун байх талаасаа өөртөө их баяртай явдаг. Цаашдаа ч уран бүтээлээ хийж явна даа.

-Энэ танхимд таны байгалийн сайхныг дөрвөн улирлаар дүрсэлсэн бүтээлүүдтэй таарлаа. Байгаль таны зурах дуртай сэдэв юм аа даа?

-Би голдуу байгалийн зураг хийж байна. Хамтран үзэсгэлэнгээ гаргасан нөхдөөсөө ялгарах миний онцлог бол би эхэндээ усан будгаар их зурдаг байсан. Сүүлийн үед тосон пастель гэдэг гоё, уран зургийн хэрэглэгдэхүүн материалаар бараг ганцаараа дагнаж хийж байна. Үүгээрээ Урчуудын эвлэлийн хорооны гишүүн зураачдын дотор онцлог юм. Үүнийг эзэмшихийн тулд зурах шинэ технологи хэрэглэж байгаа, тэр нь амжилттай болох зэрэг асуудлуудыг шийдвэрлэж яваа зэргээрээ нэлээд том үүрэг даалгавар гэж үзэж болох талтай.

-Тосон пастель нь бусад дүрслэх урлагийн төрлөөс юугаараа ялгаатай вэ?

-Өөрийн гэсэн технологи, аргатай ч яг ингэж хийнэ гэж бичээгүй болохоор хүн хөдөлмөрөөрөө тэр технологийг олж авдаг юм. Түүгээрээ онцлог, зурахад хэцүү будаг.

-Усан будаг бол дүрслэх урлагийн амаргүй төрлүүдийн нэг. Нарийн мэдрэмж, өнгөний зохицлыг нэг л агшинд буулгадаг. Эргэж засвар хийхэд хэцүү гэж ярьдаг. Та усан будгийн ямар техникээр уран бүтээлээ хийдэг вэ?

-Усан будаг бол зураачийн чадвар, авьяас бүх зүйлийг шалгадаг дамшиг байгаа юм. Усан будаг дотроо би өөрийн гэсэн техникээр зурдаг. Та нар яваад үзэх юм бол ондоо байгаа. Би усан будгийг нойтон арга гэдгээр зурдаг. Энэ нойтон аргаар баргийн хүн зурна гэж байхгүй шүү, хэцүү. Өөрөөр хэлбэл, хоромхон хугацаанд л тэр байгалийн өнгө, будаг бүх юмыг эхний тавьсан будгийн ус хатаагүй байхад тэр хооронд амжуулаад бүгдийг найруулан тавьж, шийдвэрлэнэ гэсэн үг. Түүгээрээ аюултай. Нөгөөдөх нь хуурай арга гэж байдаг. Тэр нь эхлээд нимгэн тавьж, хатаагаад тэгээд давхарлаад зурдаг. Тэр бол боломжийн.

-Та хамтран үзэсгэлэнгээ нээсэн эрхмүүдээс архитектор бэлтгэдэг гэдгээрээ онцлог гэж байсан шүү дээ. Энэ тухайд та юу хэлэх вэ?

-Архитекторын оюутнуудад мэргэжлийн гол суурь нь нэг талаасаа уран зураг нөгөө талаасаа математик байдаг. Энэ суурь болсон чухал хичээлийг эзэмшүүлж, тэд нарт мэргэжлийн тулгуурыг нь тавьж өгнө гэдэг их чухал юм. Үүгээрээ их бахархдаг. Ер нь миний шавь нар нэлээд боломжийн сайн явж байгаа шүү. Би өөрөө 40-өөд жил багшилж байгаа болохоор миний гарт орсон ажил юм даа.

-Улаанбаатар хотын хот төлөвлөлтийн талаар ямар бодолтой явдаг вэ?

-Хот төлөвлөтийн талаар ярих зүйл байхгүй ээ. Маш том алдаатай болсон. Өөрөөр хэлбэл, хот төлөвлөлт чинь 20-30 жилийн хугацаатай төлөвлөдөг эд. Гэтэл Улаанбаатар хотыг анхнаас нь тэгж төлөвлөсөн байтал мөнгөнөөс өгчихсөн. Одоо маш замбараагүй болоод хот төлөвлөлт алдагдчихсан. Улаанбаатарын зарим хэсэгт машинаа байрлуулж, явган явах газар байхгүй байна шүү дээ.

-Энэ хот төлөвлөлтийн замбараагүй байдлыг сэргээн өөрчлөх ямар боломж байгаа бол?

-Улаанбаатарыг цэгцэлье гэвэл өртгийг нь өндөр болгох хэрэгтэй. Москва шиг. Москва анх ЗХУ таран бутраад Орос улсын нийслэл болонгуут өртгийг нь нэмчихсэн. Тэр өндөр өртөгтэй газарт хүн очиж, цугларч хязгаараас нүүж очихгүй шүү дээ. Мөн нэгэнт цугласан улсуудыг шингэлэхийн тулд төрөөс олон арга хэмжээ авах хэрэгтэй. Үүний нэг сайн жишээ бол их, дээд сургуулийн оюутны хотхонг хотоос гадагш барих асуудал байна. Үүнийг дагаад суурьшил шингэрнэ шүү дээ.

Хослохуй үзэсгэлэнгийн зургийн цомгийг ЭНД дарж үзнэ үү

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж