“Эх үрсийн инээмсэглэл” өдөрлөг боллоо

Хуучирсан мэдээ: 2012.05.30-нд нийтлэгдсэн

“Эх үрсийн инээмсэглэл” өдөрлөг боллоо

“Сэтгэлийн шим, дэм” нийгэмд үйлчлэх ТББ, Монголын аялал жуулчлалын хөтөч, тогооч нарын холбоо, Монгол Улсын шагналыг зохицуулах зөвлөлөөс өчигдөр “Эх үрсийн инээмсэглэл”  өдөрлөг зохион байгуулж, 90 ээж, 90 хүүхдийг баярлууллаа. Хүүхдийн инээдээр танхимыг чимсэн уг арга хэмжээг нийгмийн сайн сайхны төлөө, гэгээлэг бүхэнд уриалан дуудаж, эх үрсийн баярын өмнөхөн  азай буурлууд, ачит үрсээ ийнхүү цуглуулан гарын бэлэг болон цом, өргөмжлөл гардуулж, урлагийн тоглолт сонирхуулсан юм. Энэхүү гэгээлэг арга хэмжээний тухай “Сэтгэлийн шим, дэм” нийгэмд үйлчлэх ТББ-ын ерөнхийлөгч Д.Мөнхцэцэгээс цөөн асуултад хариулт авсан юм.

-Ийнхүү азай буурлуудад шагнал өгөх болсон тухайгаа танилцуулна уу?

-Монголын сайхан ээжүүддээ их гүрний төрийн тулгуур болж ирсэнд нь талархан, гавьяаг нь эрхэмлэн, ийнхүү цол, өргөмжлөл гардуулж байгаа юм. Эмэгтэй хүн гэдэг гэрийнхээ гэрэл гэгээ болдгийн хувьд энхрий үрсээ халамжилж, эх орны үйлст томоохон хувь нэмэр оруулдаг шүү дээ. Ийм ч учраас эмэгтэйчүүдээ үргэлж дэмжин, урамшуулж байх хэрэгтэй гэдэг үүднээс ийнхүү бусад байгууллагуудтайгаа хамтраад урамшуулж байгаадаа баяртай байна.

-Өмнөх жилүүдэд ч бас ийм арга хэмжээ зохион байгуулж байсан гэсэн?

-Өмнө нь 2009 онд 300 өнчин хүүхдэд, 2010 онд 2000 эмэгтэйд, 2011 онд дүүрэг бүрээс 200 ээжийг баярлуулж байсан. Бид энэ үйлсдээ сэтгэл дүүрэн байдаг юм. Харин энэ жил 90 ээж, 90 хүүхдийг баярлуулж байна.

-Цаашдаа нийгмийн сайн сайханд чиглэсэн ямар ажил хийхээр төлөвлөөд байна вэ?

-Манай төрийн бус байгууллага цаашдаа гэрийн эзэгтэй болох эмэгтэйчүүддээ зориулж бүхий л төрлийн сургалт хийхээр төлөвлөж байна. Ингэхдээ аль болох үр дүнтэй байдлаар сонирхолтой лекц зохион байгуулах юм.






У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж