Аль замыг яаж засах нь тодорхойгүй байна

Хуучирсан мэдээ: 2012.05.30-нд нийтлэгдсэн

Аль замыг яаж засах нь тодорхойгүй байна

Нийслэлд энэ зун 114 тэрбумын хөрөнгө оруулалтаар чамгүй хэмжээний замыг засна гэж байсан ч тендер зарлагдаагүй, санхүүжилт нь орж ирээгүй гэсэн шалтгаанаар хойшлогдоод байна. “Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар томоохон бүтээн байгуулалт өрнөх учиртай. Ихэнх нь энэ олон жил дамнан үргэлжлэх томоохон ажлууд байгаа учраас цаашдаа үргэлжлээд явна. Харин энэ жил хийгдэх байсан Нарны замын зүүн хэсэг, Нарантуул захын урд уулзвараас Чулаан овооны уулзвар хүртэлх хоёр км авто замын шинэчлэлт, Дунд гол Үлйдвэрийн гудамж, 19 дүгээр хорооллын арын 4 км зам, Сэлбийн хос гүүрийн ажилд хөрөнгө оруулалт нь орж ирээгүй байна” гэж Нийслэлийн авто замын газрын Засвар ашиглалт, хяналтын хэлтсийн мэргэжилтэн Э.Ганболд ярив.

Даландавхарын урдуурх замын ажил үргэлжилж байна

Өнгөрсөн жилээс эхлэн жил дамнан баригдаж байгаа Даландавхарын урдуурх замын ажил 60 гаруй хувьтай үргэлжилж байгаа ажээ. Ямар ч байсан төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орно гэж мэргэжилтнүүд хэлж байсан юм. Энэхүү замыг бүтнээр хааж байгаад засварлаж байгаа, давхар хучилттай болгож байгаа болохоор эвдэрч хэмхэрнэ гэдэгт санаа зовохгүй байж болох гэнэ. Гэхдээ шороо ихтэй байдаг энэ газар засварын ажлаас болоод тоос их босч байгааг иргэд ярьж байсныг сануулъя. “Шороогоор шуурахаар үнэхээр хэцүү байдаг. Замын шороо бараг бүх айл руу ордог гэхэд хэтрүүлсэн болохгүй” гэж Чингэлтэй дүүргийн иргэн Б.Батбилэг ярив. Засварын ажил ямар ч байсан төлөвлөсөн хугацаандаа дуусах аж.

Зарим замын ажил хэзээ эхлэх нь тодорхойгүй байна

Үүнийг нийслэлийн авто замын газрын мэргэжилтнүүд хэлж байв. Төлөвлөгөөнд тусгагдсан замуудын ихэнхэд тендер зарлаж шалгаруулах эхэлдэг учраас хэзээ ажил эхлэхийг хэлэхэд хэцүү байгаа аж. “Яг тодорхой хэлэх боломж алга. Тендер зарлана, сонгон шалгаруулна, замын төлөвлөгөөг гаргах гээд өмнө нь ажил их байдаг. Ямар ч байсан төлөвлөгөөнд тусгасан замуудыг засахаар ажиллаж байна” гэж Э.Ганболд ярив. Төлөвлөгөөнд тусгаснаар 90 гаруй км зам засахаар байгаа ч одоогоор хөрөнгө мөнгө нь шийдэгдсэн зүйл алга гэдгийг мэргэжилтнүүд нь хэлж байв.

Гэр хороолол, орон сууцны хооронд байх замуудыг шинэчилж байна

Нийслэлийн таван дүүргийн гэр хороолол болон орон сууцны хоорон дахь замыг шинэчлэхээр болсон билээ. Тендерийн үнэлгээний ажил өнгөрөгч дөрөвдүгээр сарын 16-ны өдөр эхэлсэн байна. Одоогийн байдлаар сонгогдсон 16 багц ажлын 14 нь эхэлчихсэн байгаа аж. “Тухайн хороодуудад сонгогдсон хэсэгт ажлууд эхэлчихсэн байгаа. Энэ жил эдгээр газруудад хийсэн бол дараа жил ч өөр газруудад хийнэ гэж ойлгож болно” гэж Нийслэлийн авто замын гарын хэвлэл мэдээллийн ажилтан Д.Оюунцэцэг хэлж байсан юм. 8.3 тэрбум төгрөгийг зарцуулсан энэхүү ажил ирэх намар гэхэд бүрэн дуусах төлөвлөгөөтэй байгаа аж.

19-ний өдөр Яармагийн замын ажлыг эхлүүлжээ

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2012 онд хэрэгжүүлэх томоохон төсөл, арга хэмжээний нэг нь Яармагийн гүүрнээс Нисэх-Нисэхийн товчоо, Сонсголонгийн уулзвараас Яармагийн товчоо хүртэлх замын ажил юм. Энэ зам нь нийтдээ 13.7 км урт бөгөөд хатуу хучилтаар барих ажээ. Энэхүү замыг бүрэн шинэчлэх бөгөөд тусгаарлах зурвас бүхий хоёр зорчих хэсэгтэй, зургаан эгнээтэй, нийт 28-46 м өргөнтэй байх юм. Өмнө нь энэ зам долоон метр өргөнтэй байсан бөгөөд зам нь тодорхой хэмжээгээр эвдэрч сэтрэн, зорчиход хүнд болжээ. Анх энэ замыг 1961 онд гүн нэвтэлгээний аргаар барьж, ашиглалтанд оруулж байсан бөгөөд 1968 онд хатуу хучилттай болгожээ. Нэг ёсондоо 1968 оноос засвар хийгдээгүй өнөөг хүрсэн гэж ойлгож болно. Энэ зам 2013 оны аравдугаар сард ашиглалтад орох ажээ. Авто замын барилгын ажлыг “Шинжаан Лу Тун” нэртэй Хятадын барилгын компани хийж гүйцэтгэж байгаа аж.

Б.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж