Ерөнхийлөгч мөн шаардлагадаа “Монголын Засгийн газар “Heritage Auctions”-ын төлөөлөгчид болон араг ясыг худалдсан хүнийг байлцуулан араг ясыг шинжлүүлэхээр энэ салбарын эрдэмтэн судлаачдыг ирэх зургадугаар сарын эхээр Нью Йорк руу илгээнэ” гэдгийг дурьджээ.
Араг ясыг дуудлага худалдаанд тавьсан нууц ноёнтны зөвшөөрсний дагуу “Heritage Auctions” “Тироннозавр Батаар”-ын араг ясыг шинжлэх ажилд хамтран ажиллахаа мэдэгдэж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн томилсон өмгөөлөгчид үлэг гүрвэлийн араг ясны гарал үүсэл, хадгалалт хамгаалалт болон тээвэрлэлттэй холбоотой мэдээллийг өгчээ. Монголын Засгийн газар соёлын үнэт өв, үлэг гүрвэлийн араг яс, чулуужсан олдворыг хилээр нэвтрүүлэхтэй холбоотой хуулийн англи орчуулгыг “Heritage Auctions” –нд илгээсэн байна.
“Тироннозавр Батаар” зөвхөн Монголын говиос олддог гэдгийг нотлохоор ажиллаж буй Монголын болон олон улсын палеонтологийн эрдэмтэн судлаачдын судалгааны үр дүн ирэх зургадугаар сарын эхээр гарах аж. Судалгааны үр дүнгийн талаар мөн Монгол Улсын Ерөнхийлөгч “Heritage Auctions” –д мэдэгдэх аж. “Тироннозавр Батаар” Монголын говиос олдсон гэдэгт олон улсын эрдэмтэн, судлаачид итгэлтэй байгаа юм.
Энэ хэрэг дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн томилсон өмгөөлөгч Роберт Пэйнтер гардан ажиллаж байгаа бөгөөд дуудлага худалдааг зарласан өдрөөс эхлэн энэ хэрэгт олон улсын анхаарлыг хандуулж чадсан билээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: “Монгол Улс АНУ-ын нэгэн адил хууль ёсыг дээдэлдэг, ардчилсан улс. Бид энэ маргаантай асуудлыг ойрын хугацаанд шийдэж, “Тироннозавр Батаар”-ыг худалдагч, дуудлагаар худалдсан “Heritage Auctions” болон Монголын ард түмний аль алинд ашигтай шийдэлд хүрнэ” гэжээ.