-Танай компанийн удирдах албан тушаалтан УИХ-ын гишүүн зодсон гэх мэдээлэл ч гарсан. Та ямар нэг тайлбар хийх үү?
-Манай компанийн удирдах ажилтан УИХ-ын гишүүн С.Баярыг зодсон гэх мэдээлэл өнгөрсөн долоо хоногт гарсан. Тэр зодсон захирал нь Хонконг улсад байрладаг төв оффист ажилладаг. Сүүлийн нэг сар Монголд ирээгүй. Хэрэв С.Баяр гишүүнийг зодсон бол түүний бүрэн эрхэд халдсан болно. Түүний Ерөнхий сайдынх нь бүрэн эрх дуусаагүй байгааг ТЕГ-аас ч мэдээлсэн байгаа. Иймэрхүү ташаа мэдээллүүд гарсанд харамсч байна.
-Хятадын “Чалько” гэх компани танай хувьцааг эзэмших хэлэлцээр хийхдээ Монголын талаас ямар нэг зөвшөөрөл аваагүй гээд байгаа?
-“Саусгоби сэндс” компанийн 57 хувийг “Айвенхоу Майнз”, 14 хувийг “Си Ай Си” компани тус тус эзэмшдэг, үлдсэн 28 хувийн хувьцаа нь зах зээлд нээлттэйгээр арилжаалагддаг. “Айвенхоу Майнз” ХХК нь Хятадын “Чалько” Төрийн өмчит компанитай гэрээ хийхээр ярилцсан байсан. Тэгэхээр манай байгууллага бол үүнд ямар нэг оролцоотой эрхзүйн субьект биш. Хятадын “Чалько”, “Айвенхоу Майнз” ХХК-иудын хооронд явагдаж байгаа хэлэлцээ юм. Гэвч “Айвенхоу Майнз” ХХК нь УИХ-аас батлагдсан “Стратегийн холбогдолтой аж ахуй нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах” тухай хуулийн төслийг батлаагүй байхад ийм хууль гарвал дагаж мөрдөн, Засгийн газрын шийдвэрийг дагана гэдгээ мэдэгдсэн. Үүний дагуу дээрхи хууль батлагдсан учраас Монголын Засгийн газартай холбоотойгоор энэ хэлэлцээ хийх эсэхийг шийдвэрлэх юм.
-Хятадын төрийн өмчит “Чалько” нь “Саусгоби сэндс” ХХК-ийн хувьцааг авснаар Монголын нүүрсний экспорт гацаанд орж, нийлүүлэлт байхгүй болно гэх хардлага төрөөд байгаа?
-“Чалько” төрийн өмчит компани нь“Саусгоби сэндс” ХХК-нийн хувьцааг худалдаж авсан ч гэсэн тэр компани ашгийн төлөө ажилладаг учраас нүүрсний үнэ буурч, нийлүүлэлт багасна гэсэн ойлголт байхгүй. Өнгөрсөн жил 4,6 сая тонн нүүрс экспортолсон. Энэ жил энэ тоог мөн нэмэгдүүлэхээр ажиллаж байна. “Саусгоби сэндс” ХХК нь Монгол Улсад жилд 65 тэрбум төгрөгийн татварын хөрөнгө оруулалт хийдэг. Тиймээс энэ компани ашиггүй ажиллавал төлөх татвар нь мөн багасч эхэлнэ. “Чалько” авсан ч үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ.
-АТГ-аас мөн танайхыг шалгаж, битүүмжилсэн гэсэн?
-АТГ-аас уул уурхайн лицензүүдтэй холбоотой 40 гаруй компанийг шалгасан. Үүний нэг нь “Саусгоби сэндс” ХХК байсан. АТГ-аас манай компанид шалгалт хийсэн, бид шаардлагатай бичиг баримтыг нь бүрдүүлж өгсөн. Нэг ёсондоо бид бол гэрчийн үүргээр АТГ-д шалгуулж, үүргээ биелүүлсэн. Түүнээс хойш манай компанийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. 40 компанийг шалгаж байхад ганцхан манай компанийг онцлоод байгаа нь харамсалтай байна.
-Одоо танай үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа юу?
-Манайх гурван ашиглалтын, хайгуулын найман зөвшөөрөлтэй. Үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Манай компанид нийт 700 гаруй ажилчинтай үүний 97 хувь нь монгол ажилчид байдаг. Ажилчдын багаа бид орон нутгийн иргэдээс бүрдүүлснээрээ давуу талтай. Аливаа компани ашигтай ажиллаж байвал орлогоо нийгмийн хариуцлагад зарцуулдаг. Бид таван жилийн төлөвлөгөө гарган нийгмийн хариуцлагатайгаар үйл ажиллагаа явуулж байна. Мөн байгаль орчинд ээлтэй нөхцлийг сонгож хуурай аргаар нүүрс олборлож буй. Ус хэрэглэхгүй, тоосгүйгээр нүүрс боловсруулах нь экологид ээлтэй. Удахгүй бид Овоот толгойгоос уурхайгаас Шивээ хүрэнгийн боомт хүртэл гурван эгнээ бүхий хүнд даацын машин явах тохиромжтой авто замын ажил эхлүүлэхэд гар бие оролцож байгаа. Уул уурхайн олборлолт, хайгуул хийж байгаа компаниуд нөхөн сэргээлт зайлшгүй хийх ёстой байдаг. Үйл ажиллагагаа эхлээд дөрвөн жилийн хугацаанд нийт 34,4 га газарт нөхөн сэргээлт хийж, амжилттай ажиллаж байна.