“Carec 2020” үндэсний семинар болно

Хуучирсан мэдээ: 2012.05.30-нд нийтлэгдсэн

“Carec 2020” үндэсний семинар болно

Монгол Улсын Сангийн яам болон Азийн хөгжлийн банк хамтран “Carec 2020” үндэсний семинарыг маргааш 9.00-13.00 цагт “Улаанбаатар” зочид буудлын “Хөх асар” танхимд зохион байгуулах гэж байна. Семинарт салбарын яам, агентлагууд болон олон улсын хамтын ажиллагааны байгууллагуудын төлөөлөл оролцох ажээ. Энэ үеэр Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийг танилцуулж, Сангийн яамны зүгээс өнгөрсөн 10 жилийн хугацаанд төрөл бүрийн төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд хийсэн ажил болон цаашдын стратеги төлөвлөгөөний тухай хэлэлцэх гэнэ.  

Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (CAREC) нь оролцогч орнуудын хооронд зам, тээвэр, эрчим хүч, худалдаа хөнгөвчлөх болон худалдааны бодлогын салбаруудад хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой юм байна. Бүс нутгийн эдийн засгийн хөгжлийг дэмжихээр уг хөтөлбөрийг Азийн хөгжлийн банкнаас сүүлийн 10 жилийн хугацаанд хэрэгжүүлжээ. Энэ хугацаанд хөтөлбөрийн хүрээнд энэ салбарт 15 тэрбум ам.долларын өртөг бүхий 100 гаруй төслийг санхүүжүүлж, сургалт зохион байгуулсаар байсан бөгөөд үүнд Монгол Улс хамрагдсаар ирсэн аж. Хөтөлбөрийг цаашид ажилттай хэрэгжүүлэхийн тулд дараагийн 10 жилд баримтлах үндсэн чиглэлийг тодорхойлсон “Carec 2020” стратегийн баримт бичгийг гаргасан бөгөөд маргаашийн зөвлөгөөнөөр илүү дэлгэрэнгүй танилцуулах гэнэ.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж