Таэквондогийн оюутны ДАШТ үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2012.05.30-нд нийтлэгдсэн

Таэквондогийн оюутны ДАШТ үргэлжилж байна

Олон улсын оюутны спортын холбооны 2012 оны календарчилсан төлөвлөгөөний дагуу Дэлхийн оюутны аварга шалгаруулах /ДОАШТ/ 12 дахь удаагийн тэмцээн БНСУ-ын Почен хотноо тавдугаар сарын 25-30-ны өдрүүдэд болж байна. Тэмцээний нээлтийн ажиллагаа тавдугаар сарын 25-ны өдөр Дэжин их сургуулийн 6500 хүний багтаамжтай спорт зааланд болсон ба нийт 47 орны 518 тамирчид, төлөөлөгчид, албаны хүмүүс мандат аван тэмцээнд оролцож байна. Почен хот нь 826 км2 газар нутагтай, 160.000 хүн амтай БНСУ-ын зүүн хойд хэсэгт Геонги мужид оршдог юм.

Тус тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн хоёр дасгалжуулагч, эрэгтэй-4, эмэгтэй-4 тамирчинтайгаар оролцохоор тавдугаар сарын 23-ны өдөр Почен хотыг зорьсон. Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнд 2011 онд БНХАУ-ын Шинжинь хотноо зохион байгуулагдсан дэлхийн оюутын спортын “Универсиад” их наадамд оролцож байсан туршлагатай тамирчид багтсан билээ.

Багийн дасгалжуулагчаар Монголын Таеквондогийн холбооны дасгалжуулагч М.Энхбаатар, Г.Анхбаяр, эмэгтэй тамирчдаас 2011 онд Казакстан улсын Алмата хотноо болсон Азийн оюутны аварга шалгаруулах таэквондогийн тэмцээний Хүрэл медальт тамирчин С.Мөнгөнцэцэг /46кг/, СИТИ ДС-ийн оюутан С.Янжинлхам /49 кг/, Т.Солонго  /53кг/, Э.Хишгээ /57 кг/, эрэгтэй тамирчдаас М.Түмэнбаяр /54 кг/, Х.Билгүүн /58 кг/, Ц.Мөнгөн /63 кг/, Н.Эрдэнэбаатар /68 кг/ нар тус тус оролцож байна.

Монголын оюутны таеквондогийн шигшээ баг анх 1996 оноос эхлэн ОХУ-ын Петерсбург хот, 2004 онд Грекийн Патра хот, 2006 онд Испаний Валенсиа хотод зохиогдсон ДОАШТ, 2003 онд БНСУ-ын Дэгү хотноо мөн 2011 онд БНХАУ-ын Шинжинь хотноо зохиогдсон зуны “Универсиад” их наадмуудад тус тус оролцож байсан түүхтэй юм. Дараагийн 2014 оны таеквондогийн ДОАШТ Монгол улстай ойр БНХАУ-ын Хөх хотод зохион байгуулагдахаар Олон улсын оюутны спортын холбооны /ОУОСХ/ 2014 оны календарчилсан төлөвлөгөөнд орсон байна. Мөн таеквондогийн спортын төрөл нь 2017 оноос эхлэн зуны “Универсиад” их наадмын хөтөлбөрт үндсэн төрөлд албан ёсоор орно. 

Энэхүү тэмцээнд Монголын оюутны спортын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, ОУОСХ-ны Хяналтын хорооны гишүүн, АОСХ-ны Гүйцэтгэх хорооны гишүүн, Доктор Д.Жаргалсайхан олон улсын байгууллагаас томилогдон Хяналтын хорооны төлөөлөгчөөр ажиллаж байгаа билээ.  

Одоогийн байдлаар тэмцээнээс жингийн дарааллаар медальт байранд дараах тамирчид шалгараад байна.
 
Эрэгтэй -54 кг

  1. Ираны тамирчин Meidam Bagheri Dehcheshmeh /4-0/
  2. Индонезийн тамирчин Ahmad Nabil Huhammad Faqih
  3. БНСУ-ын тамирчин Suh Yun Jang 
  4. АНУ-ын тамирчин Johnny Nguyen

Эрэгтэй -68 кг

  1. Ираны тамирчин Abbas Sheikhu /7-6/
  2. БНСУ-ын тамирчин Hye Seung Yun
  3. Туркын тамирчин Turgay Yildirim 
  4. ОХУ-ын тамирчин Maxim Baranovskiy

Эмэгтэй -46 кг

  1. Хятадын Тайвань улсын тамирчин Weiyu Tsai
  2. Филиппиний тамирчин Lorenzo Amoedo 
  3. БНСУ-ын тамирчин Kim


Эмэгтэй  -57 кг

  1. Египетийн тамирчин Malak
  2. Хятадын Тайвань улсын тамирчин Tseng
  3. Кубын тамирчин Muсoz
  4. Мексикийн тамирчин Chavez

МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж