“Гал ноцсон” Хөвсгөлийн тойрог

Хуучирсан мэдээ: 2012.05.30-нд нийтлэгдсэн

“Гал ноцсон” Хөвсгөлийн тойрог

УИХ-ын 17 дугаар тойрог Хөвсгөл аймагт “гал ноцсон” сонгууль болж мэдэхээр байна. Монголын хамгийн олон хүн амтай, хамгийн олон сонгогчтой тойрог эднийх. Нутаг нь ч гал түймэртэй, сонгуулийн тойрог нь ч “галтай”.  Ийм нэг цаг хугацаатай хоймор нутаг хэмээх Хөвсгөлийн сонгогчид нүүр туллаа. Далай ээжийн хүүхдүүд угаасаа ассан, ноцсон, тэрслүүдүү зүйлд дуртайг хэлэх үү.

Чингис хааны цэргийн түрүүнд давхисаар “Дархан” цол хүртсэн гэх домогтой дархадууд, Манжийн эсрэг тэмцсээр баригдаж Бээжинд 81 зоосны нүхээр цувиулж хальсан Хотгойдын шадар ван Чингүнжав гээд тэмцэгч цус тэдэнд бий. Эсэргүү бослого хэмээн түүхэнд тэмдэглэгдсэн 1932 оны бослогын манлайд Хөвсгөлийн лам нар намирч явсан. Гэлэнхүү гэдэг саваагүй лам хиймэл далавч хийж зүүгээд хадан дээрээс үсэрч хураасан хонин дээр буусан нь монгол хүний анхны нисэх оролдлого байлаа ч гэх шиг. Ардчилсан хувьсгал эхэлсэн анхны өдрүүдэд Хөвсгөлийн төв Мөрөн сумын Улсын баатар Л.Даваадоржийн нэрэмжит талбай дээр өлсгөлөн зарлаад сууцгааж л байсан. Тэгэхэд өдгөөгийн хашир гишүүн Ө.Энхтүвшин төрийн төв хэвлэл “Ардын эрх” сонины парламентын залуухан сэтгүүлч сурвалжлага, нийтлэлээр бөмбөгдөж явжээ.Нутаг ус, дов жалгаараа талцана гэж байхгүй. Гаднын хүнд жигтэйхэн элэгтэй. Ховд, Увсын гаралтай, тэр бүү хэл Баян-Өлгийн казах  даргатай байсан аймаг.

УИХ-ын сонгуульд Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, М.Энхсайхан нарыг нэр дэвшээд очиход мандат өвөрлүүлэн төр түшүүлж байсан тийм л сонгогчид.

Уг удмаараа тэмцэгч араншинтай болохоор сонгоод гаргаад ирсэн гишүүд нь ч нэг тиймэрхүү тэрслүү нөхөд байдаг. УИХ-ын 1992 оны анхны сонгуульд ялж гарч ирэн  “ардын баатар” гуншин хүртсэн Д.Данзан гэж эрхэм байв. Монголбанкны кадр тэр эрхэм хэлэлцсэн асуудал, хэрэг явдал бүрт сонин содон байдлаар хандаж одоо бодоход Л.Гүндалай гишүүний аястай манаргаж явсан. Тэр сонгуулиар ардчилсан хүчин гарын таван хуруунд багтах мандат авахад өдгөөгийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг хөвсгөлчүүд гаргаж ирсэн юм.

УИХ-ын 1996 оны сонгуульд ардчилсан хүчин ялахад Э.Бат-Үүлийг нутгийн хөвгүүд болох Ш.Одонбаатар, Д.Бохьшарга, Д.Цогбадрах нарын хамт сонгож илгээсэн. Нутгийн гурав хэрэндээ бужигнуулсан. Үгүй ядахдаа Д.Бохьшарга нь сархад хүртээд Төрийн ордны 00-н хаалганы бариулыг тас мушгиж явав шүү дээ. Хөдөлмөрийн баатар, гавьяат хуульч Б.Чимид багшийг дөрөв, тавхан саналын зөрүүгээр унагаж гарч ирсэн нөхөр гэж байгаа. Засгийн газраа дөрөв солих завсар Ш.Одонбаатар Батлан хамгаалахын сайд хийгээд үзсэн. Хөвсгөлийн хэдэн гишүүн ер нь л дуулиантайхан дөрвөн жилийг үдсэн юм даг.

УИХ-ын 2000 оны сонгуулиар ардчилсан хүчин улсын хэмжээнд ганц суудал авахад хөвсгөлчүүд бие даагчаар эрхэм гишүүн Л.Гүндалайг сонгосон юм. Хожим АН-ын дэд дарга, Эрүүл мэндийн сайд хүртэл хийж явсан Л.Гүндалай гишүүн сая тойроггүй хоцрох шахаад ҮЗХ-ны хурал дээр 13 мэхийг уралдуулан байж нэр дэвших эрх салгасан. 2000 онд ганц бие даагч гишүүн Л.Гүндалай чуулганы нээлт болохоор л саарал дээлийнхээ өвөр, ханцуйнаас бичиг гаргаж ирээд тухайн үеийн Ерөнхий сайд, өдгөөгийн МАХН-ын дарга Н.Энхбаярын толгой дээр өргөөд зогсчихдог байсныг сонгогчид санаж буй байх. Сөрөг хүчингүй дөрвөн жилд парламентын танхимд Л.Гүндалай уриа лоозонтойгоо, Сүхийн талбайд Э.Бат-Үүл гишүүн тракторчидтой тэмцдэг байлаа. Түүнтэй хамт 2000 онд МАХН-ын гурав болох Ө.Энхтүвшин, өдгөөгийн Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Цэрэнжав, Сангийн яамны ажилтан Э.Гомбожав нар гарч ирсэн юм. Хөвсгөлийн МАХН /МАН/-ынхан ч намын шийдвэрийг дуугүй дагаад “Нам мэднэ” гээд ажин түжин явдаг нөхөд биш. Мань гурав хожмоо МАХН-ын дэргэдэх “Уламжлал-шинэчлэл, ардчилал-шударга ёс” жигүүрт багтсан юм.

