Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд гуравдугаар сард Япон улсад хийсэн албан ёсны айлчлалынхаа үеэр Монгол Улс үндэсний хиймэл дагуул хөөргөхтэй холбоотой асуудлуудыг түлхүү хэлэлцэж, энэ чиглэлээр хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зуржээ. Энэ хүрээнд өнөөдрийн арга хэмжээг МШХХТГ-аас зохион байгуулж байгаа юм. Тиймээс ч энэ үеэр гадаад, дотоодын төлөөлөгчдийн түлхүү онцолж байсан зүйл бол үндэсний хиймэл дагуулыг Япон улсаас нэвтрүүлж, сансарт хөөргөх байлаа. Энэ талаар Япон улсын бүтээсэн хиймэл дагуулан талаар Япон улсын хүнд үйлдвэрлэлийн товчооны Сансарын үйлдвэрлэлийн ажилтан Кацуяа Оканогоос тодрууллаа.
-Өнөөдрийн арга хэмжээнд сансрын холбоог онцолж байх шиг байна?
-Монголчууд хиймэл дагуул хөөргөх тухай ярьж эхэлж байна. Тиймээс үүнд мэдээлэл, зөвөлгөө өгөхөөр ирлээ. Хоёр орны хамтын ажиллагааны хувьд, хиймэл дагуул хөөргөхийн тулд хувьд дөнгөж эхний шатанд явж байна. Харин манай улсын технологиор бүтсэн хиймэл дагуулууд бэлэн болчихсон байгаа. Одоо бол Монгол Улсад ямар дагуул нь тохиромжтой болох талаар Монгол Улсын Засгийн газартай хэлэлцэж эхэлж байна.
-Хиймэл дагуулын онцлогийг тодруулаач?
-Цөөн үгээр, ойлгомжтойгоор хэлэхэд, холбооны хиймэл дагуул дэлхийгээс долгионоо явуулаад, дараа нь эргэн хүлээн авах тогтолцоотой гэж ойлгож болно. Ингээд сансрын холбооны тусламжтайгаар харилцаа холбоо тогтоох болон, байгаль цаг уурын урьдчилсан төлвийг тогтоох боломжтой юм.
-Тэгэхээр холбоо тасалдахад шавхагдашгүй нөөц хүч болно гэж ойлгож болох уу?
-Тэгэлгүй яахав. Монгол Улсын тухайд одоогийн үүрэн телефоны операторууд өөр улсын хиймэл дагуулыг ашиглаж, холбоо тогтоож байгаа гэсэн үг юм. Харин хиймэл дагуултай болвол энэ бүх асуудлыг дотоодоосоо шийдэж болно. Мөн тухайн нутаг оронд байгалийн гамшиг тохиолдвол холбоо барих агаарын долгион болон кабелийн холболт, шуудан ажиллагаагүй болдог. Тэгэхээр хиймэл дагуулыг сансарт хөөргөн байруулснаар ямар ч үед холбоо барьж чадах технологи юм. Өөрөөр хэлбэл, дэлхий дээр ямарваа гамшиг тохиолдвол сансрын холбоон тусламжтайгаар нэг нэгэнтэйгээ холбогдох, мэдээлэл түгээх боломжтой.
-Японы хиймэл дагуулыг өөр ямар улсад ашигладаг вэ?
-Манай хиймэл дагуулыг одоо Тайвань, Сингапур, Турк улс ашиглаж байна. Ер нь дэлхийн 50 гаруй орон сансрын хиймэл дагуултай бөгөөд үүнийгээ ашиглан, мэдээлэл холбоо болоод байгалийн гамшгаас сэргийлж, нөөц баялгаа хайж олдог юм.