Эверестийн давхар баяр

Хуучирсан мэдээ: 2012.05.30-нд нийтлэгдсэн

Эверестийн давхар баяр

Долоон жилийн өмнө буюу 2005 оны тавдугаар сарын 30-ны энэ өдөр Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр дэлхийн ноён оргилыг эзэлж, Монгол хүн уулсын хаан Эверестийн зулайд хөл тавьж байлаа. Тэгвэл хэдхэн хоногийн өмнө хүнээс гарч болох хүч чадал, тэсвэр тэвчээрийн туйл, дэлхийн хамгийн өндөр цэгт Монголын гурав дахь уулчин эх орныхоо нэрийг тамгалав. Энэ баярт мэдээний эзэн, уулын спортын ОУХМ С.Бат-Эрдэнэ өчигдөр эх орондоо ирсэн юм. С.Бат-Эрдэнэ дөрөвдүгээр сарын 7-нд Монголоос хөдөлж, 52 хоногийн хугацаанд ноён оргилд хүрэх авиралтаа үргэлжлүүлжээ. Канад, Италийн уулчидтай хамт “Everest North Cole International Expedition 2012” экспедицийн бүрэлдэхүүнд багтан явсан тэрбээр тавдугаар сарын 19-нд зорилгоо биелүүлж, цаст Эверестийн зулайд хүрсэн юм. Монголчуудын “Эверестийн баяр” тохиож буй энэ өдөр Эверестийн шинэ зочны ярилцлагыг хүргэж байгаадаа баяртай байна.

-Эверестийн оргилд манай хоёр уулчин жил дараалан амжилттай авирлаа. Та энэ оргилыг эзэлсэн Монголын гурав дахь уулчин болж байна. Танд баяр хүргэе.

-Баярлалаа. Шөнө бараг 03 цаг өнгөрч байхад /V.29/ онгоцноос буулаа. Онгоцны буудал дээр миний баярыг хуваалцахаар ирсэн олон хүмүүсийг хараад сэтгэл их хөдөлдөг юм байна. Уг нь би харьцангуй тайван талдаа хүн. Авиралтын дараа сэтгэл зүй тайвшраад гайгүй болчихсон байсан чинь өнөөдөр /өчигдөр/ өглөө хамт олон, найз нөхөд, ах дүүсээ хараад нэлээд сэтгэл хөдөллөө. Сэтгэл хөдлөхөөс гадна тэр их оргилд эх орон, ард түмнийхээ нэрийг дуурсгана гэдэг хамгийн сайхан мэдрэмж байдаг юм билээ.

-Авиралт сар гаруй хугацаанд үргэлжиллээ. Төлөвлөсөн хугацаагаараа л яваад ирэв үү?

-Тэглээ. Ер нь бараг өмнө шахуу. Цаад тал нь 60 хоногт багтана гэж тооцоолж байсан бол 52 хоногийн хугацаанд багтлаа.

-Танай багт хэдэн хүн явсан бэ?

-Надаас гадна Канадын хоёр, Италийн нэг уулчин явсан. Гурван ширпатайгаа нийлээд долуулаа баг болж явлаа. Ширпа нар маань их сайн уулчид байж таарсан.

-Яг хэдэн цагт оргилд гарсан бэ?

-Тавдугаар сарын 19-ний өглөөний 07 цаг 11 минутад оргилд гарсан.

-Ингэхэд оргил дээр хэдэн хүн багтах бололцоотой байдаг юм бэ?

-Арав гаруй хүн зогсчихно шүү.

-Цаг агаар тэр өдөр харьцангуй гайгүй таарав уу?

-Салхи нэлээд тогтуун, ер нь их аятайхан өдөр таарсан. Буусны дараа, маргааш нь бол нэлээд хүчтэй шуурсан.

-Яг та нарыг оргилд гардаг өдөр Эверестэд хэд хэдэн уулчин амь үрэгдсэн тухай мэдээллийг хүлээж авч байсан. Тэдний нэг нь танай багийн уулчин байсан гэж сонслоо.

-Үнэхээр харамсалтай зүйл болсон. Манай багт багтаж явсан Италийн уулчин маань оргилд гарчихаад бууж явах замдаа зүрх нь зогсч, амьсгал хураасан. Хориод метр өндөртэй хадан цохионоос бууж байх үед ийм явдал тохиолдсон. Хүчилтөрөгчийн дутагдалд орсноос гадна зүрхэнд хэт ачаалал очсоноос болж зүрх нь зогссон юм билээ. Бас  өөр нэг багийн Герман уулчин осолдсон. Үнэхээр хэцүү санагдаж байсан. Мөр зэрэгцээд алхаж явсан нэг уулчин маань гэр рүү гээ буцаж чадахгүй болсон нь сэтгэл эмзэглүүлмээр л байлаа.

-Авирагчид ер нь хэр олон байв?

-Нэлээд байсан. Энэтхэгийн 20-иод уулчинтай баг, Хятадын дөрвөн ч баг авиралт хийж байсан. “Seven summit” экспедицийг монголчууд сайн мэддэг болсон байх. Тэднийхэн бас явсан. Оргилд гарахад “Seven summit”-ынхан бид нарын яг өмнө гарсан. Би аминдаа гүйцчих санаатай нэлээн зүтгэсэн ч арай л бараагүй. 

-Эверестийг анх хараад ямар сэтгэгдэл төрөв. Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр гэхэд таны  найз. Тийм болохоор Эверестийн тухай яриа их л өрнүүлж байсан байх. Өөрөө дэргэд нь очих өөр шүү дээ?

-Сүрдмээр. Ёстой барааг нь хараад л дуу алдах юм билээ. Том уул чинь эхлээд харахад ойрхон юм шиг л нүдний өмнө дүүрээд байдаг. Гэтэл хормойд нь очих гэж л хоёр өдөр явсан шүү дээ. Эверестийн үндсэн бааз 5200 метрийн өндөрт байдаг. Тэр хүртэл бид гурав, дөрөв хоногийн хугацаанд өндөрт дасах авиралтыг өдөр бүр хийнэ. Дээшээ авирна, буцаад бууна. Маргааш нь өмнөх өдрийнхөөсөө арай дээш авирна, дахиад бууна гэх мэтчилэн. 5200 метрийн үндсэн бааз дээр ирж байрлаад цаашаа дахиад 500 метр өгсч, дундын кемп дээр очих гэж л бүтэн өдрийн турш явах жишээтэй. Дараа нь 6200, 7000 метрийн өндөр авалт хийнэ. 7000 метрийн өндөрт бол гурав, дөрөв хоног авиралт хийсэн. Тэгээд эргээд 5200 дээрээ очиж, гурав, дөрөв хоноод буцаад дээшилж, 8200-гаас үндсэн дайралтаа хийсэн дээ.

-Эрүүл мэндийн хувьд ямар нэгэн бэрхшээл гарсан уу?

-Харин хаа очиж биеийн байдал маань сайн байсан. Хамт явсан бусад уулчдаа бодвол монгол хүн гэсэндээ өөр байгаа юм шиг санагдсан шүү /инээв/. Сүүлд нүд жаахан өвдсөн. Оргил дээр удсанаас болсон байх.

-Жин хэд хасагдсан бол?

-Бараг есөн кило хассан байсан.

-Оргил дээр та хэр удсан бэ?

-38 минут болсон.

-Зөндөө удсан юм байна?

-Харин тийм. Цаг тийм хурдан өнгөрчихсөнийг би ч өөрөө мэдээгүй. Эргэн тойрны тэр сүрлэг уулс, оргилын зургийг бичээд л баймаар байсан. Дараа нь бодоход хангалттай удаан хугацаанд бичлэг хийсэн байна лээ. Ямар сайндаа оргилд хамт гарсан хүмүүс маань уруудчихсан, манай ширпа намайг яаруулж байж оргилоос бууж байхав. Сүүлдээ камерны зай ч царцаад зураг авах боломжгүй болсон. Гэхдээ гүрийсээр байгаад овоо хэдэн минутын бичлэг хийж чадсан байгаа. Тэрэндээ их сэтгэл дүүрэн байна. Дэлхийн гайхамшиг болсон уулсыг хамгийн оргил цэгээс нь хальсандаа буулгана гэдэг миний амьдралын хамгийн сайхан мөч байсан. Эверест бол гайхамшиг гэдгийг л хэлмээр байна даа. Оргилд гараад “Энд Монгол хүн зогсож байна шүү дээ” гэсэн омогшил өөрийн эрхгүй төрдөг юм билээ. Монгол хүний хийморь сүлд өөдөө байгаасай гэж зөндөө залбирлаа. Энэ жил олимпийн жил тохиож байгаа. Тийм ч болохоор Монголын тамирчдаа олимпийн дэвжээнээс олон медаль хүртэх болтугай гэж их бодож, хүссэн дээ.

-Тийм шүү. 2005 онд Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр Бээжингийн олимпод оролцох баг тамирчдынхаа далбааг Эверестэд аваачиж байсан. Тэр нь ч бас билгэшээлтэй санагддаг юм.

-Олимпийн жил авиралт маань таарч байгаа болохоор тэр тухай бодож, тамирчдынхаа төлөө залбирсан.

-Та хэдэн жил авирч байна?

-Уулын спортоор хичээллээд 16 жил болж байна.
 
-Эверестэд авирах бэлтгэлээ хэдий хугацаанд базаав?

-Ер нь сүүлийн хэдэн жилдээ бол Эверестэд авирах бэлтгэлээ илүү базаасан. Биеийн байдал, ачаалал даах чадвар, өндрийн дасгал гээд. Тэрнээс Эверест бол өнөөдөр гэнэт бодоод л маргааш нь гараад давхичихдаг уул биш шүү дээ. Олон жилийн хөдөлмөрийн үр шимээ, уулчин болсныхоо мөрөөдлийг тавдугаар сарын 19-ний өглөө, 07 цаг 11 минутад үзлээ гэх үү дээ. Өндөр уулын оргилд гишгэх ганцхан хормын төлөө ингэж их хичээдгээрээ манай уулын спорт тайлахад хэцүү бодлого шиг л байдаг байх. Энэ бол уулчдын бахархал.

-Зардал хэд орчим төгрөгт багтсан бэ?

-36 мянга орчим ам.доллар болов уу.

-Зургаа, долоон жилийн өмнөхөөс бол их өссөн юм байна?

-Уулын спорт өртөг өндөртэй спорт л доо. Тийм болохоор үнэхээр энэ спортыг ойлгож, дэмждэг хүмүүс л уулчдад гадны том том авиралт хийх боломж олгож, тусалж байдаг. Жишээ нь, Г.Өсөхбаяр, Д.Баярням, Р.Тулга гурвыг анх Эверестэд авирна гэхэд монголчууд гайхаж байсан байж магадгүй. Уулын спортын талаар ойлголт ч бага байсан байх. Тийм үед “Чингис хаан” банк тэргүүтэй тэр үеийн ивээн тэтгэгч байгууллагууд маш сайхан сэтгэл гаргаж, уулын спортод том хөрөнгө оруулалт хийсэн гэж би боддог. Тэр хүмүүсийн дэмжлэгээр Монгол хүн анх удаа Эверестэд гарч байсан гэж олон хүн хэлнэ шүү. Миний хувьд ч гэсэн сайхан хамт олон, нутгийнхныхаа тусаар зардал, санхүүгийн асуудлаа зохицуулж, Монголын уулын спортод бага боловч түүх нэмлээ. Тийм болохоор Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, “Эрдэнэт” үйлдвэрийн засвар угсралтын цех, Орхон аймгийн ЗДТГ,  аймгийн ИТХ, “Хангарьд” клуб, “Монголия Экспедишн” компанийн хамт олон, найз нөхөддөө баярласнаа илэрхийлж, “Та бүхний хүчээр би энэ оргилд хүрсэн шүү” гэж талархснаа дамжуулахыг хүсч байна.

-Өмнө нь та Эверест явахын өмнө Орхон аймгийнхаа уулчдын хамт Европ тивийн ноён оргил Элбруст авирсан байгаа. Одоо дараагийн уулаа төлөвлөж амжсан уу?

-К2.

-Пакистаны?

-Тийм. Өндрөөрөө Эверестийн дараа орох оргил. Ялгаатай нь маш эрсдэлтэй уул. Хамгийн хүнд авиралттай. К2 руу Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр, “Эрдэнэт”-ийн Р.Түвшинтөр бид гурав хамт явах төлөвлөгөөтэй байгаа даа. 

-К2 бол дэлхийн хамгийн хатуу уул. Гэхдээ л тийшээ явахыг уулчин бүхэн мөрөөддөг. Таны дараагийн авиралтад амжилт хүсье.

ОУХМ С.Бат-Эрдэнийн оргил дээр хийсэн бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.

Б.БАДМАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж