Сансрын технологитой танилцаарай, залуусаа

Хуучирсан мэдээ: 2012.05.30-нд нийтлэгдсэн

Сансрын технологитой танилцаарай, залуусаа

“Сансрын технологи, сансар судлалд олон нийтийн итгэлээс гадна, дотоодын мэргэжилтнүүдийн итгэл чухал нөлөө үзүүлдэг. Сансар судлал зүгээр нэг энгийн салбар биш, тэр тусмаа хиймэл дагуул хөөргөнө гэдэг нухацтай ажил учраас учраас нөөц бололцоо бий гэдгээ ухамсарлах ёстой. Ингэж ухамсарлахын тулд гадны эрдэмтэдтэй туршлага солилцож, хамтран ажиллах нь чухал. Бидэнд хиймэл дагуул хөөргөх боломж бололцоо бий” гэж Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын дарга Ж.Бат-Эрдэнэ ярьж байлаа. Энэ бол өчигдөр “Blue Sky Tower”-т болсон “Сансрын технологийн үзэсгэлэн-форум”-ын үеэр ярилцсан олон асуудлын зөвхөн нэг хэсэг нь. Хэдийгээр Монгол Улс өмнө нь хиймэл дагуул хөөргөж байсан туршлагагүй ч манай улс хиймэл дагуулын хоёр зай эзэмшдэг. Үүнийгээ түшиглэн хиймэл дагуул хөөргөх боломжтой аж. Тиймээс хиймэл дагуулыг хийхэд шаардагдах техник эдийн засгийн үндэслэлийг Японы талтай хамтран хийж байна. Үүнээс гадна хиймэл дагуул хөөргөж байгаа улс, гүрнүүдтэй хамтран ажиллах чиг хандлага ч байж болохыг мэргэжилтнүүд хэлж байна.

Японы долоон компанийн төлөөлөл ирж, туршлага солилцов

Монголд анх удаа болж байгаа гэх тодотголтой энэ өдрийн форум, үзэсгэлэнд сансрын технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг долоон компанийн төлөөлөл ирж, сансрын технологийн талаар Монголын мэргэжилтнүүдтэй санал солилцохоор болсон аж. Ирэх арванхоёрдугаар сарын сүүлээр Япон улс “Аснаро” нэртэй хиймэл дагуулыг хөөргөхөөр болжээ. Энэ хиймэл дагуулын хэмжээ нь 50 см хэдий ч, 500 кг-ын жинтэй бөгөөд маш өндөр хүчин чадалтай мм-ыг хэд дахин хуваасантай тэнцэхүйц нарийвчлалаар байршлыг тодорхойлох боломжтой. Мөн хэдхэн секундын дотор дохио хүлээн авах чадвартай бөгөөд хамгийн сүүлийн үеийн технологийг ашигласан байна. “Сансрын технологийн анх удаагийн форум, үзэсгэлэнгийн үеэр яг үүний тухай дэлгэрэнгүй ярилцана. Энэ хиймэл дагуул нь сүүлийн үеийн техник, технологийг шингээсэн, хамгийн сүүлийн үеийн хиймэл дагуул юм. Газрын станцыг өөрийн нутагтаа байршуулах хүсэлтэй маш олон улс байгаа. Үүний нэг нь манай улс. Газрын станцыг байршуулснаар олон улсын судалгаанд оролцох боломжтой болно. Мөн өөрийн гэсэн боловсон хүчнийг бэлтгэхэд дөхөмтэй болох юм. Сургалт семинарын үеэр яригдах гол сэдэв нь энэ байх болно” гэж Ж.Бат-Эрдэнэ ярьж байна.

Төлөвлөсөн хугацаандаа хиймэл дагуулаа хөөргөх боломжтой

Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар /МШХХТГ/ хиймэл дагуул хөөргөх эхний судалгаагаа эхэлсэн бөгөөд ирэх наймдугаар сард багтаан дуусгахаар ажиллаж байгаа аж. Энэхүү судалгааг бүрэн хийж дууссанаар манай оронд яг ямар төрлийн хиймэл дагуул хэрэгтэй, түүнийг юунд ашиглах вэ гэдэг нь тодорхой болох аж. Мөн хиймэл дагуул хөөргөх гэж байгаа орон бүр энэ асуудлыг хариуцсан байгууллага руу өөрсдийн хүсэлт, өргөдлийг явуулдаг бөгөөд энэ өргөдлийг хэрхэн гаргах вэ гэдгийг тодорхой хэмжээнд шийдэх ажээ. Судалгааны ажил дуусмагц хиймэл дагуулаа 2015 онд хөөргөж амжих эсэх нь тодорхой болох юм байна. Гэхдээ яг одоогийн байдлаар бидэнд тодорхой болгох хэд, хэдэн зүйлс бий. Бид яг ямар чиглэлээр хиймэл дагуул хийж, түүнийгээ хэрхэн ашиглах вэ гэдэг нь тодорхойгүй байгаа. Энэ бүхэн судалгаагаар тодорхой болох аж. Ямар ч байсан хиймэл дагуул хийх, хөөргөхтэй холбогдуулаад Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газраас үндэсний хэмжээний чуулган, семинар зохион байгуулж, сансар судлалын чиглэлээр судалгаа хийдэг монгол эрдэмтэд, гадны эрдэмтэдтэй санал солилцож нэгдсэн дүгнэлтэд хүрэх зорилго тавьжээ.  Зөвхөн судалгааны ажлыг хийхэд нэг тэрбум 200 сая төгрөг зарцуулж байгаа аж. Мөн олон орны эрдэмтдийг ч урьж ажиллуулж байгаа гэх. Монгол Улсын хувьд 1970-аад оны үеэр Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас сансрын хоёр байрлалд хиймэл дагуул байршуулах эрх авчээ. Мөн 1992 онд анх удаа Монгол Улс хиймэл дагуулд холбогдож, “Наран” станцаар улс орон даяар, телевиз, радиогийн нэвтрүүлгийг цацдаг болжээ.

Бүх боломж нь бүрдэнэ…

Хэрвээ бид хиймэл дагуул хөөргөх юм бол үүрэн телефоны операторуудад илүү амар болох бөгөөд сүлжээг хаана ч барьж болохуйц болох ажээ. Мөн сансрын холбоо болон чухал судалгааны ажлууд ч илүү нарийн болох бөгөөд нарийн судалгаа, шинжилгээг өөрийн оронд хийх боломж нөхцөлөөр хангагдах юм байна. Монгол Улсын хувьд мэргэжсэн сансар судлалын мэргэжилтнүүд байхгүй ч салбар бүрт хиймэл дагуулын дохио, мэдээллийг ашигладаг мэргэжилтнүүд байдаг ажээ. Гэхдээ үүнд бас нэг асуудал бий. Учир нь Монгол Улс гадны хиймэл дагуулыг ашиглан мэдээ, материал, судалгаагаа бэлтшэдэг болохоор хязгаарлагдмал хугацаа, бага хэмжээний төсөв мөнгөндөө тааруулан нарийн шинжилгээний ажлыг хийдэг гэх. “Хиймэл дагуул ашиглан судалгаа бэлтгэдэг хүмүүс ихэвчлэн гадны хиймэл дагуул ашиглан мэдээ, материал бүрдүүлдэг. Яг ийм аргаар авч байгаа мэдээлэл нь хязгаарлагдмал, ашиглах хүрээ нь хумигдсан, түрээсийн мөнгөндөө таарсан байдаг. Ер нь түрээсийн мөнгийг гадны хөрөнгө оруулалтаар олгосон байх нь бий. Өөрийн гэсэн хиймэл дагуултай болох нь мэдээлэлээ ямар нэгэн саадгүйгээр авах, хүртээх, хиймэл дагуул ашиглан олон улсад бизнес хийх ач холбогдолтой юм” гэж Ж.Бат-Эрдэнэ ярьж байв.

Олон нийт тэр дундаа залуучуудад нээлттэй үргэлжилнэ

Сансрын технологийн анхны үзэсгэлэн, форум залуучуудад нээлттэй байх аж. Ингэж хийх болсон нь цаанаа учиртай. Яагаад гэвэл Монгол Улсад сансрын технологиор бэлтгэгдсэн боловсон хүчин байхгүй бөгөөд гадны 100 хувийн оролцоотойгоор ажиллаж байна. Тиймээс залуучуудыг татахын тулд сансрын технологийг танилцуулж, сонирхсон асуултад нь хариулт өгөх аж. Өчигдөр үзэсгэлэнд Монголд хиймэл дагуул ашиглан үйлчилгээ үзүүлдэг компаниуд болон Японы компаниуд оролцож туршлага судалсан байна. Энэ удаагийн үзэсгэлэн, форумын үеэр Японы их сургуулиудад сансрын технологийн чиглэлээр оюутан суралцуулах боломжтой гэдгийг Японы мэргэжилтнүүд дуулгасан юм. “Хэд, хэдэн хүнийг сансар судлалын чиглэлээр гадаадад сургаж байгаа. Дахиад хэдэн ч хүүхдийг суралцуулж болно. Хэрвээ бид боловсон хүчнээ системтэй бэлтгэж чадах юм бол хиймэл дагуулыг хийх, угсрах цаг хугацаа дөхөхөд манай талаас хүн  хүчийг нь гаргаад ажиллах бололцоотой” гэж Ж.Бат-Эрдэнэ ярив.

Монгол-Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой болж байгаа энэ жил анх удаагаа зохиогдож байгаа Сансрын технологийн үзэсгэлэн, форум өнөөдөр өндөрлөнө. Одоогийн байдлаар дэлхийн 50 гаруй орон хиймэл дагуул хөөргөсөн байдаг бөгөөд Монгол Улс 2015 онд энэ эгнээг нэгээр нэмэхээр ажиллаж байна.

Б.БОЛОРСҮХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж