Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын гол зорилтыг хэрэгжүүлэх, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулж, улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хангах үйл хэрэгт Зэвсэгт хүчний цэрэг, офицерүүд гар бие оролцож, энхийн төлөө хариуцлагатай үүрэг гүйцэтгэж байдгийг Төрийн нарийн бичгийн дарга Б.Батхишиг хэлсэн үгэндээ сайшаан тэмдэглэв.
Тэрээр Монгол Улс өнөөдөр НҮБ-ын энхийг сахиулагч хамт олны идэвхтэй гишүүн, цэрэг илгээгч томоохон улсын тоонд орж, монголын цэрэг дэлхий дахинаа нэрээ алдаршуулан, олон улсын хүндэтгэлийг хүлээж байгааг онцолж, дэлхийн халуун цэгүүдэд энхийн төлөөх үйлсэд үүрэг гүйцэтгэсэн, одоо ч гүйцэтгэж байгаа цэнхэр дуулгатан, цэрэг, офицерүүдэд талархал илэрхийлэв гэж ГХЯ-ны Олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
НҮБ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА БАН ГИ МҮН
ИЛГЭЭЛТ ИРҮҮЛЭВ
Монгол улс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 10 жилийн ойгоо тэмдэглэж буй энэ мөчид Та бүхэнд халуун баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлж байгаадаа туйлын баяртай байна.
Монголын цэнхэр дуулгатнууд Афганистан, Дарфур, Өмнөд Судан зэрэг хамгийн хүнд нөхцөлтэй ажиллагаанд оролцож байна. Аймшигт хэрцгийллийн хохирогчдод шударга ёсыг хүргэхээр ажиллаж буй Сьерра Льеоне дахь Тусгай шүүхийг хамгаалах чухал үүргийг Монгол Улс мөн гүйцэтгэсэн. Тогтвортой байдлыг бий болгоход нэн чухал үүрэгтэй эмэгтэй энхийг сахиулагчид, түүний дотор Монголын эмэгтэй цэнхэр дуулгатнуудад онцгойлон талархал илэрхийлье.
Дэлхий дахинаа нийт 17 ажиллагаанд алба хашиж буй 120 мянга гаруй энхийг сахиулагчдын алдарыг дуудах НҮБ-ын энхийг сахиулагчдын Олон улсын өдөртэй хамтатган Монгол Улс 10 жилийн ойгоо тэмдэглэж байгаад таатай байна.
Энэ өдөр бид амь эрсэдсэн энхийг сахиулагчдаа мөн эргэн дурсаж байна. Энхийн үйлсийн төлөө 2011 онд 112 энхийг сахиулагч эрс, эмэгтэйчүүд амиа алдсан. Өнгөрсөн жилүүдэд 2900 энхийг сахиулагч, түүний дотор хоёр монгол цэрэг үүрэгт албаа хашиж яваад амь эрсэдсэн. Өнөөдөр бид тэдний гэгээн дурсгалд хүндэтгэл үзүүлж, дайнд нэрвэгдсэн улс оронд тогтвортой байдлыг хангах тэдний үйл хэргийг цаашид үргэлжлүүлэхээ илэрхийлж байна.
Амь үрэгдсэн цэрэг дайчид маань олон үндэстний төлөөлөл байдаг нь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны хамтын хүчийг тэтгэх дэлхий нийтийн түншлэл юм гэдгийг тодоор сануулж байдаг.
Өнөөдөр нийт 116 гишүүн улс энхийг сахиулах ажиллагаанд цэрэг болон цагдаагийн албан хаагчдаа оролцуулж байна. Энэ нь хамтын аюулгүй байдлыг хангаж буй НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны үнэ цэнэ, түүнд дэлхий нийтээр итгэх итгэл үнэмшил улам нэмэгдэж буйн илэрхийлэл юм. Олон улсын хамтын нийгэмлэг өмнөө тулгарч буй шинэ сорилтуудаа шийдвэрлэхийн тулд НҮБ-д л хандаж, түүнд хэрхэн итгэж байдгийн тод жишээнд Сири улсад саяхан илгээгээд буй ажиллагааг нэрлэж болно.
НҮБ-ын энхийг сахиулах аливаа ажиллагааны туйлын зорилт нь тухайн ажиллагааг дуусгаж, хаахад оршдог. Бид тэр зорилтоо бүрэн биелүүлэхийн төлөө энхийг сахиулах ажиллагааг аль болох үр өгөөжтэй, үр дүнтэй байхад бүхий л хүч чармайлтаа дайчилдаг.
Энхийг сахиулах ажиллагааг явуулах боломжийг бүрдүүлж буй үүрэг гүйцэтгэгч цэрэг, цагдаа нарын хувь нэмэр болон санхүү, эд материалын дэмжлэг, туслалцаанд гүнээ талархаж байдаг. Түүнчлэн, улс төрийн дэмжлэг, манлайлал үзүүлж буй улс орнуудад дахин талархал илэрхийлэхийг хүсч байна.
Бүс нутгийн байгууллагуудын гүйцэтгэх үүрэг улам бүр өсөн нэмэгдэж байна. Тухайлбал, Дарфур болон Сомалид босогчдын армийн учруулж буй аюул заналын эсрэг тэмцэх үйлсэд Африкийн холбоо НҮБ-тай нягт хамтран ажиллаж байна. Энэ түншлэл нь олон улсын энх тайван, аюулгүй байдалд тулгарч буй өнөөгийн өргөн хүрээний сорилтуудыг шийдвэрлэхэд чиглэсэн НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа, түүнд байнга шаардагдаж байдаг уян хатан байдлыг хангахад дэм болж байна.
Энэхүү чухал ойгоо тэмдэглэж байгаа энэ мөчид амь насаа алдсан цэрэг дайчдаа хамтдаа эргэн дурсая!
Дэлхийн олон сая хүний итгэл найдварыг өвөртөлсөн цэнхэр дуулгатан бүрийн хувь нэмрээс бүрдсэн дэлхий дахины түншлэлийг улам бүр бататгахаа хамтдаа амлацгаая!