-Нэлээд давчуу хугацаатай эх орондоо ирлээ. Сайхан амарч чадав уу?
-Харин тийм ээ. Башё дуусгаад шууд наашаа ирэх гэж байсан боловч цаг агаарын улмаас нэг хоног хугацаа алдсан. Түүнээс болж төлөвлөсөн бүх ажил шахуу болсон. Амрах зав үнэндээ гараагүй. Өдөржин энд тэнд арга хэмжээнд оролцоод оройдоо л нэг юм гэрийн бараа харж, ах дүү нартайгаа хэдэн үг солилцсон. Харин найз нөхөдтэйгээ уулзаж чадаагүй. Тиймээс та бүхнээсээ уучлалт гуйж байна. Долдугаар сард ирэхдээ сайхан амарч, найз нөхөдтэйгээ уулзана. Гэхдээ цөөхөн хоног ч гэсэн Монголдоо ирэх үнэхээр сайхан байсан.
-Найз нөхөд тань таныг хүлээж л байсан байх даа?
-Миний зарим найзууд хөдөө байдаг. Гэтэл тэд нар маань хөдөөнөөс ирчихсэн “Бөхийн өргөө”-нд миний тоглолтыг хараад сууж байсан. Бүр багын найзууд минь шүү дээ. Тэгэхэд би маш их баярласан. Сүмод барилдаж эхэлснээс хойш найзууддаа тухтай цаг гаргаж чадахгүй л байгаа юм.
-Хакүхо аваргын санаачилсан арга хэмжээн өндөрлөлөө. Та ямар сэтгэгдэлтэй үлдэв?
-Башё эхлэхийн өмнө аварга надад хүмүүнлэгийн ажил зохион байгуулах гэж байгаагаа хэлсэн. Ингэхдээ өмнө нь хийж байсан “Их Монголын алтан одод” шоунд оролцох уу гэж асуусан. Би ч дуртай хүлээж авсан. Тэртээ, тэргүй бид Японд байнга л хүмүүнлэгийн арга хэмжээнд оролцдог юм чинь төрөлх эх орондоо байж яагаад болдоггүй юм бэ гэж бодсон. Тэгээд л зөвшөөрсөн. Харин башё дуусгаад Монголруугаа явна гэж бодсон чинь жаахан хөөрөөд, битүүхэндээ догдолсон. Гэсэн ч сэтгэл хөдөллөө гээд ил гаргаж болохгүй.
-“Бөхийн өргөө”-нд хүүхдүүдэд бэлэг гардуулж байхад та байн байн инээгээд л байсан. Юу бодож байсан юм бэ?
-Зүгээр л. Хөөрхөн хөөрхөн хүүхдүүд их байсан. Нэг хүүхэд надад тэврүүлчихээд салахгүй багш нарыгаа их сандаргасан шүү. Энэ дашрамд, ийм сайхан арга хэмжээг санаачилж зохион байгуулсан Хакүхо аварга болон хамтран ажилласан бүх хүнд талархал илэрхийлье. Олон хүний сэтгэлийг хөдөлгөсөн сайхан ажил болсон.
-Таныг ойр дотны хүмүүс тань дуу цөөтэй гэдэг юм билээ. Гэтэл тэгж бодогдохооргүй л юм байна?
-Сайхан ярилцмаар санагдах үе зөндөө байдаг шүү дээ. Дуу цөөтэй хүн гэхээрээ л үргэлж дуугүй байна гэж юу байх вэ дээ.
-Тэгвэл сайхан ярилцмаар санагдсан үедээ ихэвчлэн хэн рүү ханддаг вэ?
-Хакүхо аварга, оозэки Харүмафүжи, Цэвэгээ ах гээд л нөмөр нөөлөгтэй хүн олон бий л дээ. Тэд нартайгаа хааяа ярилцаж суух гоё шүү дээ.
-Нацү башёд шинэ цолтой барилдлаа. Ямар байсан тавин хувийн амжилтаа үзүүлсэн. Гэхдээ шинэ оозэкигийн хувьд тааруу барилдлаа гэж ярих хүн олон байна. Та ямар бодолтой байна вэ?
-Тийм ээ. Би ч гэсэн тааруу барилдсанаа ойлгож байгаа. Тиймээс долдугаар сарын башёд гол анхаарлаа хандуулж барилдана. Бусадтай адилхан түрүүлэх хэмжээний барилдаан үзүүлнэ гэж бодож байна. Магадгүй түрүүлж ч болно шүү дээ. Японд буцаж очоод бэлтгэл сургуулилтаа маш сайн хийж, илүү дайчин барилдаан үзүүлж алдаагаа засна.
-Таныг оозэки цол хүртсэнийхээ дараа шууд эх орондоо ирнэ байх гэж олон хүн харж байсан. Боломж гарсангүй юу?
-Сүмогийн дэг жаяг их хатуу шүү дээ. Боломжтой байсан бол эх орондоо ирэлгүй яах вэ. Монголынхоо ард түмэн, ах дүү, хамаатан садан, найз нөхөдтэйгээ оозэки цолныхоо баярыг хуваалцъя гэж маш их бодож байсан. Даанч болоогүй. Оозэки бол дээрээсээ хоёр дахь цол. Энэ цолонд хүрч болсон юм чинь ёкозүна болоход ойрхон байна. Тиймээс өөрийгөө хурцалж сайхан барилдаан гаргаж байгаад заавал ёкозүна цол хүртэнэ. Түүний дараа оозэки, ёкозүна цолныхоо баярыг нэгэн зэрэг эх орондоо хийхээр төлөвлөсөн. Энүүхэндээ гэж хэлэхэд, Японы мэргэжлийн сүмод барилдаж байгаа зөвхөн монгол гэлтгүй бүхий л гадаад сүмочид бүгд башё дуусгаад эх орон, төрсөн нутгаа эргээд ирэхийг боддог. Даанч тэр бүхэн санаснаар болдоггүй. Ялангуяа макүүчигаас доош зиндааны бөхчүүдэд бол бүр хэцүү.
-Ингэхэд яагаад сүмогоор барилдах болсон юм бэ?
-Сүмогийн алтан хараацай гэгдэх гурван ахын нөлөө бий л дээ. Анх сүмод очоод бэлтгэлээ хийж байхдаа их шантарч байлаа. Заримдаа гэрээ их санана. Нэг өдрийн бэлтгэл дуусангуут хэсэгтээ л баярлана. Маргааш нь дахиад бэлтгэл, заримдаа өмнөх өдрийнхөөсөө ч хүндэрсэн байдаг. Гэхдээ үүнээс би тэсвэр хатуужил олж авсан. Үүний хүчинд л оозэки цолтой бөх гэгдэж байна шүү дээ.
-Шантраад гэрлүүгээ буцах юмсан гэсэн бодол байгаагүй юм уу?
-Байсан. Гэхдээ би их тэгэхийг хүсээгүй. Ганц би биш олон аавын хөвгүүд тэнд надтай адилхан бэлтгэл хийж, мэргэжлийн сүмод амжилт гаргах гэж зүтгэж яваа гэж боддог. Тиймээс шантарсан ч нутаг буцъя гэсэн бодол төрж байгаагүй.
-Нацү башёд Монголын сүмочдын алтан хараацайнуудын нэг Кёкүтэнхо Цэвэгням 20 жилийн дараа анхны түрүүгээ авч олон хүн баярлуулсан. Тухайн үед танд юу бодогдож байв?
-Цэвэгээ ахыг шийдвэрлэх нэмэлт барилдаанаа хийх гэж байхад Монголын сүмочид бүгд нэг дор байсан. Гарахынх нь өмнө түүнийг аль болох тайвшруулж, шийдсэн барилдаан гаргаарай гэж зөвлөсөн. Тэгээд л бүгдээрээ гар гараасаа барьж байгаад залбирсан. Нэг мэдсэн чинь сүмогийн ордонд үзэгчид шуугиад л явчихсан. Бид нар ч нүдээ нээгээд хартал Цэвэгээ ах уйлчихсан бууж ирсэн. Монголын сүмочдын хувьд өөрсдөө түрүүлсэн юм шиг л баярласан даа. Цэвэгээ ах тэгэхэд нэлээд удаан уйлсан шүү /инээв/. Бид нар ч гэсэн өөрийн эрхгүй л нулимс унагасан. Бахархмаар түрүү л гэж хэлмээр байна.
-Сагсан бөмбөг шаггүй сайн тоглодог юм билээ. Сүмод барилдахаасаа өмнө тоглодог байсан уу?
-Нэг их сайн тоглож чадахгүй ээ. 10 жилийн сурагч байхдаа ганц, хоёр удаа тэмцээнд орж байсан. Ер нь бол сагсан бөмбөг огт тоглож чаддаггүй эр хүн гэж бараг үгүй байх. Миний хувьд тэдний л нэг. Чадлаараа л тоглолоо. Харамсалтай нь, энэ удаа бөхчүүд биднээс хүчтэй байлаа.
-Хожих боломжтой шиг харагдсан даа?
-Магадгүй л юм. Бидний хувьд ядаж хоёр өдөр хамтдаа бэлтгэл хийсэн бол хожиж болохоор байлаа. Ирсэн өдрөө “Тэмүүжин” спорт сургалтын төв дээр нэг цаг гаруйн хугацаанд бөмбөг шидсэн. Өөр бэлтгэл хийж амжаагүй. Тиймээс багийн тоглолт гарч өгөхгүй байсан. Түүнээс биш хожих боломж байв. Гэхдээ бөхчүүдийн баг үнэхээр хүчтэй бүрэлдэхүүнтэй юм билээ. Тун чадварлаг тоглож чадсан учраас тэд хожсон. Намар дахин тоглохоор болсон. Тэр үед илүү сайн бэлтгэж байгаад хожно.
-Ярилцсанд баярлалаа. Сүүлийн асуултыг танд үлдээе?
-Сүмочдоо дэмжиж байдаг спортод хайртай бүх хүнд баярлалаа. Монголдоо ирэх сайхан байлаа. Дараа нь бүр илүү тухтай ирнэ. Та бүхнийхээ итгэлийг алдалгүй барилдаанаа улам сайжруулж, монголчуудынхаа хүлээж байгаа ёкозүна цолыг авахын төлөө зүтгэх болно.