“SouthGobi Resources” компани (TSX:SGQ)(HKSE:1878) тавдугаар сарын 28-нд Өмнөговь аймгийн Шивээ хүрэн боомтоос Хятадын Секе боомтын хооронд нүүрс тээвэрлэх найман хилийн гарц нээсэн тухай өчигдөр мэдээлжээ. Энэ нь Хятад руу экспортлох нүүрсний хэмжээг нэмэгдүүлэх зорилготой гэнэ. Хилийн хооронд шинэ замууд гаргахаас өмнө найман метр өргөнтэй ганцхан замаар Монголоос Хятад руу нүүрс тээвэрлэдэг байжээ. Ачаагүй машинууд өглөө нь шалган нэвтрүүлэхэд бүртгүүлж, үдэд нүүрс ачиж, Хятад руу экспортолдог байна.
Хилийн найман гарцын хоёр нь нүүрс тээвэрлэгч ачааны машинууд тасралтгүй цувдаг замын ачааллыг багасгахын тулд Хятадаас ирж буй ачаагүй машинуудыг бүртгэх юм байна. Шинээр нээсэн найман гарц үүнээс хойш долоо хоногийн зургаан өдөр 08.00-20.00 цаг хүртэл нүүрс тээвэрлэгч машинуудыг бүртгэх гэнэ. “SouthGobi Resources” компанийн гүйцэтгэх захирал Александр Молинье “Хуучин замаар бид өдөрт дээд тал нь 409 ачааны том машинтай нүүрс (ойролцоогоор 37,000 тонн нүүрс) Хятад руу тээвэрлэж байсан. Хил дээр ачааны машинууд урт дараалал үүсгэж, цаг алддаг байсныг шинэ гарц нээснээр бууруулна гэж бид итгэж байна. Хилийн гарцыг өргөжүүлснээр тээврийн зардал ч буурна” хэмээн ярьсан байна.
Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “SouthGobi Resources” компани Өмнөговь аймгийн Овооттолгойн ордоос нүүрс олборлож, Хятад руу экспортолдог. Тус компани Овооттолгойн ордын эзэмшлийн хувьцааг Хятадын хөнгөн цагаан үйлдвэрлэгч “Чалко”-д худалдах гэрээ байгуулсны дараа Засгийн газар зарим лицензыг нь цуцалсан авч лицензыг цуцалсан тухай албан ёсоор мэдэгдээгүй учраас олборлолтыг зогсоохгүй гэдгээ мэдэгдсэн юм.