-Төрийн албаны зөвлөлөөс төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалт зарлажээ. Ямар байгууллагаас сул орон тооны захиалга ирүүлсэн юм бэ. Шалгалтыг хэзээ авахаар товлов?
-Архивын ерөнхий газар, Төрийн өмчийн хороо, Үндэсний статистикийн хороо, Газрын тосны газар, Авто замын газар, Цөмийн энергийн газар, Татварын ерөнхий газар, Жендэрийн үндэсний хороо, Санхүүгийн зохицуулах хорооны төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх төрийн албаны мэргэшлийн шалгалтын бүртгэлийг зургадугаар сарын 4, 5-нд зохион байгуулахаар товлосон. Шалгалтыг зургадугаар сарын 6, 8-нд авахаар төлөвлөөд байна.
-Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтыг цахим хэлбэрээр авдаг болсон. Шалгалтыг цахим хэлбэрт шилжүүлсний ач холбогдол юу байна вэ. Бүртгүүлсэн иргэн гэрээсээ шалгалт өгч болох уу?
-НҮБ-ын Монгол Улсад шударга ёс, ил тод байдлыг бэхжүүлэх дэмжих төслийн хүрээнд Төрийн албаны зөвлөлөөс зохион байгуулдаг төрийн албанд анх орох иргэний сонгон шалгаруулалтын шалгалтыг онлайн буюу цахим хэлбэрээр авах системийг программ хангамжийн түвшинд боловсруулж, 2011 оны арваннэгдүгээр сараас шалгалтыг цахимаар авч эхэлсэн. Өнөөдөр яам, агентлаг болон нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх мэргэшлийн шалгалтыг энэхүү цахим системээр авч хэвшсэн. Ийнхүү төрийн албанд анх орох иргэний сонгон шалгаруулалтын шалгалтыг цахим хэлбэрээр авдаг болсноор нэгдүгээрт, зарлагдсан ажлын байранд бүртгүүлсэн иргэдийн мэдээлэл программд шивэгдэн Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсаар шууд нийтэд мэдээлнэ гэсэн үг л дээ. Энэ нь иргэд болон байгууллагуудад тухайн ажлын байранд хэчнээн хүн бүртгүүлснийг хянах боломжтойгоос гадна шалгуулагч хэдэн хүнтэй өрсөлдөхөө мэдэх боломжийг нээлттэй олгож байгаа юм. Хоёрдугаарт, Сорилын болон Ур чадварын шалгалтыг цаасгүй технологи буюу компьютер дээр өгөх бөгөөд шалгалтын программаас сорилыг санамсаргүй байдлаар шалгуулагчдын өөрсдийнх нь хяналт дор сэлгэн зохиох замаар шалгалтыг авч дүнг тэр даруй шалгуулагчид өөрт нь болон интернэтээр нийтэд мэдээлэх бололцоотой. Гуравдугаарт, шинээр ашиглаж эхэлсэн энэхүү програм хангамж нь бүртгэл, сорилын сан, шалгалтын бүх үйл ажиллагааг хамтад нь цогцоор нь шийдэж чадсан төдийгүй интернэтийн орчинд буюу онлайн горим ажиллах нөхцлийг бүрдүүлж чадсанаараа төрийн албанд орохоор өрсөлдөж буй иргэд болон нийтэд ил тод ямар нэгэн хардлага сэрдлэггүй иргэдийн талаарх мэдээлэл нөөцийн санд бүртгэгдэж, ингэснээр нөөцөд байгаа иргэдийн мэргэжил, боловсрол туршлагаар нь хайлт хийх боломжтой болсон. Шалгалт өгөхөөр бүртгүүлсэн иргэд маань энэ шалгалтыг гэрээсээ өгөх боломжгүй юм. Шалгалтыг товлосон хугацаанд тусгай байранд ирж өгнө.
-Орон нутаг өөрсдөө цахим хэлбэрээр төрийн албаны мэргэшлийн шалгалт авах бололцоо бий юу?
-Цаашид орон нутагт төрийн албаны мэргэшлийн шалгалтыг энэхүү програм хангамжаар авахаар зорьж байгаа. Төрийн албаны зөвлөлөөс томилогдсон ажлын хэсэг өнөөдрийн байдлаар Баян-Өлгий, Орхон, Дорноговь, Өвөрхангай, Баянхонгор аймгуудад төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтыг анх удаа цахимаар авахад нь аймаг дахь салбар зөвлөлд арга зүйн тусламж үзүүлсэн. Ямар ч байсан Баян-Өлгий аймаг дахь төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл нь аймгуудаас анх удаа бие дааж энэ сард төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтыг цахимаар амжилттай авсан байгаа.
-Төрийн албаны мэргэшлийн шалгалт өгөх иргэдээс гадаад хэлний шалгалт авдаг болсон гэх яриа байх юм. Энэ тухай тодруулахгүй юу?
-Төрийн албаны зөвлөлд ирүүлж байгаа зарим ажлын байранд англи хэлний мэдлэгийн тусгай шаардлага тавигдах тохиолдол бий. Энэ тохиолдолд тухайн ажлын байранд бүртгүүлсэн иргэдээс англи хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалт авдаг. Гэхдээ Төрийн албаны зөвлөл энэхүү шалгалтыг бие даан авдаггүй, Монгол дахь TOEIC-ийн Үндэсний төвтэй хамтран TOEIC-ийн шалгалтыг авах болсон. Хамгийн анхны шалгалтыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 11-ний өдөр авсан, амжилттай болсон.
-TOEIC-ийн шалгалт нь TOEFL, IELTS-ийн шалгалтаас юугаараа онцлог юм бэ?
-TOEIC-ийн шалгалт нь TOEFL, IELTS шалгалтын нэгэн адил олон улсын шалгалт. Гол нь тухайн ажлын байранд шаардагдах англи хэлний мэдлэгийн түвшинг шалгаж тогтоож өгөхөд зориулагдсанаараа дээрх хоёр шалгалтаас зорилгоороо ялгагддаг. Өөрөөр хэлбэл, англи хэлний мэдлэгийн тусгай шаардлага тавигдсан ажлын байранд бүртгүүлсэн иргэдээс TOEIC-ийн шалгалт авдаг болсноор тухайн ажлын байранд өрсөлдөхөөр бүртгүүлсэн иргэдийн англи хэлний мэдлэгийн түвшинг олон улсын шалгуураар тогтоон гэрчилгээ олгох ажлыг хөндлөнгийн олон улсын мэргэжлийн боловсролын байгууллагаар хийлгэж байгаа хэрэг л дээ. Мөн TOEIC-ийн шалгалтыг Төрийн албаны зөвлөл, Монгол дахь TOEIC-ийн Үндэсний төв зохион байгуулж, шалгуулагч иргэдийн шалгалтын материалыг АНУ дахь TOEIC-ийн төвд онлайнаар явуулж, хоёр цагийн дотор шалгалтын дүн бүхий гэрчилгээ нь ирдэг. Ингэснээр англи хэлний мэдлэгийн тусгай шаардлага тавигдсан төрийн жинхэнэ албан тушаалын ажлын байранд өрсөлдөхөөр бүртгүүлсэн иргэдийн англи хэлний мэдлэгийн түвшинг олон улсын шалгуураар тогтоон өдөрт нь багтааж дүгнэдэг гэсэн үг.
-Хэрвээ төрийн албаны шалгалт өгөх иргэн нь гадаадын аль нэг их, дээд сургуульд суралцаж байгаад магистр, докторын зэрэг хамгаалсан байх ч юм уу. Эс бөгөөс TOEFL, IELTS–ийн шалгалтад ороод англи хэлний төвшингөө тогтоолгочихсон байх тохиолдолд яах вэ, заавал TOEIC-ийн шалгалт өгөх ёстой юу?
-Энэ тохиолдолд тухайн хэлний түвшин тогтоох шалгалтаар авсан оноо, тухайн хэлээр эзэмшсэн дээд боловсрол, уг иргэний түүнд холбогдох баримт бичгийг нь үндэслэн гадаад хэлний түвшин тогтоох шалгалтад тэнцсэнд шууд тооцож болно. Энэхүү шалгалтад “Тэнцэнэ” гэсэн үнэлгээ авсан иргэн төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт өгөх эрхтэй болно.
-TOEIC-ийн шалгалтыг энэ хугацаанд хэчнээн шалгуулагч өгсөн бэ?
-Ямар ч байсан хамгийн сүүлд Ашигт малтмалын газрын даргын тушаалд өрсөлдөх сонгон шалгаруулалт дээр энэ шаардлага тавигдсан. Тэр дагуу шалгуулагч тухайн шалгалтыг өгсөн байдаг юм. Нийт 30 гауй албан тушаалтан TOEIC-ийн шалгалт өгсөн.
-Хөдөө орон нутагт англи хэлний шаардлага тавьсан тохиолдолд яах вэ?
-Одоогоор хөдөөд орон нутагт зарлагдаж байгаа ажлын байрны сул орон тоон дээр гадаад хэлний шаардлага тавиагүй байна. Энэ талаар бид судалж байна.
-Сүүлийн үед уншигчдаас “Төрийн албанд орох бол заавал цэргийн алба хаасан байх ёстой болсон юм уу” гэх асуулт цөөнгүй тавих боллоо. Ийм шалгуурыг давхар тавьдаг болсон хэрэг үү?
-Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.4-т зааснаар цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэн энэ үүргээ биелүүлээгүй бол төрийн жинхэнэ албан тушаалд авч ажиллуулахыг хориглосон. Гэхдээ энэ заалт 2008 оны тавдугаар сарын 6-ны өдрөөс өмнө 18 нас хүрсэн, түүнчлэн эмнэлгийн магадлагаагаар эрүүл мэндээр тэнцээгүй, хуульд заасан бусад үндэслэлээр цэргийн жинхэнэ албанаас түр буюу бүрмөсөн чөлөөлөгдсөн иргэнд хамаарахгүй. Тэгэхээр 1990 оны тавдугаар сарын 6-ны өдөр болон түүнээс хойш мэндэлсэн иргэн хуульд заасан цэргийн жинхэнэ алба хаах үүргээ биелүүлээгүй бол төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтад оруулахгүй байх зүйл заалтыг мөрдөж ажиллах болж байгаа юм л даа.