УИХ-ын 2004 оны сонгуулиар Хөвсгөлөөс гарч ирсэн нөхөд ёстой нэг шуугиулсан. Л.Гүндалай АН-аас гарч Ард түмний нам, М.Энхсайхан АН-аа больж ҮШН-ыг байгуулан Б.Эрдэнэбат МАШСН буюу Монголын ардчилсан шинэ социалист намаа Эх орон нам болгон бужигнуулж нэг л олон намын дарга болцгоосон. Харамсалтай нь, “Миний Монголын газар шороо” хөдөлгөөний тэргүүн, эх орны газар шорооны төлөө тэмцэгч цэл залуухан эрхэм гишүүн О.Энхсайхан цаг бусаар хорвоог орхисон юм. Эсэн мэнд байсан бол УИХ-ыг доргиох түшээгийн нэг явах байв. Түүний оронд гишүүн Ө.Энхтүвшин нөхөн сонгуулиар гарч ирж байв.

УИХ-ын 2008 оны сонгуулиар Хөвсгөлийн цэнхэр тойрог цэнхэр улааныг ижилхэн тэнцүүлж АН, МАН /МАХН/-аас хоёр хоёр гишүүн гаргасан. Л.Гүндалай дуулианаа үргэлжлүүлж, Ө.Энхтүвшин, Ц.Даваасүрэн хоёр нэг хэсэг жигүүрээ “дэлгэсэн”. Арай аядуу байсан нь гишүүн Ц.Сэдванчиг. Хэдийгээр Хөвсгөлөөс сонгогдоогүй ч хоймор нутгийн улстөрч гэдгээрээ танил, МАН-ын лидерүүдийн нэг С.Баяр ч дуулиантай улстөрч.

Хөвсгөл эмэгтэй улстөрч олонтойгоороо бас онцлог. Хөвсгөл аймаг Монгол Улсын гурван баатартайн нэг нь Цэнд гэгч бүсгүй. “Жендэр сайтай” нутаг гэж хэлж болно. УИХ-ын гишүүн асан Х.Хулан, Гадаад хэргийн сайд асан Н.Туяа, одоо АН-аас нэр дэвшээд буй Ц.Оюунгэрэл, МАН-аас нэр дэвшигч Д.Сарангэрэл, Ж.Цолмон, ИЗНН-ын дэвшигч Ч.Базар гээд цаашаа явж өгнө. Бүгдээрээ л галтай бүсгүйчүүд.

Энэ удаагийн сонгууль Хөвсгөлд ширүүн болох магадлалтай. Дөрвөн мандаттай байсан энэ тойрог хоёрхон мандаттай болсон. АН-аас хуучин хоёр гишүүнээ дэвшүүллээ. Л.Гүндалай, Ц.Сэдванчиг нар мэдээж нутгаасаа даага хөтлөхийг бодно. МАН-аас МCS-ийн Л.Энх-Амгалан, УБЕГ-ын дарга асан Л.Мөнхбаатар нарыг сойв. Энэ хоёрын хувьд битүү нэр дэвшигчид. Яаж хурдлахыг намын ах нар нь зааж өгөх байлгүй. Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуягийг МАН нэр дэвшүүлэх гэж байсан ч АТГ бариад “аав”-ынд суулгачихсан. МАН-ын зүтгэлтэн Ө.Энхтүвшин намынхаа жагсаалтад багтаж, Ц.Даваасүрэн гишүүн МАН-аас гаран бие дааж нутгийн зүг жолоо залаад байна. Нам нь түүний гаргачихлаа гэж эрхэм гишүүн гонсойгоогүй, мөнөөх л нутгийн тэмцэгч зангаараа нутгаа зориод хатируулаад өгсөн.

Хөвсгөлийнхөн ардчилагч угшлаа дагаад АН-ын савыг хоосон буцаахгүй биз. Бас битүү нэр дэвшигчдээс шигшиж мэдэх юм. Ганц дайчин ганцаардахгүй гэгчээр бие даан гарч өрсөлдөж буй Ц.Даваасүрэн гишүүний чансаа сайн яваа дуулдана.

ИЗНН-аас Б.Дүгэржав, Г.Батпүрэв, МАХН-МҮАН-ын эвслээс Б.Санчир, Х.Батсайхан гээд бусад намын нэр дэвшигчид ч байна. Нам намын дэвшигчтэй, бие даагчтай 17 дугаар тойргоос хэн гэгч дуулиантай аавын хүү тодорч ирэх парламентыг шуугиулах нь ганцхан сарын дараа тодорно.

                            Д.ОЮУНЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж