Хула сууринд Сирийн Засгийн газрын цэргийнхэн тусгай ажиллагаа явуулан 116 энгийн хүн, хүүхэд эмэгтэйчүүдийг хөнөөсөн хэргийг Европын холбоо эрс буруутгаж байна. Ийм нөхцөл үүссэний улмаас энгийн иргэдийн аюулгүй байдлыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хангатал Кофи Аннаны төлөвлөгөөг баримтлахгүй гэдгээ сөрөг хүчний “Сирийн чөлөөт арми” мэдэгджээ.
Европын холбооны дипломат албаны тэргүүн Кэтрин Эштон өнгөрсөн ням гаригт Хула сууринд (Хомс муж) Сирийн Засгийн газрын цэргийнхэн тусгай ажиллагаа явуулан энгийн хүмүүсийг хөнөөсний эрс буруутган шүүмжлэв.
Лондон хотноо байрладаг “Хүний эрхийг сахиулах Сирийн мониторингийн төв” (OSDH) өнгөрсөн бямба гаригт гадаадын хэвлэл мэдээлэлд Сирийн Засгийн газрын арми Хула хотыг их буугаар буудан 92 хүнийг хөнөөсний 32 нь хүүхэд байна гэсэн мэдээг тараажээ. НҮБ-ын Сири дэх ажиглагчид хотод энгийн хүмүүс амь үрэгдсэнийг батласан юм.
Сирид ажиглагчаар ажиллаж байгаа НҮБ-ын албаны төлөөлөгчид Нью-Йорк ба Женевт тараасан хамтын мэдэгдэлдээ “Алагдсан хүмүүсийн цогцсыг үзэн хэрэглэсэн сум хэрэгслийг судлан шинжилсний үндсэн дээр хотын районыг их болон танкийн буугаар буудсан гэх дүгнэлтийг гаргасан” гэж батлан мэдэгдсэн байна.
Сөрөг хүчин болсон хэрэг явдлын хариуцлагыг ерөнхийлөгч Башар Ассадын Засгийн газар хариуцах ёстой гэж мэдэгдэв. Гэтэл Сирийн улсын телевиз нь энгийн иргэдийг хөнөөсөн хэргийн гол буруутан нь “террорист дээрэмчид” гэж дамжуулжээ.
“Хүчирхийллийн бүхий л хэлбэрийг таслан зогсоож, НҮБ-ын ажиглагчдын үйл ажиллагаанд бүх талын тусламж, дэмжлэг үзүүлэхийг би Сирийн эрх баригчдад уриалж байна” гэж Эштон мэдэгдэлдээ өгүүлжээ. НҮБ-ын тусгай элч төлөөлөгчийн боловсруулсан Сирийн сөргөлдөөнийг зохицуулах төлөвлөгөөний биелэлтийг бүрэн дүүрэн хангах чармайлт гарахыг Дамаскт хатагтай Эштон уриалав. “Цус урсгахыг зогсоож, ардчиллыг хангахын тулд Олон улсын хамтын нийгэмлэг дуу хоолойгоо нэгтгэн Ассадыг огцрохыг шаардах ёстой” гэж Эштон мэдэгдэв.
Тэмдэглэхэд, Кофи Аннан Дамаскт очин сөрөг хүчинтэй уулзан хоёр талтай жил гаруй үргэлжилж байгаа сөргөлдөөнийг зогсоох яаралтай арга хэмжээний талаар ярилцахаар замдаа гараад байна. НҮБ-ын мэдээгээр бол жил гаруй үргэлжилсэн сөргөлдөөний улмаас 9000 мянга гаруй хүн амь үрэгдээд байна.
Үүнээс өмнө бямба гаригт НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун ба НҮБ болон Арабын лигийн (АЛ) орнуудын тусгай элч Кофи Аннан нар Засгийн газрын цэргийн ажиллагааг нь буруутгасан мэдэгдэл хийсэн. “Энэ замбараагүй, харгис үйлдэл нь олон улсын эрх зүй ба Сирийн Засгийн газраас өгсөн суурин газруудад хүнд зэвсэг хэрэглэхгүй байх, хүчирхийллийг бүхий л хэлбэрээр зогсоох талаарх амлалтыг зөрчиж байна” хэмээн Пан Ги Мун, Кофи Аннан нарын мэдэгдэлд өгүүлээд энэ гэмт хэрэгт буруутай хүмүүсийг хариуцлагад татахыг эрх баригчдаас нь шаарджээ.
“Суурин газруудад хүнд зэвсэг хэрэглэхийг нэн даруй зогсоох ёстой” гэж тэд Сирийн Засгийн газарт анхааруулжээ. Кофи Аннан одоо Сирийн эрх баригчидтай холбогдон олон улсын хамтын нийгэмлэгийн шаардлагыг ойлгуулахыг оролдож байна.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон энэ хэргийг эрс буруутган Сирийн ард түмэн, тайван жагсагчидтай санал нэг буйгаа илэрхийлэв. АНУ бусад дэлхийн хамтын нийгэмлэгийн орнуудын хамт Сирийн лидер Башар Ассад ба түүний “хань хамсаатнуудад” үзүүлэх шахалтаа нэмэгдүүлнэ гэж Клинтон амлав. “Аллага ба айдас дээр тулгуурласан засаглалд төгсгөл тавигдах ёстой” гэж тэрээр онцолсон.
Сирийн эрх баригчдын үйлдлийн талаар Германы Гадаад хэргийн сайд Гидо Вестервелле мэдэгдэхдээ: “Сирийн дэглэмийн довтолгооны явцад хэдэн арван хүн тэдний дотор олон хүүхэд амиа алдсан мэдээлэлд цочирдон дургүйцэж байна” гэж хэлжээ. Берлинээс тараасан мэдэгдэлд “Сирийн дэглэм ард түмнийхээ эсрэг хүчирхийллээ зогсоохгүй байгаа нь бузар булай хэрэг мөн” хэмээгээд гэм буруутныг цээрлүүлэн шийтгэхийг эрх баригчдаас шаарджээ.
Европын холбооны Гадаад харилцаа ба аюулгүй байдлын Дээд комиссар Кэтрин Эштон Сирийн хүчирхийллийг нэн даруй зогсоохыг шаардав. Цэргийн албанаас оргогсдоос голчлон бүрэлдсэн “Сирийн чөлөөт арми” гэх сөрөг хүчин “энгийн иргэдийн аюулгүй байдлыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөл хангатал Кофи Аннаны төлөвлөгөөг баримтлахгүй гэдгээ мэдэгдээд байна.
“НҮБ-ын Аюулгүйн зөвлөл энгийн иргэдийг хамгаалах талаар шуурхай арга хэмжээ авах хүртэл Кофи Аннаны төлөвлөгөө чөтгөр шулам руугаа нисвэл таарна” гэж “Сирийн чөлөөт арми” мэдэгдсэн юм.
Засгийн газрын зэвсэгт хүчин ба цагдаагийн эсрэг Сирийн дотоодын сөрөг хүчний зэвсэгт жигүүр болсон гол төлөв армиас оргосон босогчдоос бүрэлдсэн “Сирийн чөлөөт арми” байгууллага зогсч байгаа юм. Тус байгууллагыг өнгөрсөн намар байгуулсан бөгөөд Сирийн Нисэх хүчний экс –хурандаа Риядбн Асад СЧА-ийг командалж байна.
Тэмдэглэхэд өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш Аннаны төлөвлөгөөний хүрээнд эвлэрлийн дэглэм үйлчлэхээр болон хэрэгжилтийг НҮБ-ын ажиглагчид хянаж буй. Засгийн газар ба сөрөг хүчний хооронд гал зогсоох дэглэмийг сахиулах ажиллагааг хянах зорилготой олон улсын ажиглагчдын тоо нь тавдугаар сарын 25-ны байдлаар 43 орны 271 хүн болоод байгааг Аюулгүйн зөвлөлд өнгөрсөн баасан гаригт илгээсэн НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Муны илтгэлд өгүүлжээ. Пан Ги Муны илтгэснээр энэ сарын эцэс гэхэд ажиглагчдын корпус бүрэн байгуулагдан 300 хүний бүрэлдэхүүнтэй болох юм.
Энэ бүгдийн зэрэгцээ НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны газрын орлогч дарга Эдмон Муле өнгөрсөн долоо хоногт сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ Сирид өнөөг хүртэл гал зогсоогүй мөн эрх баригчид ба сөрөг хүчний хооронд яриа хэлцэл явагдахгүй байгаа гэж хэлсэн юм.